sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Торх нефтийн үнэ дахин хэзээ ч 100 долларт хүрэхгүй. Ингэж үзэж буйгаа Саудын хааны гэр бүлийн хунтайж Аль-Валид ибн Талал Аль Сауд “USA Today” сонинд ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

“Хэрэв нефтийг зах зээлд урьдын түвшинд нийлүүлсээр байвал эрэлт нь сул хэвээр байна. Тиймээс нефтийн үнэ буурсаар байна гэж таамаглах хэрэгтэй. Нийлүүлэлтийн хэсгийг зах зээлээс эргүүлэн татвал эрэлт бага зэрэг нэмэгдэж, үнэ өсч магадгүй. Гэхдээ торх нефтийн үнэ дахин хэзээ ч 100 долларт хүрэхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж хунтайж ярилцлагадаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, нефтийн үнэ эрс унахад Саудын Арави ч бусад орон ч хүчтэй цохилтод орсон. “Ийм зүйл болно гэж хэн ч төсөөлж байгаагүй” гэж тэрбээр хэлжээ.

Хунтайж Аль-Валид нефтийн үнэ унасны шалтгааныг тайлбарлахдаа, нийлүүлэлтийн илүүдэл, хангалтгүй эрэлт гэсэн хоёр асуудал нэгэн зэрэг тулгарсанд анхаарлаа хандуулсан байна. “Иракт одоо ч их хэмжээний нефть олборлож байгаа. Түүгээр ч барахгүй иргэний дайн болж байгаа Ливид нефть олборлож байна. АНУ одоо занарын нефть, хий олборлож байна. Ийм учраас зах зээлд хэт үйлдвэрлэл үүссэн. Үүний зэрэгцээ нефтийн эрэлтэд сул байдал ажиглагдаж байна. Японы эдийн засаг тэг орчим үзүүлэлттэй байгааг бид бүгд мэдэж байгаа. Хятад 6-7 хувиар өснө гэж мэдэгдэж байна. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт хоёр дахин буурсан. Эдийн засаг нь 2 хувиас 1 хувьд хүрч буурна гэдгийг Германы эрх баригчид хоёр сарын өмнө хүлээн зөвшөөрсөн” гэж хунтайж тайлбарлажээ.

Ингэхдээ тэрбээр АНУ, Саудын Арави хоёр ОХУ-д шахалт үзүүлэхийн тулд нефтийн үнийг бага түвшинд тогтоон барьж байна гэх мэдээллийг “дэмий хоосон яриа” гэжээ. Түүний хэлснээр, Саудын Арави ямар ч нөхцөлд ийм зүйл хийхгүй, яагаад гэвэл Саудын Арави ч одоо Оросын адил хямарч байна. “Оросын эсрэг улс төрийн ямар ч хуйвалдаан зохион байгуулаагүй. Учир нь ийм зүйл хийвэл бид өөрсдийгөө хохирооно” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: