sonin.mn



НҮБ. /Prensa Latina/. Баруун Африкт тархсан “Эбола” вирустэй тэмцэхэд энэ оны эхний улиралд хэрэгцээтэй байгаа санхүүжилтийг бүрэн босгохын тулд нэг тэрбум доллар шаардлагатай байна гэж НҮБ мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валерий Амос болон “Эбола”-г дарах асуудал хариуцсан төлөөлөгч Дэвид Набаррогийн хэлснээр, энэ улиралд 1,5 тэрбум доллар хэрэгцээтэй байгаагийн 500 сая долларыг нь хэдийн босгожээ. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад тэд үг хэлэхдээ “2014 онд улс орнуудын хандивласан мөнгийг “Эбола”-гийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн Баруун африкийн Либери, Сьерра-Леон болон Гвинейд энэ вирус шинээр халдварлахыг багасгах арга хэмжээ авахад зарцуулсан” гэсэн байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, нийт 21600 гаруй хүн “Эбола”-гийн халдвар авсны 8600 орчим нь нас барсан юм. Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи болон АНУ-д мөн “Эбола”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Нигерийг эс тооцвол эдгээр улсад “Эбола”-гийн халдвар авсан 10-аас олон тохиолдол бүртгэгдээгүй. Нигерид 20 хүн халдвар авсны найм нь нас баржээ. Энэ нь маш хүнд өвчин бөгөөд өвчилсөн тохиолдолд амьд үлдэх магадлал тун бага юм.

Уг вирус нь араатан амьтдаас хүнд халдварлаж, улмаар хүнээс хүнд дамждаг аж. Вирусийн гаралтай энэ өвчин хамгийн анх ширэнгэн ойд ойрхон Төв Африкийн алслагдсан тосгодод тархаж байжээ. Гэхдээ сүүлийн тархалтад Баруун Африкийн томоохон хот, суурин газар болон хөдөө орон нутгийн аль аль нь нэрвэгдсэн юм. Одоогийн байдлаар, энэ өвчнийг эмчлэх ямар нэг эм, вакцин байхгүй байгаа бөгөөд зөвхөн “тайвшруулах, эрчимт эмчилгээ” хийж байна.      

Г.Доржханд