sonin.mn

Өртэй монголчууд өөдлөх үү, уруудах уу гэдэг ацан шаланд бид улсаараа орчихоод байгаа цаг үе. Тэгвэл юун өөдлөх бүр уруудах зам руугаа орж байна. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн хугацаанд монголчууд гадны өндөр хөгжилтэй улс орноос зөвлөх үйлчилгээ гэх нэртэй асар үнэтэй хууль зүйн болон эрх зүйн тусалцаа үзүүлэх үйлчилгээг авч түүнээс нь маш олон хүн мөнгө цохиж байсан үе ч бий.

Ингээд зөвлөх үйлчилгээтэй холбоотой хэд, хэдэн жишээг дурьдахад Тухайлбал, төрийн өмчит компани болох “МТЗ” 2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр АНУ-ын алдарт "McKinsey& company” гэдэг ком­панийг Далан­­задгад-Чой­­бал­сан­­гийн чиг­­лэлийн 1100 км замын зөвлөхөөр авч байсан. Энэ зөвлөх компанийн ажлын хөлс жилийн 5.650.000 ам.доллар болж байсан.

Тухайн үед дансандаа 200 сая төгрөгтэй “МТЗ” төрийн өмчит компани энэ их төлбөрийг яаж төлөх вэ гэсэн асуудал гарч байсан. Ингээд тус газар тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсөний эцэст гурван илчит тэргээ банканд барьцаалан 5.650.000 ам.долларыг зөвлөх багт өгөхөөр болсон байдаг. Гэтэл уг компани нь жил хүрэхгүй хугацаанд “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-г хийж өгчихөөд алга болж байсан түүхтэй. Мөн “МИАТ” компани Хонгконгийн “Seabury”,гэх зөвлөх үйлчилгээний компаниас бизнес төлөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээг авч байсан.
 


Тухайн үед дээрх хоёр том газрыг асар өндөр өртгөөр зөвлөх үйлчилгээ авлаа хэмээн хэл ам гарч байсан. Тухайн үед эх баригчид ийм өндөр үнэтэй үйлчилгээг авч яадаг юм. Манайд нэртэй сайн, сайн хуулийн фирм болон зөвлөгөө өгөх олон хуульч нар бий хэмээн хөхөө шиг донгодож байсан цаг саяхан.

Тэгвэл өчигдрийн хамгийн дуулиан тарьсан нэг сэдэв нь “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс 17 тэрбум төгрөгөөр эрх зүйн зөвлөх үйлчилгээ авах болсон нь хамгийн халуун сэдэв хийгээд олны анхаарлыг татсан үйл явдал боллоо. Уг нь дээр хэлсэнчлэн бид Америкийн хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авах нэрээр их хэмжээний валют урсгасан. Энэхүү үйлчилгээ нь бидэнд ач тусаа өгсөн нь амьдрал дээр огт харагдахгүй байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Тиймээс л монголчууд бид өөдлөх үү, уруудах уу гэдэг хэлц үг гарчихаад байна.

Манай эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй байгаа энэ үед эх баригчид ямар нүдээр харж энэхүү 17 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээг авах болов гэдэг нь ч хачирхалтай. Гэхдээ энэхүү төслийн ажлыг маш олон гишүүд эсэргүүцэж ард түмнээсээ санал асуулга хүртэл явуулж эхлээд байна. Хачирхалтай нь заавал ч үгүй гадны компанид энэхүү 17 тэрбум төгрөгийг өгч байгаа нь нөгөө л нэг мөнгө төгрөгний өгөө, авааны асуудалтай холбоотой байж ч мэднэ. Уг нь энэ оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн.



үүнээс нь дээрх 17 тэрбум төгрөгийг АНУ-ын” Painter Law Firm" компаниас хуулийн эрх зүйн зөвлөгөө авахад зориулж төсөвлөсөн байгаа юм. Эл компанийн нэрийг харахад яалт ч үгүй монолчуудын бидний эчнээ танил компани болж харагдаад байна.

Тодруулбал, тус хуулийн зөвлөх компани нь алдарт Батаарын ясны асуудлаар баахан хөлс мөнгө авч байсан гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Юутай ч энэ бүхнээс харахад манай улсын эдийн засаг тэгтлээ их дордоогүй бололтой гэж ойлгож ч болохоор. Угаасаа хасаж болох бүхий л зүйлийг танаж, шаардлагагүй гэж үзэж болох бүх л зардлыг багасгах бодлого барьж байгаа. Нэгэнт улсаараа бүсээ чангалах горимд шилжчихээд байгаа энэ үед гадны хуулийн фирмд өгөх мөнгөө дотооддоо авч үлдээд өөрсдийнхөө мундаг гэсэн боловсон хүчнүүдээс хуулийн үйлчилгээ авч болдоггүй юм байх даа гэсэн бодол төрөхийг нуух юун. Аль эсвэл нөгөө нэг мундаг одон гавьяа шагнал аваад байсан эрдэмтэн, докторууд маань “Эрдэнэс Оюултолгой” ХХК-д зөвлөгөө өгч чадахгүй боловсрол нимгэнтэй хүмүүс юм бол уу.

Хэдийгээр өндөр хөгжилтэй Америк мэтийн улс оронд 17 тэрбум төгрөг зүгээр л чихрийн цаас ч байж мэднэ. Гэхдээ энэ нь манай улсын эдийн засагт нэлээн их хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө байлтай.


Эх сурвалж: