sonin.mn

Манай хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ өдөр тутам хуулиа ноцтой зөрчинө, тэгээд түүнийхээ араас хуулиа засдаг гажуудлыг бий болгоод уджээ. Хаа сайгүй л “би хуульч” хэмээн цээжээ дэлдэгсэд олон байдаг ч энэ тухай сэхээрсэн нь үгүй. Сүүлийн жишээ гэвэл Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-тэй тэнцэх хэмжээнээс хэтэрч, хуулиа зөрчсөн. Үүнийг саяхан хэлэлцэж хуульд нь нийцүүлж байх жишээтэй. Ийм л УИХ ажиллаж байна. Тэд өөрсдийнхөө бизнест зориулсан таатай хууль, нөгөө бол гадныхны гар хөл бологсод нь тэдэнд зориулсан хуулийн төсөл санаачилж суудаг тийм л газар болжээ.

 Хамгийн сүүлийн жишээ гэвэл УИХ-ын дарга З.Энхболд нар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэр гаргаадхав. Гэтэл энэ нь бас л хуулиа зөрчсөн хэрэг боллоо. Тодруулж хэлбэл, эхлээд агентлагийг татан буулгаад харин одоо хуулийг нь хэлэлцэх гэж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд, цагаан дээр хараар бичсэн Цөмийн энергийн хуулийн заалтыг ноцтой зөрчээ. Ерөөсөө Засгийн газар хэмнэлт нэрээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан цөмийн салбарын амыг нь барьж байна. Монгол Улсын цөмийн салбарт урьд өмнө гарч байгаагүй шинэ шатанд гарч ирсэн байгууллагын үүдийг хааж байна гэдэг Засгийн газар өөрөө ухралт хийж байна гэсэн үг. Тэгэхээр энэ алдаагаа бага дээр нь засч авах зайлшгүй шаардлага бий боллоо.

Нэг агентлаг газар бүү хэл арваар нь татан буулгасан ч энэ хямрал чинь илааршихгүй, гагцхүү ухаалаг шийдвэр, зөв зам л энэ хямрлаас гаргаж чадна гэдгийг даанч ойлгохгүй юм. Нийгэмд үнэтэй байр суурь эзлэх төдийгүй дэлхийн дэвжээнд ч Монгол Улсын байр суурийг илэрхийлж байх учиртай Цөмийн энергийн газрыг татан буулгаж хэмнэлт хийж байна гэнэ. Тэгсэн хэрнээ яамдын тоо, сайдын тоог нэмж байх жишээтэй. Хэн нэгэн дурын дарга сайд нарын тоглож байдаг байгууллага бол цөмийн салбар биш. Энэ бол дэлхийн нийтийн анхааралд орсон салбар, Монгол Улсын нүүр царайг ирээдүйд дэлхийн хэмжээнд тодорхойлж өгөх учиртайг санаагүй бололтой. Тэгэхээр хууль зөрчсөн энэ алдаагаа бага дээр нь засч залруулах нь хууль тогтоох дээд байгууллагын эрхэм үүрэг болжээ.

Гэтэл УИХ маань Цөмийн энергийн хуулиа өөрчлөөгүй байж бүтцийн өөрчлөлтийн жагсаалтаас тус агентлагийг хасч, өнөөдөр болохоор энэхүү хууль зөрчсөн ажиллагаагаа Засгийн газар руу тохож суух юм даа, хөөрхий. Өнөөх хуульч хэмээн цээжээ дэлдэгсэд маань яагаад Үндсэн хуулийн цэцэд хандахгүй байгаа юм бэ. Ийм ноцтой алдаа дутагдал гарч байхад тангараг өргөсөн хуульчид маань “нүдэн балай чихэн дүлий” сууж боломгүй санагдах юм.
 
Уг нь манай УИХ-д хуулиа дээдэлдэг бололтой хэдэн “эх орончид” байдаг сан. Бүгд л чимээгүй суух юм. Өдөр бүр л хамтрагчдынхаа хууль зөрчиж байгааг тоть мэт давтаж байдаг хэрнээ хамгийн чухал зүйлийг нь олж хараад дуугарахгүй юм даа. Монгол Улсын эдийн засаг, гадаад дотоод харилцааг үлэмж хувиар эерэг талд эргүүлж чадах энэ салбарт хойд эхийн зангаар хандвал бид өөрсдөө ухралт хийж байгаа гэсэн үг. Бүр цаашлуулбал, үндэсний аюулгүй байдалд ч үлэмж нөлөөлөх энэ салбарыг татан буулгана гэдэг дэлхий нийтийн өмнө шившигээ хутгаж байгаа юм.

Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах тухай бид амаа цангатал ярьдаг ч нэн тэргүүнд хөгжүүлэх ёстой салбараасаа татгалзаж байгаа нь даанч харамсалтай. Цөмийн салбаргүйгээр дэлхийн хэмжээний хөгжил яриад ямар ч хэрэггүй биз дээ. Энэ салбаргүйгээр хөгжсөн ямар улс орон байна вэ. Бидний хамгийн сайн мэдэх япончууд дэлхийд техник технологиороо гайхагдах болсны шалтгаан нь цөмийн салбар шүү дээ. Энэ салбараа хөгжүүлсэн улс гүрэн дэлхийд гайхуулж байгааг бид бүгдээрээ мэднэ. Тэгэхээр манай УИХ, Засгийн газар энэ том алдаагаа асар оройтоогүй дээрээ засч залруулах нь зүйн хэрэг боллоо.

 
Н.Дөл
Эх сурвалж