sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Программ хангамжийн “Microsoft” компани “Windows 10” үйлдлийн системээ үнэгүй ашиглуулахаар төлөвлөжээ. Тус компани “Windows 7, 8”-тай компьютер болон “Windows”-той гар утсанд энэ шинэчилсэн үйлдлийн системээ үнэгүй ашиглуулах ажээ. Гэхдээ уг системийг гарсан өдрөөс хойш эхний жил л үнэгүй ашиглах боломжтой. “Windows 10” үйлдлийн систем нь өмнөх загварын системүүдийн нэгэн адил ухаалаг гар утас, суурин компьютер гээд бүх төхөөрөмжид ажиллана. Дуу хоолойны хяналт, дэлгэцэн дээр шууд бичиж, шивэх горим зэрэг шинэлэг зүйлүүдийг уг үйлдлийн системд суулгасан байна.

“Microsoft” компани нь компьютерын үйлдлийн системийн зах зээлд хамгийн том байр суурь эзэлдэг боловч ухаалаг утас, таблетийн хувьд үнэгүй үйлдлийн системээр хангадаг “Apple”, “Google” компаниудаас хол хоцорч байна. Үйлдлийн системээ үнэгүй ашиглуулах стратегийн бодлого нь үүссэн нөхцөл байдлыг орвонгоор нь өөрчилнө гэж “Microsoft” найдаж байгаа бөгөөд “Windows 10” үйлдлийн системээ энэ жилийн хоёрдугаар хагаст гаргахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: