sonin.mn



ВАШИНГТОН./Sputnik/. Цөмийн аюулгүй байдлын салбар тэр дундаа плутонийн илүүдлийг устгах хамтын ажиллагаагаа АНУ, ОХУ хоёр цаашид үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газрын /NNSA/ хэвлэлийн төлөөлөгч Деррик Робинсон “РИА Новости” мэдээллийн агентлагт мэдэгджээ.

"Плутонийн илүүдлийг устгах талаар АНУ, ОХУ үргэлжлүүлэн хамтран ажиллана. АНУ болон ОХУ-ын хооронд байгуулсан Плутонийн удирдлага, устгалын гэрээгээр энэ хамтын ажиллагааг зохицуулна” гэдгийг тэрбээр дурдав. ОХУ-ын “Росатом” байгууллага цацраг идэвхт бодисын нөөцийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн техникийн хамтын ажиллагааг 2018 он хүртэл үргэлжлүүлэн явуулна гэж Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газар найдаж байна гэж Робинсон мэдэгджээ.

Мөн тэрбээр “ОХУ-аас үйлдвэрлэсэн ураны өндөр агууламжтай баяжмалыг гуравдагч орноос буцаан татах талаар компаниуд хамтран ажиллана. Цөмийн аюулгүй байдал, тээврийн аюулгүй байдал, сургалт болон зохицуулалт зэрэг асуудлаар хоёр тал санал солилцоно” хэмээн нэмж хэллээ.

Цөмийн аюулгүй байдлыг хангах асуудлаарх Америк-Оросын хамтын ажиллагаа 2015 оныг дуустал үргэлжилнэ гэж “Росатом” өчигдөр мэдэгдсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ОХУ-ын Цөмийн аюулгүй байдлын нэгдсэн хөтөлбөрийг цөмийн эрчим хүч, аюулгүй байдал хариуцсан ажлын хэсэг шалгасан боловч 2014 оны гуравдугаар сард АНУ-ын Төрийн департамент уг ажлыг зогсоожээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: