sonin.mn

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд, дэмжигчид Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьсан урт нэртэй  хуулийн дагаж мөрдөх журманд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан авахыг шаардаж албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Уг хуулийн дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулна гэж байгаа нь урт нэртэй  хуулийг бүхэлд нь хүчингүй болгох нэг арга юм. Учир нь  дагаж мөрдөх журмын тухай хуулийн эхний заалтад хуулинд хамрах тусгай зөвшөөрлүүдийг 5 сарын хугацаанд цуцална гэх анхны зохицуулалт бий. Тус зохицуулалтыг өөрчилбөл нөгөө тусгай зөвшөөрөл эзэмшигч дахиад орд ашиглахаа үргэлжлүүлмээр байна гэвэл тэр хүсэлтийн дагуу зөвшөөрөл өгөөд ажиллуулна гэсэн үг. Тэгэхээр энэ нь ард иргэдийг өнгөн талд нь хуурч буй асуудал хэмээн үзэж буйгаа хуульч Г.Дашдэмбэрэл хэллээ.

Мөн 2009 онд баталсан тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрууд хамгаалалтанд орж уул уурхайн компаниудын олборлолтын үйл ажиллагаа түр зогссон. Үүний үр дүнд 2011 оны усны тооллогын дүнгээр ширгэсэн гол горхи 551, нуур тойром 483 болж буурсан юм. Гэвч тус хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүйн улмаас зарим аймаг сумдад усны хомсдол нүүрлэх аюул тулж ирээд байна. Энэ талаар нэг л жишээ дурдахад  Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд жилийн дунджаар тооцвол 1 литр усыг 18 төгрөгөөр худалдан авч байна. Учир нь тэд холоос ус тээвэрлэж буй учраас ийм үнэтэй ус хэрэглэдэг. Тэднийг усгүйдэх гол шалтгааныг уул уурхай тавьсан  хэмээн гол нууруудын хөдөлгөөний тэргүүн Д.Ганболд ярив.

Тус хөдөлгөөнийхөн  уул уурхайг хөгжүүлэхэд бид саад хийх гэсэнгүй зөвхөн урт нэртэй  хуулийг хэрэгжүүлэхийн төлөө шаардлагаа төр засгийн удирдлагуудад хүргүүлж байна. Дээрх шаардалгын хариуг долоо хоногийн дотор авна хэмээн мэдэгдэв.

Г.Оюунбат

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг