sonin.mn

Мал эмнэлэг үржлийн газрын дарга М.Галбадрах нь төрийн албаны ёс зүйг алдагдуулж, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халж байна хэмээн  Б.Цолмон, Д.Мөнхтуяа нар хэвлэлийнхэнд хандлаа.

Б.Цолмон ярихдаа, “Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан. Намайг ямар ч үндэслэлгүйгээр 2014 оны 4 дүгээр сард  МЭҮГ-ын дарга М.Галбадрах ажлаас халсан. Үндэслэлгүйгээр халсныг нь баталсан 2 шатны шүүхийн шийдвэр гарсан” гэлээ. Харин Д.Мөнхтуяа нь 2012 оноос МЭҮГ-т ажиллаж байгаад жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө аван 2014 онд эргэн ажилдаа орох гэтэл албан тушаалыг нь бууруулжээ.

Тэд ярихдаа, “Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халах нь зөвхөн манай байгууллагад байдаг асуудал биш юм. Улсад ажиллаж буй олон төрийн албан хаагчдад ийм асуудал тулгардаг. Сонгууль болсны дараа шинэ дарга ирдэг. Аль нэг намын томилгоотой этгээдүүд албан тушаалд очсоныхоо маргааш нь л хамтарч ажиллах баг бүрдүүлэх нэрээр жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчдыг танил тал, намын харъяалалаар нь гадуурхан ажлаас нь халдаг байдал хавтгайрч байна. Тиймээс  бид энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна” гэлээ.

 Г.Оюунбат

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг