sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.01.23.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 20 цагаас үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.

Тус байнгын хороо чуулганы завсарлагаар хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Эдгээр хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тогтов.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж олонхын дэмжлэг авсан асуудлуудыг төсөлд нэгтгэж, эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулав. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0-90.0 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Дараа нь Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Ингээд тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гарсангүй. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.