sonin.mn

И.В.Сталины 1950 оны 6 дугаар сарын 20-нд “Правда” сонинд бичсэн “Марксизм ба хэл шинжлэлийн асуудал. Марксизм хэл шинжлэлд хандах нь” хэмээх алдарт өгүүллийг монголчууддаа толилуулж байна. Би Сталиныг магтаад сурталчлаад байгаа юм биш. Энэ өгүүлэлд хэл шинжлэлийн бараг бүх асуудлыг бүхэллэг, цогц систем болгон авч үзсэнд түүний ач холбогдол байдаг юм. Ийм болохоор энэ бүтээлийг өнөө үед ч гэсэн барууны их дээд сургуулиудад үзэж судалдаг. Одоо ч гэсэн хэл шинжлэлийн асуудлыг ингэж цэгц системтэй, өндөр дээд түвшинд нэгтгэн дүгнэсэн ийм бүтээл ховор байдаг. Манай хэл шинжлэл бараг сөнөөд байгаа нь тулгамдсан асуудлыг ийм өндөр түвшинд нэгтгэн дүгнэж чадаагүй байгаатай, мөн ийм оролдлого хийхгүй байгаатай холбоотой. Дашрамд энэ өгүүлэлд “бут авсан” Н.Я.Марр бол орос, зөвлөлтийн нэрт эрдэмтэн байсан агаад Сталин түүнийг нас барснаас 15 жилийн дараа энэхүү шүүмжлэлт өгүүллээ бичсэн юм. Энэ өгүүллийг олон дахин сайтар уншвал манай хэл шинжлэлийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга замыг олж болно гэж бодож байна. Гагцхүү бид энэ түвшинд хүрч маргаж, сэтгэж, үйлдэж сурах л хэрэгтэй дээ. Сталинд яаж ч хандаж болох боловч түүний энэ бүтээл онолын социологи, хэл шинжлэлийн онолын сонгодог бүтээлд зүй ёсоор ордог гэдгийг би онцлон дурдаж байна.

МАРКСИЗМ БА ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН АСУУДЛУУД.


Марксизм хэл шинжлэлд хандах нь.


Манай хэсэг залуу нөхөд надад хандан хэл шинжлэлийн асуудал, ялангуяа марксизм хэл шинжлэлд хэрхэн хандах тухай асуудлаар саналаа хэлэхийг хүссэн юм. Би хэл шинжлэгч биш учраас нөхдүүдийн санааг бүрэн хангах нь юу л бол. Харин хэл шинжлэл хийгээд нийгмийн бусад шинжлэх ухаанд марксизм хэрхэн хандах тухай асуудалд бол би шууд хамаатай. Ийм учраас эдгээр нөхдийн тавьсан хэд хэдэн асуултад хариулахыг би зөвшөөрсөн юм.


Асуулт: Хэл бол суурийн дээр байх давхарга гэдэг нь үнэн үү ?
Хариулт: Үгүй, буруу.
Суурь бол хөгжлийн тухайн шатандаа байгаа нийгмийн эдийн засгийн байгуулал мөн. Харин давхарга бол нийгмийн улс төр, эрх, шашин, уран сайхан хийгээд гүн ухааны үзэл бодол, түүнчлэн эдгээрт тохирсон улс төр, эрхийн болон бусад байгууллагууд мөн.
Аливаа суурь нь өөрийн гэсэн, түүндээ тохирсон давхаргатай байдаг. Феодалын байгууллын суурь өөрийн давхарга, өөрийн гэсэн улс төр, эрхийн хийгээд бусад үзэл бодол, түүндээ нийцсэн байгууллагуудтай, капиталист суурь өөрийн давхаргатай, социалист нь бас л өөрийн гэсэн давхаргатай. Хэрэв суурь өөрчлөгдөж, устах аваас түүнийг дагалдан давхарга ч гэсэн өөрчлөгдөж, устана, хэрэв шинэ суурь төрж байвал түүнийг дагалдан харгалзах давхарга ч гэсэн төрөх болно.
Энэ утгаараа хэл нь давхаргаас уг язгуураараа ялгагдана. Үүний жишээ болгон оросын нийгэм, орос хэлийг авч үзэж болно. Сүүлийн 30 жилийн дотор Орост хуучин, капиталист суурийг устгаж, шинэ, социалист суурийг байгуулсан. Харгалзаад капиталист суурь дээр байсан давхаргыг устгаж, социалист суурь дээр үндэслэсэн шинэ давхаргыг байгуулсан. Улмаар хуучны улс төр, эрхийн болон бусад байгууллагуудыг шинэ, социалист байгууллагуудаар сольсон. Гэтэл энэ бүхэн болсон хэдий ч орос хэл үндсэндээ Октябрийн эргэлтээс өмнө ямар байсан, тэр хэвээрээ үлдсэн.
Энэ үед орос хэлэнд юу өөрчлөгдсөн бэ ?
Орос хэлний үгийн бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн, гэхдээ шинэ социалист үйлдвэрлэлийн харилцаа үүссэнтэй холбогдсон, шинэ төр улс, шинэ социалист соёл бий болсонтой холбогдсон, эцэст нь техник, шинжлэх ухааны өсөлттэй холбогдон үүссэн шинэ үг, илэрхийллээр орос хэл ихээхэн баяжсан; шинэ утга санаатай болсон олон үг хийгээд илэрхийллийн утга санаа өөрчлөгдсөн; нэлээд хэмжээний хуучирсан үг толь бичгээс алга болсон.
Харин үгсийн үндсэн сан хийгээд орос хэлний үндсийг бүрдүүлэгч найруулга зүйн байгууламж капиталист суурийг устгасны дараа устгагдаж, толь зүйн шинэ үндсэн сан болон найруулга зүйн шинэ байгууламжаар солигдоогүйгээр үл барам, харин ч урвуугаар ямар нэг онцгой өөрчлөлтгүйгээр бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн ба чухамхүү орчин үеийн орос хэлний үндэс болон одоо хадгалагдаж байна.


Цаашаа. Давхарга сууриас төрдөг, гэхдээ энэ нь давхарга зөвхөн суурийг тусгаж, идэвхигүй, төвийг сахисан, түүнчлэн суурийн хувь заяанд, ангиудын хувь заяанд, нийгмийн байгууллын шинж чанарт нөлөөлдөггүй гэсэн хэрэг огт биш. Харин ч урвуугаар давхарга бий болмогцоо асар их идэвхтэй хүчин болдог бөгөөд өөрийн суурийг хэлбэржүүлэх, бэхжүүлэхэд идэвхтэй нөлөөлж, хуучин суурь, хуучин ангийг эцэс болгох, устгахад шинэ байгуулалдаа туслах бүхий л арга хэмжээг авдаг юм.
Үүнээс өөрөөр байж болохгүй юм. Давхаргыг суурь бүтээдэг, давхарга суурьтаа үйлчилж, суурийг хэлбэржиж, бэхжихэд нь туслаж, үеэ өнгөрөөсөн хуучин суурийг давхаргатай нь хамт устгахын төлөө идэвхтэй тэмцдэг болгохын тулд суурь нь давхаргаа бүтээдэг.
Хэрэв давхарга албан ёсны энэ үүргээсээ татгалзах юм бол, хэрэв өөрийн суурийг идэвхитэй хамгаалах байр сууринаас түүнд ялгаваргүй хандах байр сууринд шилжих юм бол, хэрэв бүх ангиудад ав адилхан байр сууринаас хандах юм бол энэ давхарга өөрийн шинж чанарыг алдаж, давхарга байхаа болихсон билээ.
Энэ утгаараа хэл бол давхаргаас уг язгуураараа ялгаатай. Хэл бол аль нэг суурь, тухайн нийгмийн дотоод дахь хуучин, шинэ сууриас бий болоогүй, харин олон зууны туршид нийгмийн түүх хийгээд сууриудын түүхийн бүхий л үйл явцаар бий болсон юм.
Хэлийг ямар нэг анги бүтээгээгүй, харин бүхий л нийгэм, нийгмийн бүхий л ангиуд, олон зуун үеийн хүч чармайлтаар бий болсон. Хэл бол ямар нэг ганц ангийн хэрэгцээг хангах гэж бүтээгдээгүй, харин нийт нийгэм, нийгэм дэх бүх ангийн тулд бүтээгдсэн.
Чухам ийм учраас хэл бол нийгмийн хувьд нэгдмэл, нийгмийн бүх гишүүдийн хувьд нийтлэг, нийт ард түмний хэл байдаг юм. Ийм болохоор хүмүүсийн харилцах хэрэгсэл болсон хэлний албан ёсны роль нь нэг ангийг хохируулан нөгөө ангид үйлчлэх явдал биш, харин нийт нийгэмд үйлчлэх, нийгмийн бүх ангид үйлчлэх явдал мөн. Энэ нь хэл бол хуучин, мөхөж буй байгуулалд ч, шинэ, өндийн босож буй байгуулалд ч, хуучин суурьт ч, шинэ суурьт ч, мөн мөлжигчид ч, мөлжүүлэгчид ч адилхан үйлчилдгээр тайлбарлагдана.
Орос хэл Октябрийн эргэлтээс өмнө оросын капитализм, оросын хөрөнгөтөнд маш сайн үйлчилж байсантайгаа адил одоо ч гэсэн социалист байгуулал, оросын нийгмийн социалист соёлд үйлчилж байгаа нь хэнд ч нууц биш.
Яг ийм зүйлийг хуучин хөрөнгөтний байгуулалд сайтар үйлчилж байсан шигээ эдүгээ шинэ, социалист байгуулалд үйлчилж байгаа украин, белорусс, узбек, казах, грузин, армян, эстон, латви, литов, молдав, татар, азербайжан, башкир, туркмен болон зөвлөлтийн бусад үндэстний хэлний хувьд хэлж болно.
Үүнээс өөрөөр байж болохгүй юм. Хэл бол хүмүүсийн харилцааны зэвсэг байдлаар нийт нийгэмд бүхэлд нь үйлчлэхийн тулд, нийгмийн бүх гишүүдэд нийтлэг байж, нийт нийгэмд нийтлэг байхын тулд, нийгмийн гишүүдэд ангийн ялгаваргүй жигд үйлчлэхийн тулд оршин байдаг, үүний тулд бүтээгдсэн юм.
Хэрэв хэл нийт ард түмний энэ байр сууринаасаа гарах юм бол, хэрэв хэл нийгмийн аль нэг бүлгийг дэмжиж, нийгмийн бусад бүлэгт хохирол учруулах юм бол тэрээр нийгэм дэх хүмүүсийн харилцах хэрэгсэл болох шинж чанараа алдаж, нийгмийн ямар нэг бүлгийн өвөрмөц хэлц (жаргон) болон хувирч, саармагжин, устаж үгүй болохсон билээ.
Энэ утгаараа хэл бол давхаргаас зарчмын хувьд ялгаатай, гэхдээ үйлдвэрлэлийн хэрэгсэл, тухайлбал, капиталист байгуулалд ч, социалист байгуулалд ч адилхан үйлчилдэг машинаас үл ялгагдана.
Цаашаа. Давхарга бол тухайн эдийн засгийн суурь амьдарч, үйлчилж буй нэг л эрин үеийн бүтээгдэхүүн юм. Ийм учраас давхарга удаан байдаггүй, тэрээр тухайн суурь алга болж устахтай хамт алга болж устана.
Харин хэл бол цуварсан олон эрин үеийн бүтээгдэхүүн бөгөөд энэхүү урт удаан үед хэлбэржиж, баяжиж, хөгжиж, хурцлагдаж байдаг. Ийм учраас хэл бол ямар ч суурь, ямар ч давхаргаас хавьгүй урт амьдардаг. Энэ нь зөвхөн нэг суурь, нэг давхарга төрж, устах төдийгүй, хэд хэдэн суурь хийгээд түүнд тохирох хэд хэдэн давхарга төрж устсан ч түүхэнд тухайн хэл устаж, түүний бүтэц устахад хүрдэггүй, үгсийн шинэ сантай, найруулга зүйн шинэ байгуулалжтай шинэ хэл үүсэхэд хүрдэггүй.
Пушкиныг нас барснаас хойш зуу илүү жил болжээ. Энэ хугацаанд Орост феодалын байгуулал, капиталист байгуулал устаж, шинэ гурав дахь социалист байгуулал үүссэн байна. Хоёр суурь давхаргынхаа хамт устаж, шинэ, социалист суурь давхаргын хамт үүсчээ. Гэхдээ орос хэлийг жишээ болгон авбал цаг хугацааны энэ урт хэрчимд ямар нэг том өөрчлөлтөд орсонгүй, орчин үеийн орос хэл Пушкины хэлнээс бүтцийн хувьд тун бага ялгагдана.
Энэ хугацаанд орос хэлний юу нь өөрчлөгдсөн бэ ?
Энэ хугацаанд орос хэлний үгийн бүтэц ихээхэн нэмэгдсэн; үгийн бүтцээс олон тооны хуучирсан үг хасагдсан; маш олон үгний утга санааны ач холбогдол өөрчлөгдсөн; пушкины үеийн хэлний дүрмийн байгуулалт, үгсийн үндсэн сантай харьцуулахад өнөөгийн дүрмийн байгууламж сайжирсан, гэхдээ л хэл маань бүх зүйл дээр хэвээрээ үлдэж, орчин үеийн орос хэлний гол үндэс болон хадгалагдсан.
Энэ нь ойлгомжтой юм. Үнэн хэрэг дээрээ эргэлт болгоны дараа оршин буй хэлний бүтэц, түүний дүрмийн байгууламж, үгсийн үндсэн санг давхаргад голдуу байдаг шиг устгаж, шинээр солих юунд хэрэгтэй билээ ? “Ус,, “газар”, “уул”, “ой”, “загас”, “хүн”, “явах”, “хийх”, “үйлдвэрлэх”, “худалдах” гэх мэтийг ус, газар, уул биш гэж өөрөөр нэрлэх хэнд хэрэгтэй юм ?
Оршин буй дүрмийн дагуу биш, харин цоо өөр дүрмээр хэлэн дэх үгс, өгүүлбэр дэх үгсийн зохицлыг өөрчлөх нь хэнд хэрэгтэй юм ? Хэлэн дэх ийм эргэлтээс хувьсгал юу хожих юм ?
Түүх бол ямар нэг онцгой шаардлага байхгүй бол ямар нэг гоц гойд юм хийдэггүй. Оршин буй хэл өөрийн бүтцийн хамт үндсэндээ шинэ байгууллын хэрэгцээг бүрэн хангаж чадна гэж нотолсон бол хэлний ийм эргэлт хийх ямар зайлшгүй шаардлага байгаа юм ? гэсэн асуулт гарна. Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжилд талбар гаргаж өгөхийн тулд хуучин давхаргыг хэдхэн жилийн дотор устгаж, түүнийг шинээр сольж болно, ингэх ч хэрэгтэй, гэхдээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр, нийгэм задрах аюул тарихгүйгээр хэдхэн жилийн дотор хуучин хэлийг устгаж, шинэ хэлийг хэрхэн бүтээх билээ ? Донкихотуудаас өөр хэн ийм зорилт тавих бил ээ ?
Эцэст нь давхарга хэл хоёрын бас нэг язгуур ялгаа бий. Давхарга бол шууд үйлдвэрлэл, хүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд холбоогүй байдаг. Тэрээр үйлдвэрлэлтэй дам байдлаар эдийн засгаар дамжин, сууриар дамжин холбогддог. Ийм учраас давхарга үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшинд гарсан өөрчлөлтийг тэр дор нь биш, харин суурьт өөрчлөлт гарсны дараа үйлдвэрлэлд гарсан өөрчлөлт, суурьт гарсан өөрчлөлтийн нөлөө, хугарлаар дамжин тусгаж байдаг.
Энэ нь давхаргын үйлчлэлийн хүрээ явцуу бөгөөд хязгаарлагдмал гэсэн хэрэг юм.
Харин хэл бол хүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд холбоотой, зөвхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай төдийгүй, хүний бусад аливаа үйл ажиллагаатай, түүний ажлын бүхий л хүрээнд үйлдвэрлэлээс суурь хүртэл, сууриас давхарга хүртэл холбоотой байдаг. Ийм учраас хэл нь үйлдвэрлэлд гарсан өөрчлөлтийг суурьт гарах өөрчлөлтийг хүлээлгүйгээр тэр дороо бөгөөд шууд тусгаж байдаг. Ийм учраас хүний үйл ажиллагааны бүх салбарыг хамарсан хэлний үйлчлэлийн хүрээ нь давхаргын үйлчлэлийн хүрээнээс хамаагүй өргөн бөгөөд олон талтай байдаг. Түүнээс гадна хэл бараг хязгааргүй юм.
Энэ нь юуны өмнө хэл, түүний өөрийн толиний бүтэц бараг тасралтгүй өөрчлөлтийн төлөв байдалд оршдгоор тайлбарлагдана. Аж үйлдвэр хийгээд хөдөө аж ахуй, худалдаа хийгээд тээвэр, техник хийгээд шинжлэх ухаан зэргийн тасралтгүй өсөлт хэлнээс толь бичгээ ажилд шаардлагатай шинэ шинэ үг, илэрхийллээр баяжуулахыг шаардаж байдаг. Хэл ч гэсэн энэ хэрэгцээг шууд тусгаж өөрийн толийг шинэ шинэ үгээр баяжуулж, өөрийн дүрмийн байгууламжийг боловсронгуй болгож байдаг.
Ингээд:
a) марксист хүн хэлийг суурийн дээр байх давхарга үзэж болохгүй.
б) хэлийг давхаргатай хольж хутгах нь ноцтой алдаа хийж буй хэрэг мөн.
Асуулт. Хэл ямагт ангийн шинж чанартай байсан, энэ чигээрээ үлдэнэ, нийгэмд нийтлэг нэгдмэл байх ангигүй, нийт ард түмний хэл гэж байдаггүй гэж үнэн үү ?
Хариулт. Үгүй, буруу.
Анги байхгүй нийгэмд ангийн хэлний тухай яриа байж болохгүйг ойлгоход түвэг орохгүй. Хүй нэгдлийн овгийн байгуулал ангиудыг мэддэггүй байсан, ингэхлээр тэнд ангийн хэл байж чадахгүй, харин тэнд нийтлэг, нийт хамт олны нэгдмэл хэл байсан. Анги гэдэгт хүний аливаа хамт олныг ойлгох хэрэгтэй гэдгээс татгалзах, түүний дотор хүй нэгдлийн хамт олныг ингэж татгалзах нь үгүйсгэл даахгүй үгэн тоглоом юм.
Хэл цаашид хөгжиж ирсний хувьд гэвэл ураг төрлийн хэлнээс овгийн хэл, овгийн хэлнээс аймгийн хэл, аймгийн хэлнээс ястны хэл, ястны хэлнээс үндэстний хэл рүү шилжсэн бөгөөд хөгжлийн бүхий л үе шатанд газар сайгүй нийгэм дэх хүмүүсийн харилцах хэрэгсэл болсон хэл нь нийгмийн байдлаас үл хамааран нийгмийн бүх гишүүдэд адил тэгш үйлчилдэг, нийгмийн хувьд нийтлэг бөгөөд нэгдмэл зүйл байжээ.
Энд би боолын болон дундад зууны үеийн эзэнт гүрнүүдийг биш, харин Кирийн болон Агуу Их Александрын эзэнт гүрэн буюу Цезарь болон Агуу Их Карлын эзэнт гүрнийг ярьж байна, эдгээр нь өөрийн гэсэн эдийн засгийн суурьгүй, түр зуурын буюу бат бэх биш цэрэг-захиргааны нэгдлүүд байсан юм. Эдгээр эзэнт гүрэн эзэнт гүрний хувьд нийтлэг, эзэнт гүрний бүх гишүүдэд ойлгомжтой нэг хэлтэй байгаагүй, байж ч чадахгүй байв. Эдгээр нь өөрийн амьдралаар амьдардаг, өөрийн гэсэн хэлтэй овог аймаг, ястнуудын цуглуулга байдалтай байсан юм. Ийм болохоор би энэ болон үүнтэй төстэй эзэнт гүрнийг биш, харин эдгээр эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтсан овог аймаг, ястнуудыг өөрийн гэсэн эдийн засгийн суурьтай, эртнээс бүрэлдэн тогтсон хэлтэй байсан гэж хэлээд байгаа юм.
Эдгээр овог аймаг, ястнуудын хэл нь ангийн биш, харин нийт овог аймаг, ястнууддаа нийтлэг, тэдэнд ойлгомжтой байсан гэдгийг түүх нотолж байгаа юм. Мэдээж эдгээрийн зэрэгцээгээр нутгийн аялга, дуудлага байсан, гэхдээ тэдгээрийг овог аймаг, ястны нэгдмэл, нийтлэг хэл давамгайлж байсан юм.
Цаашид капитализм бий болж, феодалын тархай бутархай байдлыг устгаж, ястнуудын үндэсний зах зээл үүссэнээр үндэстэн үүсчээ, мөн ястнуудын хэл үндэстний хэл болон хувирчээ. Үндэстний хэл бол ангийн хэл биш, харин нийт ард түмний хэл, үндэстний бүх гишүүдэд нийтлэг, үндэстний хувьд нэгдмэл хэл гэдгийг түүх харуулж байна.


Нийгэм дэх хүмүүсийн харилцааны хэрэгсэл болсон хэл нь нийгмийн бүх ангиудад адилхан үйлчилж, энэ утгаараа ангиудад ялгаваргүй байдаг. Гэхдээ хүмүүс, нийгмийн тодорхой бүлэг, ангиуд хэлэнд учир ялгавартай ханддаг. Тэд хэлийг өөрийн ашиг сонирхолд ашиглахыг оролдож, хэлэнд өөрийн гэсэн хэллэг, өөрийн гэсэн өвөрмөц нэр томъёо, өөрийн гэсэн өвөрмөц илэрхийллийг тулган хүлээлгэхийг оролддог.
Энэ талаараа ард түмнээс тасарсан, түүнийг үзэн яддаг: ордны язгууртан, хөрөнгөтний дээд давхраа зэрэг хөрөнгөтөн ангийн дээд хэсэг онцгой ялгардаг. Тэд “ангийн” аялга, өвөрмөц хэлц, танхимийн “хэл”-ийг бүтээдэг. Утга зохиолд эдгээр аялга, өвөрмөц үгсийг “ордны хэл”, “хөрөнгөтний хэл” гэхчлэн буруу ангилж, “пролетарийн хэл”, “тариачны хэл” зэрэгт сөргүүлэн үзэх нь цөөнгүй. Энэ үндсэн дээр хэдий хачирхалтай ч манай зарим нөхөд үндэсний хэл бол хуурамч юм, бодитойгоор бол зөвхөн ангийн хэл л оршин байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.


Ийм дүгнэлт шиг алдаатай зүйл байхгүй гэж би бодож байна. Аялга хийгээд өвөрмөц хэлцийг хэл гэж үзэж болох уу ? Мэдээж хэрэг үгүй. Болохгүй, нэгдүгээрт, яагаад гэвэл эдгээр аялга хийгээд өвөрмөц хэлцэд өөрийн гэсэн дүрмийн байгуулалт, толийн үндсэн сан байхгүй, эдгээр нь үүнийг үндэсний хэлнээсээ зээлдэн авдаг. Болохгүй, хоёрдугаарт, яагаад гэвэл эдгээр аялга хийгээд өвөрмөц хэлц нь аль нэгэн ангийн дээд хэсгийн гишүүдийн дундах харилцааны явцуу хүрээнд л байдаг ба нийт нийгмийн хүмүүсийн харилцах хэрэгсэл болж огтоос чаддаггүй. Тэдгээрт юу байдаг вэ ? Тэдгээрт дараах зүйлс л буй: язгууртан буюу хөрөнгөтний дээд хэсгийн өвөрмөц таашаалыг тусгасан зарим илэрхийлэл, үгийн эргэлтийн цуглуулга; үндэсний хэлний эргэлт хийгээд “бүдүүлэг” илэрхийллээс ангижирсан, гоёмсог, чамин илэрхийлэл болон үгийн эргэлт; эцэст нь нэлээд тооны гадаад үг зэрэг л байгаа.


Гэлээ ч гэсэн үндсэн, өөрөөр хэлбэл үгийн дийлэнхи олонхи болон дүрмийн байгууламжийн ихэнхийг нийт ард түмний үндэсний хэлнээс авсан юм. Эндээс аялга хийгээд өвөрмөц хэлц бол нийт ард түмний үндэсний хэлний салаа салбар бөгөөд хэлний хувьд бие даасан шинж үгүй, мартагдан мөхөх тавилантай юм. Аялга хийгээд өвөрмөц хэлц нь үндэсний хэлийг шахаж, орлох чадвартай бие даасан хэл болон хөгжиж чадна бодох нь түүхэн хэтийн төлөвөө алдаж, марксизмын байр сууринаас сална гэсэн хэрэг мөн.
Марксын “Ариун Макс” өгүүллээс хөрөнгөтөнд “өөрийн хэл” байдаг, энэ хэл нь “хөрөнгөтний бүтээгдэхүүн мөн” бөгөөд меркантилизм ба худалдаа- арилжааны үзэл санаа нэвт шингэсэн байдаг гэсэн ганцхан хэсгийг иш татдаг болж. Энэ ишлэлээр зарим нөхдүүд Маркс хэлний “ангич чанарын” төлөө байсан, тэрээр үндэстний нэгдмэл хэл оршин байгааг үгүйсгэж байсан гэж нотлохыг хүсдэг юм. Хэрэв эдгээр нөхдүүд ажил хэрэгт бодитой хандсан бол Маркс энэхүү “Ариун Макс” өгүүлэлдээ бичсэн өөр нэг ишлэлийг татах байсан билээ. Энд Маркс үндэстний хэл бүрэлдэх арга замын тухай асуудлыг хөндөж, “эдийн засаг, улс төрийн бөөгнөрөлөөр нөхцөлдөн аялга нь үндэстний нэгдмэл хэл болон бөөгнөрнө” гэсэн юм.


Эндээс Маркс доод хэлбэр болох аялгыг захирсан дээд хэлбэр болох үндэстний нэгдмэл хэл зайлшгүйг хүлээн зөвшөөрч байжээ.
Тэгвэл энэ тохиолдолд Марксын хэлсэн “хөрөнгөтний бүтээгдэхүүн болсон” хөрөнгөтний хэл юуг төлөөлөх вэ ? Түүнийг Маркс үндэстний хэл шиг өөрийн гэсэн хэлний бүтэцтэй тийм хэл гэж үзэж байсан уу ? Маркс үүнийг тийм хэл гэж үзэж болох уу ? Мэдээж хэрэг үгүй. Маркс зүгээр л хөрөнгөтнүүд үндэстний нэгдмэл хэлийг өөрийн худалдаа наймааны үг хэллэгээр буртаглаж байна, хөрөнгөтөн өөрийн гэсэн худалдаа наймааны өвөрмөц хэлцтэй гэдгийг л хэлэхийг хүссэн юм.
Эдгээр нөхөд Марксын байр суурийг гажуудуулсан байна. Яагаад гажуудуулсан гэхээр Марксыг марксистууд биш, харин ажил хэргийн мөн чанарт орж үзээгүй гүйлгэн уншигчид иш татсан байна.
Мөн Энгельсийн нэрийг барьж, түүний “Англи дахь ажилчин ангийн байдал” товхимлоос иш татаж байна. Тэнд Энгельс “английн ажилчин анги цаг хугацааны явцад английн хөрөнгөтнөөс шал өөр ард түмэн болсон”, “ажилчин анги хөрөнгөтнийг бодвол өөр аялгаар ярьж, огт өөр үзэл санаа, төсөөлөл, огт өөр ёс суртахуун, ёс суртахууны зарчим, огт өөр шашин хийгээд улс төрийн бодлоготой байдаг” гэж хэлсэн байдаг. Энэ үндсэн дээр манай зарим нөхөд Энгельс нийт ард түмний, үндэстний хэл зайлшгүйг үгүйсгэж, хэлний “ангич чанарын” төлөө байсан гэсэн гаргалгаа хийсэн юм. Үнэндээ бол Энгельс энд хэлний тухай биш, харин аялгын тухай ярьсан бөгөөд үндэстний хэлний салаа салбар болсон аялга бол үндэстний хэлийг орлож чадахгүй гэдгийг бүрэн ойлгож байсан юм. Гэтэл эдгээр нөхдүүд хэл хийгээд аялгын хооронд ялгаа байгааг нэг их анхаарахгүй байгаа нь илт байна.


Энэ ишлэлийг энд Энгельс “ангийн хэлний” тухай биш, харин голчлон хөрөнгөтөн пролетари хоёрын ангийн үзэл санаа, төсөөлөл, ёс суртахуун, ёс суртахууны зарчим, шашин, улс төр бодлого эсрэг тэсрэг гэдгийг харуулах гэж бичсэн байна. Ийм байхад үндэстний хэл буюу хэлний “ангич чанар” энд ямар хамаа байх билээ ? Нийгэмд ангийн зөрчил байгаа нь хэлний “ангич чанар” зөв, эсвэл үндэстний нэгдмэл хэл зайлшгүйн эсрэг шалтгаан болж байгаа хэрэг үү ?
Марксизм хэлний нийтлэг бол үндэстний нэн чухал шинж тэмдгүүдийн нэг гэж үздэг, чингэхдээ үндэстний дотоодод ангийн зөрчил байдгийг маш сайн мэддэг юм. Дээр дурдсан нөхдүүд марксизмын энэхүү сэдвийг хүлээн зөвшөөрч байгаа юу ?
Лафаргийн нэрийг барьж, “Хэл ба хувьсгал” товхимолдоо Лафарг хэлний “ангич шинж чанарыг” хүлээн зөвшөөрч, нийт ард түмний, үндэстний хэлний зайлшгүйг үгүйсгэж байсан мэтээр ярьцгааж байна. Энэ бол худал. Лафарг үнэхээр “ордны” буюу “язгууртны хэлний” тухай болон нийгмийн янз бүрийн давхаргын “өвөрмөц хэлцийн” тухай ярьж байсаан. Гэхдээ эдгээр нөхдүүд Лафарг хэл болон аялгын ялгааны тухай асуудлыг сонирхолгүйгээр, аялгыг эсвэл “зохиомол хэл”, эсвэл “өвөрмөц хэлц” хэмээн нэрлэж, өөрийн товхимолдоо “язгууртныг ялгах зохиомол яриа нь…хөрөнгөтөн ч, гар урчууд ч, хот хийгээд тосгод ч ярьдаг нийт ард түмний хэлнээс ялгаран гарсан” гэдгийг тов тодорхой хэлсэн байгаа.


Ингэхлээр Лафарг нийт ард түмний хэл байгаа бөгөөд түүнийг зайлшгүйг хүлээн зөвшөөрч, “язгууртны хэл” болон бусад аялга, өвөрмөц хэлц нь нийт ард түмний хэлэнд захирагдмал байдалтай түүнээс хамааралтай гэдгийг бүрэн ойлгож байсан юм.
Тэгэхлээр Лафаргыг иш татах нь байгаа оноогүй байна.
Хэсэг үед Англид англид английн феодалууд “зуу зуун жилийн туршид” францаар ярьж байсан ба энэ үед английн ард түмэн англиараа л ярьж байсан гэдгийг иш үндэс болгож, энэ байдал нь хэлний “ангич чанар” байдаг хийгээд нийт ард түмний хэл зайлшгүйн эсрэг шалтгаан болдог мэт үзэж байна.
Гэхдээ энэ бол шалтгаан биш, харин ямар нэг хошин шог юм. Нэгдүгээрт, тэр үед франц хэлээр бүх феодалууд биш, харин хааны ордон, ванлигууд дахь английн феодалуудын өчүүхэн цөөн дээд хэсэг л ярьдаг байсан. Хоёрдугаарт, тэд ямар нэг “ангийн хэлээр” биш, харин эгэл жирийн ард түмний франц хэлээр ярьдаг байсан. Гуравдугаарт, франц хэлний эрх танхи байдал дараа нь ул мөргүй алга болж, нийт ард түмний англи хэлэнд байр сууриа тавьж өгсөн.


Английн феодалууд англи хэл огт мэдэхгүй “зуу зуун жилийн турш” английн ард түмэнтэй орчуулагчаар дамжин ойлголцож, тэр үед нийт ард түмний англи хэл байгаагүй, иймээс франц хэл тэр үед английн язгууртны явцуу хүрээнд байсан танхмийн хэлнээс хамаагүй илүү Английг төлөөлж байсан гэж эдгээр нөхдүүд арай бодож байгаа юм биш биз дээ ? Ийм хошин шог “шалтгааны” үндсэн дээр нийт ард түмний хэл байхгүй, шаардлагагүй гэж нотолж болно гэж үү ?
Оросын язгууртнууд ч гэсэн нэгэн үе хааны ордон, танхимуудад франц хэлээр гангардаг байсан. Эд оросоор ярихдаа францаар эвшээдэг гэж онгирдог байсан ба оросоор ярихдаа заавал франц дуудлагатай ярьж чаддаг байв. Энэ нь тэр үед Орост нийт ард түмний орос хэл байгаагүй, тэр үед нийт ард түмний орос хэл нэр төдий, харин “ангийн хэл” бодит байдал болсон гэж үзэж болох уу ?
Энд манай нөхдүүд наад зах нь хоёр алдаа гаргаж байна.


Эхний алдаа нь тэд хэлийг давхаргатай хольж байгаад оршино. Хэрэв давхарга ангийн шинж чанартай юм бол хэл ч гэсэн нийт ард түмний биш, ангийн шинж чанартай байх ёстой гэж ойлгодог. Гэхдээ хэл давхарга бол хоёр өөр ойлголт гэдгийг би дээр дурдсан, марксист хүн эдгээрийг хольж хутгаж болохгүй.
Хоёрдугаар алдаа нь эдгээр нөхдүүд хөрөнгөтөн, пролетари хоёрын эсрэг тэсрэг байдал, тэдгээрийн ангийн тэмцлийг нийгмийн задрал хэмээн ойлгож, дайсагнагч бүх ангийн хоорондын алив бүх харилцаа тасарна гэж ойлгож байгаад оршино. Тэд нийгэм нэгэнт задарсан болохоор цаашид нэгдмэл нийгэм гэж байхгүй, харин зөвхөн ангиуд байна, ингээд нэгдмэл нийгэмд байдаг хэл хэрэггүй болно, үндэстний хэл хэрэггүй болно гэж үзэж байна. Нийгэм задарч, нийт ард түмний, үндэстний хэл цаашид байхгүй болбол юу үлдэх вэ ? Ангиуд хийгээд “ангийн хэлнүүд” үлдэнэ.
“Ангийн хэл” тус бүрт өөрийн гэсэн “ангийн” хэлний дүрэм, тухайлбал, “пролетарийн” дүрэм, “хөрөнгөтний” дүрэм гэж байх нь ойлгомжтой юм. Үнэндээ байгальд ийм дүрэм оршин байдаггүй, гэтэл энэ нь эдгээр нөхдүүдийн санааг огт зовоохгүй байна: тэд ийм дүрэм бий болно гэдэгт итгэж байна.
Манайд нэг үе Октябрийн эргэлтийн дараа манай оронд үлдсэн төмөр замыг хөрөнгөтний юм иймээс марксистууд бид түүнийг ашиглах хэрэггүй, харин ч булах хэрэгтэй, оронд нь “пролетарийн” шинэ зам тавих ёстой гэж баталдаг “марксистууд” байсан юм. Тэд үүнээсээ болж “алмас” гэсэн хоч хүртсэн билээ.
Нийгэм, анги, хэлийг үзэх ийм бүдүүлэг-анархист үзэл марксизмтай хавьтах юм юу ч байхгүй. Гэхдээ энэ нь гарцаагүй манай толгой нь эргэсэн зарим нөхдийн тархи толгойд оршин, үргэлжлэн амьдарсаар байна.


Ангийн хатуу ширүүн тэмцлийг үед нийгэм задарч, нэг нийгэм дотор эдийн засгийн хувьд бие биетэйгээ цаашид холбогдохгүй ангиудад хуваагдах мэт үзэх нь мэдээж хэрэг буруу. Харин үүний урвуугаар болно. Капитализм оршин байхад хөрөнгөтөн пролетари хоёр нэгдмэл нэгэн капиталист нийгмийн хэсгийн хувьд эдийн засгийн бүхий л хэлхээ сүлбээгээр өөр хоорондоо холбоотой байдаг. Хөрөнгөтөн мэдэлдээ хөлсний ажилчин байлгахгүйгээр амьдарч, баяжиж чадахгүй. Пролетари ч гэсэн капиталистад хөлслөгдөхгүйгээр оршин байж чадахгүй.
Тэдгээрийн хоорондын эдийн засгийн аливаа холбоо харилцааг таслах нь аливаа үйлдвэрлэлийг таслана гэсэн үг, аливаа үйлдвэрлэл тасалдах нь нийгмийн мөхөлд хүргэнэ, ангиудын өөрийнх нь мөхөлд хүргэнэ. Ганц ч анги өөрөө өөрийгөө устгахад хүргэхийг хүсэхгүй. Ийм учраас ангийн тэмцэл ямар ч хурц байлаа гэсэн нийгмийн задралд хүргэж чадахгүй.
Марксизмын асуудлын талаар юу ч мэдэхгүй хийгээд хэлний мөн чанарыг огт ойлгохгүй тэнэг явдал л манай зарим нөхдүүдэд нийгэм задрах тухай, “ангийн хэлний” тухай, “ангийн” хэлний дүрмийн тухай балай санаа төрүүлж байна.
Дараа нь Лениний нэрийг барьж, Ленин капитализмын үед хөрөнгөтний ба пролетарийн гэсэн хоёр соёл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн, капитализмын үеийн үндэстний соёлын лоозон бол үндсэрхэх лоозон мөн гэж хэлснийг иш татаж байна. Энэ бүхэн үнэн, Ленин энд туйлын зөв хэлж байна. Гэхдээ энд чинь хэлний “ангич чанар” хаа байгаа юм ? Капитализмын үед хоёр соёл байх тухай Лениний үгийг иш татахдаа эдгээр нөхдүүд нийгэмд хөрөнгөтний хийгээд пролетарийн гэсэн хоёр соёл байгаа нь хэл ч гэсэн бас л хоёр байх ёстой гэсэн үг, яагаад гэвэл хэл соёл хоёр холбоотой, иймээс Ленин үндэстний нэгдмэл хэлний зайлшгүйг үгүйсгэж байна, Ленин “ангийн” хэлний төлөө байна гэж уншигчдыг итгүүлэхийг оролдож байна.
Эдгээр нөхдүүдийн алдаа бол тэд хэлийг соёлтой адилтгаж, хольж хутгаж байгаад оршино. Ингэхэд соёл, хэл хоёр бол өөр өөр зүйлс юм. Соёл бол хөрөнгөтний ч, социалист ч байж болно, харин харилцааны хэрэгсэл болсон хэл бол ямагт нийт ард түмний хэл байсан, иймээс хэл хөрөнгөтний ч, социалист ч соёлд адилхан үйлчилнэ.
Эдүгээ орос, украин, үзбек хэлнүүд эдгээр үндэстний социалист соёлд Октябрийн эргэлтээс өмнө хөрөнгөтний соёлд үйлчилж байсныхаа нэгэн адил муугүй үйлчилж байгаа нь баримт биш юм уу ? Ингэхлээр хоёр соёл байгаа нь хоёр хэл үүсэхэд хүргэнэ, нэгдмэл хэлний зайлшгүйг үгүйсгэж байна гэж баталж байгаа эдгээр нөхдүүд гүн гүнзгий эндүүрч байна.
Ленин хоёр соёлын тухай ярихдаа хоёр соёл байгаа нь нэгдмэл хэлийг үгүйсгэж, хоёр хэл үүсэхэд хүргэхгүй, хэл бол нэгдмэл байх ёстой гэсэн яг таг үндэслэлийг баримталсан юм.


Бундчууд Ленинийг үндэстний хэлийг үгүйсгэлээ, соёлыг “үндэстнээс дээгүүр” мэт тайлбарлалаа хэмээн шүүмжлэхэд Ленин үүнийг эрс эсэргүүцэж, би зайлшгүй хэрэгтэй нь ямар ч эргэлзээгүй үндэстний хэлний эсрэг биш, харин хөрөнгөтний соёлын эсрэг тэмцэж байна гэж хариулсан билээ. Манай зарим нөхөд бундчуудын жим зөргөөр бэдэрсэн нь гайхалтай.


(Орчуулагчийн тайлбар: Бунд гэж Орос, Польш, Литвад байсан Бүх еврейн ажилчны Холбоог нэрлэдэг байсан. Бунд нь XIX зууны 90-ээд оноос XX зууны 40-өөд он хүртэл оршиж байсан. Одоо ч гэсэн АНУ, Канад, Австрали, Израил, Их Британид бундын бүлгүүд оршин байдаг.)
Зайлшгүй хэрэгтэй гэдгийг Ленин үгүйсгэж байсан мэт ярьдаг хэлний хувьд гэвэл Лениний дараах үгийг сонсох нь зүйтэй гэж санана:
“Хэл бол хүмүүсийн харилцааны хамгийн чухал хэрэгсэл мөн; хэлний нэгдмэл байдал хийгээд түүний саадгүй хөгжил нь орчин үеийн капитализм, худалдааны эргэлт, тусгай тусгай бүх ангийн хүн амын чөлөөтэй, өргөн олон бүх бүлгүүдэд зохицож нийцсэн үнэхээр чөлөөтэй, өргөн амин чухал нөхцөл юм”
Хүндэт нөхдүүд Лениний үзэл санааг гажуудуулсан болж таарч байна.


Эцэст нь Сталины нэрийг барьж байна. Тэд “хөрөнгөтөн хийгээд түүний үндсэрхэх намууд бол энэ үед ийм үндэстний гол удирдах хүч байсан, байсан чигээрээ үлдэнэ” гэсэн Сталины үгийг иш татаж байна. Энэ бүгд үнэн. Хөрөнгөтөн хийгээд түүний үндсэрхэх нам үнэхээр хөрөнгөтний соёлыг удирддаг, үүнчлэн пролетари хийгээд түүний интернационалч нам пролетарийн соёлыг удирддаг. Гэхдээ энд чинь хэлний “ангич чанар” ямар хамаа байна ? Үндэстний хэл бол үндэстний соёлын хэлбэр, үндэстний хэл хөрөнгөтний ч, пролетарийн ч соёлд үйлчилж чадна гэдэг нь энэ нөхдүүдэд тодорхойгүй байгаа юм уу ?
Манай нөхдүүд өнөөгийн орос, украин, белорусс болон бусад соёлууд, өөрөөр хэлбэл хэл социалист агуулгатай, үндэстний хэлбэртэй гэдэг марксист нэн тодорхой томъёоллыг мэдэхгүй байгаа хэрэг үү ? Ингэхэд тэд энэхүү марксист томъёоллыг зөвшөөрч байгаа юу ?
Манай нөхдийн алдаа нь энд тэд соёл хийгээд хэлний ялгааг олж харахгүй, соёл бол нийгмийн хөгжлийн шинэ үе бүрт агуулгаа өөрчилж байхад хэл бол хэд хэдэн үеийн турш үндсэндээ хэвээрээ үлдэж, хуучин болон шинэ соёлд адилхан үйлчилж байдаг гэдгийг ойлгохгүй байгаад оршино.


Ингээд:
а) харилцааны хэрэгсэл болох хэл нийгмийн хувьд нэгдмэл, түүний гишүүдийн хувьд нийтлэг хэл ямагт байсан бөгөөд цаашид ч ийм байна.
б) аялга хийгээд өвөрмөц хэлц байгаа нь нийт ард түмний хэл байгааг үгүйсгэхгүй, тэд энэ хэлнээс салбарлан гарсан.
в) хэлний “ангич чанарын” тухай томъёолол бол алдаатай бөгөөд марксист биш томъёолол юм.
Асуулт. Хэлний ямар чухал онцлох шинжүүд байдаг вэ ?
Хариулт. Хэл бол нийгмийн оршихуйн бүхий л хугацаанд үйлчлэгч нийгмийн үзэгдлийн тоонд орно. Тэрээр хүний нийгэм төрж, хөгжихтэй хамт төрж, хөгждөг. Мөн тэрээр нийгмийн мөхөлтэй хамт мөхөнө. Нийгмээс гадуур хэл байхгүй. Ийм учраас хэл хийгээд түүний хөгжлийн хуулийг хэрэв судлан буй хэл хамаарч байдаг, энэ хэлийг бүтээсэн, түүнийг тээгч болсон ард түмний түүх, нийгмийн түүхтэй нь салшгүй холбоонд нь судлан үзсэн зөвхөн тэр тохиолдолд л сая ойлгож болно.
Хэлний тусламжтайгаар хүмүүс бие биетэйгээ харилцдаг, бодол санаагаа хуваалцдаг, харилцан ойлголцолд хүрдэг тийм хэрэгсэл юм. Сэтгэлгээтэй шууд холбоотой болохоор хэл нь үгийг бүртгэж, үгэнд батжин бэхжиж, мөн сэтгэлгээний ажлууд, хүний танин мэдэхүйн амжилтын үр дүн болсон өгүүлбэрт үгсийн нэгдэл болон биежиж байдаг ба ийм маягаар хүний нийгэм дэх бодол санааны солилцоог боломжтой болгодог юм.
Бодол санаагаа солилцох нь байнгын бөгөөд амин чухал зайлшгүй зүйл болсон бөгөөд түүнгүйгээр байгалийн хүчтэй тэмцэх, хэрэгцээт материаллаг байлгийг үйлдвэрлэхийн төлөө тэмцэлд хүмүүсийн хамтын үйлдлийн зохицуулах боломжгүй, нийгмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд амжилт олох боломжгүй, улмаар нийгмийн үйлдвэрлэл өөрөө оршин тогтнох боломжгүй болох байв.


Эндээс нийт нийгэмд ойлгомжтой, түүний бүх гишүүдэд нийтлэг хэл байхгүй бол нийгэм үйлдвэрлэлээ зогсоон задран унаж, нийгмийн хувьд оршин тогтнохоо болих юм. Энэ агуулгаар хэл бол харилцааны зэвсэг болохынхоо зэрэгцээгээр нийгмийн тэмцэл, хөгжлийн зэвсэг юм.
Хэлэнд байгаа бүх үгс бүгдээрээ хэлний толийн бүрэлдэхүүн гэж нэрлэгдэх зүйлсийг бүрдүүлдэг нь тодорхой. Хэлний толийн бүрэлдэхүүнд гол зүйл нь толиний үндсэн сан болох бөгөөд тэнд хэлний цөм болсон бүхий л язгуур үгс ордог. Энэ нь хэлний толийн бүрэлдэхүүнээс хавьгүй бага хүртэцтэй, гэхдээ тэр хэдэн зууны турш маш удаан амьдарч, шинэ үг үүсэхэд хэлэнд бааз суурь болж өгдөг. Толийн бүрэлдэхүүн нь хэлний төлөв байдлын зураглалыг тусгаж байдаг: үгийн толийн бүрэлдэхүүн хэчнээн баялаг, хэчнээн олон талтай байнав, хэл төчнөөн баялаг, төчнөөн хөгжилтэй байна.
Гэхдээ дангаар авсан толийн бүрэлдэхүүн бол хэлийг хараахан бүрдүүлэхгүй, тэр нь нэн түрүүнд хэлний барилгын материал болно. Барилгын ажилд барилгын материал бол байшин биш, гэхдээ түүнгүйгээр байшин барих боломжгүй байдагтай энэ нь төстэй юм. Яг үүн шиг хэлний толийн бүрэлдэхүүн хэлийг өөрийг нь бүрэлдүүлэхгүй, гэхдээ түүнгүйгээр ямар ч хэлийг сэтгэж болохгүй.
Гэхдээ хэлний толийн бүтэц үг өөрчлөгдөх дүрэм журам, үгийг өгүүлбэрт нэгтгэн нийлүүлэх дүрэм журмыг тодорхойлж өгдөг, ингэснээрээ хэлийг эмх цэгцтэй, ухан мэдсэн шинж чанартай болгож байдаг хэлний дүрмийн (грамматика) мэдэлд ороод ирэхээрээ агуу их ач холбогдолтой болдог. Хэлний дүрэм нь (морфологи, синтаксис) нь үгс өөрчлөгдөх, үгс өгүүлбэрт хэрхэн зохирон нийцэх тухай дүрэм журмын цуглуулга юм. Улмаар хэл чухамхүү хэлний дүрмийн ачаар хэлний материаллаг бүрхэвчдээ хүмүүн утга санааг олж авдаг.


Хэлний дүрмийн онцлог шинж нь тэрээр тодорхой үгийг биш харин үгсийн өөрчлөгдөх дүрэм журмыг, ерөөсөө бол үгсийг ямар нэг тодорхой чанаргүйгээр авдагт, мөн тэрээр ямар нэг тодорхой өгүүлбэр авалгүйгээр, ухаандаа тодорхой өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн нэрлэлгүйгээр өгүүлбэр бүтээх дүрэм журмыг зааж өгдөг ба ер нь бол аливаа өгүүлбэрийг аль нэгэн өгүүлбэрийн ямар нэг тодорхой хэлбэрээс ангид авч үздэгт оршдог юм.
Ингэхлээр хэлний дүрэм нь үгэн дээр ч, өгүүлбэр дээр ч хэсэг болон тодорхойг хийсвэрлэснээрээ үгсийн өөрчлөлт болон өгүүлбэр дэх үгсийн нийцлийн үндэс болсон тэр ерөнхий зүйлийг барьж аван түүнээс хэлний дүрэм, хэлний хуулиудыг гарган авдаг. Хэлний дүрэм бол хүний сэтгэлгээний урт удаан хийсвэрлэх ажлын үр дүн бөгөөд сэтгэлгээний асар их амжилтын үзүүлэлт мөн.
Энэ агуулгаар хэлний дүрэм бол тодорхой биетээс татгалзаж, биетийг тодорхой шинжээсээ ангижирсан зүйлс гэж, мөн тэдгээрийн хоорондын харилцааг ямар нэг тодорхой биетийн харилцаа биш, харин аливаа тодорхой шинжээсээ ангижирсан харилцаа гэж хийсвэрлэн авч үздэг геометртэй төстэй.
Үйлдвэрлэлтэй шууд биш, харин эдийн засгаар дамжин холбогддог давхаргаас ялгаатай нь хэл бол хүний ажлын бүхий л хүрээнд түүний бүхий л үйл ажиллагаатай шууд холбогдож байдгийнхаа адил хүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай бас л шууд холбогдож байдаг.
Ийм учраас хэлний толийн бүрэлдэхүүн өөрчлөлтөд хамгийн мэдрэмжтэй байж бараг тасралтгүй өөрчлөлтийн төлөв байдалд оршдог, энэ үедээ хэл нь давхаргаас ялгаатай нь суурь устахыг хүлээдэггүй, тэрээр суурь устахаас хавьгүй өмнө өөрийн толийн бүтцэд өөрчлөлт оруулж байдаг ба суурийн төлөв байдалд ялгаваргүй ханддаг.


Гэхдээ хэлний толийн бүрэлдэхүүн нь давхарга шиг хуучныг халж, шинийг байгуулах замаар биш, харин оршин буй толийг нийгмийн байгууллын өөрчлөлт, үйлдвэрлэлийн хөгжил, соёл, шинжлэх ухааны гэх мэт хөгжилтэй холбогдон үүссэн шинэ үгээр баяжуулах замаар өөрчлөгддөг. Энэ үед хэлний толийн бүрэлдэхүүнээс нэлээд тооны хуучин үг голдуу хасагдаж байлаа ч гэсэн түүнээс хавьгүй олон тооны шинэ үгээр баяжин хөгжиж байдаг. Толийн үндсэн сангийн хувьд гэвэл тэрээр үндсэндээ хадгалагдан үлдэж, хэлний толийн бүрэлдэхүүний үндэс болон ашиглагдаж байдаг.
Энэ нь ч ойлгомжтой юм. Олон зууны турш хуримтлагдсан үгсийг үндсэн санг устгаж, оронд нь асар богино хугацаанд толийн үндсэн шинэ санг бүтээх боломжгүйг ярихгүй юмаа гэхэд энэ нь хэлний сааталд оруулж, хүмүүсийн хоорондын ажил хэргийн харилцааг бүрэн сүйрэлд оруулах юм, иймээс хэрэв түүхэн олон үеүдийн туршид амжилттай ашиглаж болоод байсан толийн үндсэн санг устгах ямар ч шаардлага байхгүй.
Хэлний дүрмийн байгууламж толийн үндсэн санг бодвол бүр ч илүү удаан өөрчлөгддөг. Олон эриний турш боловсрогдож, мах цусанд шингэсэн дүрмийн байгууламж бол толийн үндсэн санг бодвол бүр ч удаан өөрчлөгддөг. Мэдээж хэрэг цаг хугацааны явцад дүрмийн байгууламж өөрчлөлтөд орж, өөрийн дүрэм журмыг боловсронгуй болгож, сайжруулж, нарийвчилж, шинэ дүрэм журмаар баяжиж байдаг боловч дүрмийн байгууламжийн үндэс маш урт удаан хугацаанд хадгалагдан үлддэг ба хэд хэдэн эрин үеийн туршид нийгэмд маш амжилттай үйлчилж байдгийг түүх харуулж байна.


Ийм маягаар хэлний дүрмийн байгууламж хийгээд толийн үндсэн сан хэлний үндсийг бүрдүүлж, түүний онцлог мөн чанар болж байдаг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу?