sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Иордан улстай хийж буй зөвшилцөөг идэвхжүүлэхийг тушаасан байна. Иорданд амиа золиослогч эмэгтэй хоригдож байгаа бөгөөд "Лалын улс” бүлэглэлийн босогчид түүнийг Японы сэтгүүлч Кэнзи Готогоор солилцохыг шаардаж байгаа юм. Түүнийг суллахгүй бол Японы сэтгүүлчийг хорооно гэж сүрдүүлсээр байна.

Шинзо Абэ энэ асуудлаар Засгийн газраа яаралтай хуралдуулсан байна. Сэтгүүлч үнэхээр “Лалын улс”-ын босогчдод барьцаалагдсан байх магадлал “өндөр байгааг” Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өнөөдөр Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр нотолжээ.

Тус бүлэглэл Гото болон бизнес эрхлэгч Харуна Юкава нарын дүрс бичлэгийг нэгдүгээр сарын 20-нд цацах үеэрээ хэрэв Токиогийн эрх баригчид 72 цагийн дотор барьцааны мөнгө болох 200 сая долларыг төлөхгүй бол тэднийг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн юм. Үүний дараа, цаазлуулсан Харуна Юкаваг дүрсийг барин зогсч буй Кэнзи Готогийн дүрс бичлэг нэгдүгээр сарын 24-нд интернэтэд гарсан юм. Дүрс бичлэгт сэтгүүлч англи хэлээр Юкавагийн үхэлд Японы Ерөнхий сайд Абэг буруутгаад “Лалын улс” шаардлагаа өөрчилсөн болохыг хэлсэн байна.

Тус бүлэглэл барьцааны мөнгө авахаас татгалзаж байгаа боловч цаазаар авахуулах ял сонссон Сажида ар-Ришави гэгч террорист эмэгтэйг Иорданы шоронгоос суллахыг шаарджээ. Энэ эмэгтэй 2006 онд Иорданы нийслэл Амман хотын нэгэн зочид буудалд амиа золиослон дэлбэрэлт үйлдэхээр завдсан боловч бөмбөг нь дэлбэрээгүй байна. Барьцаалагдсан иргэнийг хөнөөх магадлал маш өндөр байгааг Шинзо Абэ энэ сарын 25-нд мэдэгджээ. Иорданы Засгийн газар солилцоо хийх боломжийн тухайд саналаа хэлэхээс зайлсхийсээр байна.

Д.Жаргал

Эх сурвалж: