sonin.mn

Мега төслийг шилтэй зүйрлэдэг учир амархан хагарах эрсдэлтэй. Энэ үүднээс зөв мэдээллийг олон түмэнд хүргэх нь чухал хэмээн Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан онцлов.

Таван толгойн нүүрсний бүлэг ордод хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компаниудын түншлэлтэй энэ сарын 5-наас хэлэлцээр хийж эхэлсэн. Тус төсөл дээр уул уурхай, төмөр замын салбарын 30 гаруй шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Манай талаас 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах, 270 км төмөр зам тавих,  өмнөх өр зээлийг төлж барагдуулах зэрэг шаардлага тавьж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр хоёр дахь удаагийн томоохон хэлэлцээр ХХААЯ-нд болсон бөгөөд энэ үеэр Ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Хэлэлцээрийн эхний шат “Таван толгой” төслийг тойрсон нөхцөл байдал, санхүү, төмөр замын талаарх мэдээллийн хүрээнд өрнөжээ. Эхний хэлэлцээрийн үр дүн нь “Таван толгой”-н асуудлаар нэгдмэл ойлголтод хүрсэн байна. Тодруулбал манай талаас санхүүгийн ямар нэгэн эрсдэл үүрэхгүй учраас хөрөнгө оруулагч нарт концессийн гэрээний төслийг гаргаж өгөх хүсэлт тавьсан бөгөөд энэ дагуу ажлын хэсэг төслүүдийг хүлээн авчээ. Ажлын хэсэг төслүүдийг нягтлан бүх асуудлууд туссан хэмээн үзэж байна.

Уул Уурхайн Яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар хэлэхдээ, "Бид нэлээн хүчин чармайлт гаргаж, удаан суусны эцэст хөрөнгө оруулалтын болон концессын гэрээнд голлох хүчин чармайлт, орох харилцаануудаа тусгасан" гэлээ.

Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс манай талд ямар шаардлага тавьж байгаа вэ?


- Бид хөрөнгө оруулагчидтай Засгийн газрыг төлөөлөөд хэлэлцээр хийх явцад гарч буй баримт бичиг банкны шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ том төсөл учраас төслийн санхүүжилт нь Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжих ёстой. Мөн бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчим, стратегийг тохиролцсон. Тиймээс эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй, санаачлагатай байх зарчмыг тавьж байгаа.

“Таван толгой” төслийн эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол нь юу вэ?

- Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь хэлэлцээрээр эмзэг асуудлуудыг шийдэх тохироогоо олох ёстой. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцээр онцгой үүрэгтэй. 30 жилийн хугацаатай энэ төсөл амжилт олбол хамгийн багадаа Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардал, хөрөнгө мөнгө босгох үнийн дүн нь 94 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэсэн тооцоог гаргаад байна.

-Хөрөнгө оруулагчид санхүүжилтээ ямар эх үүсвэрээс босгож байгаа вэ?

-Төсөлд оролцогч компаниуд төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөс, 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээл босгож санхүүжүүлнэ. Үйл ажиллагааны зардлын хувьд Япон “Сумитомо” компани их мөнгө босгоно. Учир нь гол борлуулалтаа хариуцаж байгаа. Магадгүй энэ төслийн 20-30 хувийг “Сумитомо” худалдаж авах нөхцөл байдал үүсэх талтай.

 Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг