sonin.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг журмын нөхөддөө, толгойлж байсан танхимынхаа сайд нарт тун их гомдсон бололтой юм. Саяхан л “Эр хоёр загал” шиг хөтлөлцөх нь холгүй гүйж явсан ч салаа замын эрхээр салж, өөрийнх нь суудал дээр суусан нөхрөө “Сайханбилэгээ наад популизм чинь дэндэж байна” хэмээн загнасан бол журмын нөхөдтэйгөө ч тэр бүр ойртоод байх сонирхолгүй болжээ. Бүлгийн хурал дээрээ ч тогтож сууж чадалгүй яаравчлан гарч одсон тэрээр ордны хонгилд таарсан хуучин танхимынхаа сайд нартай ч санд мэнд гар барьсан болоод дөлж одно лээ.

Болж л өгвөл өрөө рүүгээ гүйгээд байх болсон ерөнхий асан Н.Алтанхуягийг журмын нөхөд нь яаж ч чадахгүй хий дэмий л мушиймар болчихоод тойрч гүйлдээд байгаа. Урьд нь хээгүй, хэнэггүй хааяа нэг “задгай цагаан” аваад хаячихдаг байсан ерөнхий асны энэхүү гэнэтийн их өөрчлөлтийг зарим хүн “удахгүй зүгээр болчихно” гэж оношилж байгаа бол зарим нь “мөн ч их гомдсон хүн юм даа” хэмээн тодорхойлсон дуулдав. Ямартай ч ерөнхий асан Н.Алтанхуягийн царайд одоогоор мишээл тодрохгүй л гүйгээд байна.

Эх сурвалж: