sonin.mn

Бие даагч гурав хилэнтэй байна. Ажил үүргийн хуваарилалт нь тодорхойгүй 17 дэд сайдын орон тоог цомхотгож, улсын төсвөөс жилд 600 сая төгрөг хэмнэх гэж “муйхарласан” С.Ганбаатар гишүүний үйлдлийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Дэд сайдуудын орон тоог хасах шаардлагагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн бол санал хураалтаар олонхийн дэмжлэг авалгүй унасных нь дараа УИХ-ын дарга З.Энхболд “Нэг өдрийн популизм үүгээр дууслаа” хэмээн даапаалсанд тун их ууртай байна.

Тэдний хилэнг “өт хүртэл биенд нь хүрэхээр атиралддаг” байгалийн хуулиар оношилж болно. Хашир, хийгүй УИХ-ын дарга хааяа нэг илүү үг амнаасаа унагачихаад байх болсон. Энэ удаа З.Энхболд даргын хоржоонтой үгийн хариуд бие даагч гишүүд “Ард түмнээс сонгогдсон түшээдийг микрофон ашиглаж доромжилбол бид гурав хариуцлага тооцно. Тэгж ярьвал хууль бусаар УИХ-ын дарга болсон. Бидний үгийг хорих хязгаарлах нь хэрээс хэтэрч байна.


Энэ хүн бол намын дарга, намын төлөөлөл. Бид бол ард түмний төлөөлөл. Энэ хоёрын хооронд асар том зөрүү бий. Дахин хэн нэгэн гишүүний нэр төрд микрофон ашиглаж халдах юм бол маш хатуу арга хэмжээ авна. Микрофон ашиглаад хэн нэгнийг доромжлоод сууж бай гэж тэр хүнийг сонгоогүй” хэмээн хилэнтэй мэдэгдэв. Тэр ч байтугай УИХ-ыг хууль зөрчсөн хэмжээн үзэж, үндсэн хуулийн цэцэд хандах болсноо илэрхийлнэ лээ.


Эх сурвалж: