sonin.mn

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Санаачлагчдынх нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үүнд их л сэтгэл хангалуун байгаа бололтой. Хэдийгээр нийгэмд болохгүй, бүтэхгүй бүхий л асуудал архи, согтууруулах ундаанаас их, бага хэмжээгээр хамааралтай гэгддэг ч хууль санаачлах цаашлаад дэмжин баталж, хэрэгжүүлэхэд учир их бий. Өөрөөр хэлбэл тухайн цаг үе, нийгэмдээ таалагдахын тулд хэрэгжүүлэхэд сөрөг үр дагавар ихтэй хуулийн төсөл санаачилдаг нь олныг эгдүүцлийг хүргэж байна. Яг энэ зарчмаар өргөн баригдсан Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өнөөгийн парламентын гишүүд хэрхэх бол.

Энэхүү төслийг өргөн барьсан даруйд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан ч тэгсхийгээд намжсан. Мэдээж хэлэлцэх хугацаа нь болоогүй байсан учраас тэр биз. Монголчуудын хувьд архи, согтууруулах ундаанд дуртайдаа бус даган гарах үр дагаварыг нь тооцоолж, төсөөлж харсан учраас анхнаасаа эсэргүүцэж байсан болов уу.

Уг нь “хуулийн зорилт нь бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, согтууруулах ундааны хор уршгаас хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах замаар зохицуулахад оршино.” гэсэн байгаа юм. Гэвч эцсийн бүлэгтээ сархадын хэрэглээг хуулиар зохицуулж байсан тохиолдол бараг байхгүй. Харин ч хориглох тусам нууц байдалд шилжиж, өнөөх “шаг” нь хаданд гараад эхэлдэг гэдэг.


Шулуухан хэлэхэд энэ удаагийн хуулийн төслийг харахад авлигыг цэцэглүүлж, ард түмний хоолыг хасах зорилго агуулж байгаа нь илэрхий байгаа юм. Тухайлбал, хуулийн төсөлд тусгаснаар бол архи, согтууруулах ундааг одоогийн найман нэрийн дэлгүүрээр худалдааж буй байд­­лыг зогсоож, тусгай цэг байгуулах, тухайн хэсгийн сум, дүүрэг/ хүн амын тооноос хамаарч архи худалдаалах цэгийн тоог тодорхойлох аж. Ингэхдээ согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрлийг хэнд олгохоо Засаг дарга нар нь шийдэх юм гэнэ. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг мөн л Засаг ноёдын гарт шилжүүлэх аж.

Өөрөөр хэлбэл, Засаг ноёнд “талтай” хандаж чадсан нь энэхүү зөвшөөрлийг авна гэсэн үг. Тэгсэн хэрнээ архи үйлдвэрлэгчид хийгээд импортлогчдод олгох зөвшөөрлийг Засгийн газрын мэдэлд үлдээхээр хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Энэ нь цаад утгаараа жижиг бизнес эрхлэгчдийг боомилж, салбартаа хөлөө олж, хүчээ авсан нөхдийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж буйгаас ялгаагүй болж байгаа хэрэг. Учир нь, эцсийн бүтээгдэхүүнийг борлуулагчид 10-20 хувийн ашиг харж ажилладаг тухай жижиг бизнес эрхлэгчид хэлдэг. Гэтэл тэрхүү бага ашиг ологчдийг хуулийн хүчээр далайлган боомилж, боломж, чадал чинь хүрвэл Засаг даргатайгаа тохирч дараагийн зөвшөөрлөө ав гэх шахалтад оруулахаар төлөвлөсөн бололтой.

Тэр ч байтугай одоогийн хэлж заншсан, нэрлэж сурснаар найман нэрийн дэлгүүрүүдийг хааж, энэ зах зээлд хэдхэн монополь дэлгүүр бий болгох гэсэн далд санаа агуулагдаж байна уу гэлтэй. Монополь байдлыг бий болгохын тулд заавал бусдаас илүүг төлж, давж гардаг нь бичигдээгүй хууль. Тиймээс л согтууруулах ундаа худалдан борлуулагчид одооноос тусгай зөвшөөрлийнхөө төлөө санааширч, авлигын хэмжээ өсөх нь хэмээн халаглах болжээ.

Мэдээж энэ төрлийн хууль Монголд огт хэрэггүй зүйл биш. Гэхдээ хэн нэгэн олон нийтэд таалагдахын тулд хөнгөн хуумгай хандах бус тун ч чамбай боловруулсан байх шаардлагатай байгаа нь өмнөх буюу одоо хэрэгжиж буй хуулиудаас бэлхнээ харагдаж байгаа.

Шинэ хуулийн төслийг дэлгэрэнгүй байдлаар авч үзвэл зөвшөөрлийг ингэж олгоно л гэсэн болохоос биш хяналт тавих арга нь үнэндээ амьдралд хэрэгжих гэхээсээ илүү нүд хуурсан ажил болох нь тодорхой байгаа юм. Тухайлбал, уг хуулийн төсөлд “Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг ням гарагт 10-18 цагт, бусад өдрүүдэд 10-21 цагийн хооронд, спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг 10-24 цагийн хооронд худалдана” гэж заасан байна.

Харин спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх бол 10-21 цаг, сул агууламжтай согтууруулах ундааг 10-24 цагийн хооронд ажиллах боломжтой гэжээ. Яах вэ, хуулийн зорилго нь архины хэрэглээг багасгах гэсэн болохоор цагийн хязгаар зааж, тухайн газар нутагт байрших тоог нь цөөрүүлэхийг эрмэлзсэн байх. Гэвч хязгаар тогтоолоо гээд хэрэглээ багасдаггүй. Харин ч хориглох тусам хэрэглээ болон эрэлт нь нэмэгддэг. Тиймээс аливаа асуудлыг олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ гэх “цаасан малгай”-гаар халхавч хийн нийгэмд сөрөг үр дагавар авч ирэх хуулийн төслөө эргэн харах ёстой баймаар.

Эх сурвалж: