sonin.mn

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, урамшуулан алдар­ шуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны нэгдүгээр сарын 4­ний өдрийн хуралдаанаар гаргасан. Энэ цагаас хойш иргэдийн дунд гурван сая дахь иргэн хэзээ, хаана мэндлэх бол гэсэн хүлээлт үүссэн билээ. Харин хүлээлтийн хариу гарахад тавхан хоног үлдлээ. Учир нь, энэ сард багтаж гурван сая дахь иргэн мэндэлнэ гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тиймээс энэ сард тэр дундаа 19­нөөс хойш амаржсан эхчүүд бүр илүү их найдлага тавьж, хүлээж байгаа нь мэдээж.

Учир нь, энэ сарын 19­нөөс хойш амаржсан эхчүүдэд эх, хүүхдийн төрсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бичсэн гэрчилгээг олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэрчилгээг авсан эхчүүд гурван сая дахь иргэнийг төрүүлсэн байх магадлал өндөр гэсэн үг. Хүн амынхаа тоог өдөр бүр буюу цаг тухайд мэдээлэхгүй байгаа нь гурван сая дахь иргэнийг тодруулахад дундуур нь “но” орохвий гэсэн хардлагыг иргэдэд төрүүлж байгаа юм. Тиймээс бид гурван сая дахь иргэн хэдийд, хаана мэндэлснийг хэзээ олон нийтэд ил болгох талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодруулсан.
 
А.Амарбал: Мэдээллийн санд зэрэг нэвтэрч гурван сая дахь иргэнийг тодруулна

-Манай улсын хүн амын тоо өнөөдрийн байдлаар хэд хүрч байна вэ. Энэ сард хэчнээн хүүхэд мэндэлсэн бол?


-Ерөнхийдөө бэлтгэл ажлын хүрээнд мэдээллээ цуглуулж байна. Энэ сарын 19-ний өдрөөс 21 аймаг, найман төрөх эмнэлэгт мэндэлсэн хүүхдийнхээ мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар шивээд манай мэдээллийн сан руу явуулж байна. Тиймээс өнөөдрийн байдлаар хүн ам хэдэд хүрсэн, хэчнээн хүүхэд мэндэлсэн талаарх тодорхой тоо баримт байхгүй. Тухайн мэдээллийн сан руу нэвтэрч үзэхэд тодорхой болох юм.

-Гурван сая дахь энэ сарын 19-30-ний хооронд мэндэлнэ гэсэн тооцоо гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар гурван сая дахь иргэн мэндэлсэн ч байж магадгүй юм биш үү. Мэдээллийн сайт руу хэн, хэзээ нэвтэрч, хүн амынхаа тоог харах вэ?

-Аймаг болон төрөх газрууд өөрсдийн эрхийн дагуу мэдээллээ шивж явуулдаг болохоор бид дуртай үедээ орж харах боломжгүй. Гэхдээ ойрын хугацаанд Үндэсний статистикийн хорооны дарга, мэргэжилтэн бид гурав нэгэн зэрэг тухайн сан руу гурван өөр кодоор нэвтэрч, мэдээллийг харна. Өөрөөр хэлбэл, хэзээ, хаана мэндэлсэн ямар хүүхэд гурван сая дахь иргэнээр бүртгэгдсэн байна гэдгийг тодруулна гэсэн үг. Ямар ч байсан энэ сард багтаж гурван сая дахь иргэн мэндэлнэ. Суурь хүнийхээ тоон дээр мэндэлсэн хүүхдийн тоог нэмээд түүнээсээ нас барсан хүнийхээ тоог хассанаар гурван сая дахь иргэн тодорно.

-Өдөрт хэчнээн хүүхэд мэндэлж, хэчнээн хүн нас бардаг вэ?

-Дунджаар 200 гаруй хүүхэд мэндэлж, 40 гаруй хүн нас бардаг.

-Танайх цахим бүртгэлийн ил тоолуураа хаасан байна. Энэ нь гурван сая дахь иргэнийг тодруулахад ямар нэгэн асуудал гарахвий гэсэн хардлагыг хүмүүст төрүүлж байх шиг байна?

-Цахим бүртгэлийн ил тоолуурт хүн амын тоо тооцооны дундаж утгаар гардаг юм. Өөрөөр хэлбэл, мэндэлсэн хүүхэд, нас барсан хүн хоёулаа тооцооны утгаар гардаг болохоор барагцаалсан тоо гэсэн үг. Харин гурван сая дахь иргэнийг бүртгэсэн бодит төрөлт, тооцоолсон нас баралт хоёрын зөрүүгээр тодруулах гэж байна. Тиймээс хүмүүсийн дунд будилаан үүсгэхгүйн тулд цахим бүртгэлийн ил тоолуурыг хаасан гэв.

Биднийг нэгдүгээр амаржих газарт очиход өлгийтэй бяцхан үрээ тэвэрсэн ээжүүд эмнэлгийн хаалгаар гарч байсан юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо. Чингэлтэй дүүргийн иргэн У.Насанжаргал “Энэ сарын 20-нд амаржиж, охинтой болсон. Өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эмнэлэг ачаалал ихтэй юм. Гэхдээ гурав дахь, дөрөв дэх өдөр бүр илүү их ачаалалтай байдаг юм байна.

Энэ сарын 19-өөс хойш төрсөн болохоор эх, хүүхдийн төрсөн талаар бичсэн хуудас өгсөн. Энэ нь гурван сая дахь иргэн болсон тохиолдолд нотлох баримт юм байна” гэв. Баянгол дүүргийн иргэн Д.Гүнжинлхам энэ сарын 25-нд амаржиж охинтой болсон байна. Мөн адил эх, хүүхдийн төрсөн талаар дэлгэрэнгүй бичсэн гэрчилгээг өгсөн гэнэ. Манай улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар хоёр сая 995 мянга 949 хүн амтай гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан.

Үүнээс үзэхэд энэ сард4051 хүүхэд мэндлэхэд манай улсын хүн амын тоо гурван саяд хүрнэ гэсэн үг. Ямартай ч, гурван сая дахь иргэн өнөөдрийн байдлаар мэндэлсэн ч байж магадгүй гэсэн таамгыг хүн бүр хэлж байна. Тиймээс бид төрөх эмнэлгүүд мэндэлсэн хүүхдийнхээ бүртгэлийг хэрхэн хийж, тоог нь ямар байдлаар Үндэсний статистикийн газар болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгч байгаа талаар “Өргөө” буюу нэгдүгээр амаржих газрын статистикч эмч Д.Сумъяагаас тодрууллаа.

 

Д.Сумъяа: 19-өөс хойш төрсөн эхчүүдэд гэрчилгээ өгч байна

-Гурван сая дахь иргэн энэ сард багтаж мэндэлнэ гэсэн тооцоо гарсан. Тэгвэл танай эмнэлэгт өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд мэндэлсэн бэ. Тоог ямар байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газар руу явуулж байна вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний 00.00 цагаас 18-ны 24.00 цаг хүртэлх хугацаанд 746 хүүхэд мэндэлсэн байна. Дээрх хугацаанд бид мэндэлсэн хүүхдийнхээ тоог долоо хоног бүрээр нь Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Үндэсний статистикийн газарт өгч байсан. Дараа нь дээрх хүүхдүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг явуулсан. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийнх нь нэр, регистрийн дугаарыг нь бичиж, Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгсөн.

Энэ сарын 25-нд нийт 31 эх амаржиж, ихэртэйгээ нийлээд 32 хүүхэд хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар буюу 26-ны 00.00-12.00 цаг буюу нэгдүгээр хагасын байдлаар 22 хүүхэд мэндэлжээ. Харин энэ сарын 19-ний 00.00 цагаас эхлэн мэндэлсэн хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өдөр бүр нэгдүгээр хагас, хоёрдугаар хагас гэсэн хоёр хэлбэрээр өгч байна. Мөн төрөлтийн дэлгэрэнгүй бүртгэлийн маягт дээр мэдээллийг давхар бичиж байна.

 
-Энэ сарын 19-нөөс эх, хүүхдийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хөтөлж, тоог нь өдөр бүр шуурхай өгч байгаа юм байна. Бүртгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Эх, хүүхдийн төрсөн тухай гэрчилгээг бөглөж, нэг хувийг ээжид нь өгч, нөгөөг нь эмнэлэгт авч үлдэж байна. Үүнийг гурван сая дахь иргэнийг тодруулахтай холбоотойгоор энэ сарын 19-өөс хойш төрсөн бүх ээжид өгч байна. Тухайн хуудаст эмнэлгийн болон амаржсан эх, хүүхдийн талаарх мэдээлэл багтаж байгаа. Тухайлбал, эцэг, эхийн овог, нэр, регистерийн дугаар, хэд дэх төрөлт, хэдэн цаг хэдэн минутад ямар хүйстэй, хэдэн грамм жинтэй, хэдэн см урттай хүүхэд мэндэлсэн. Мөн ээжийн гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг бичнэ. Дээрх мэдээллээс гадна эмчийн үнэлгээ байх ёстой. Гурван сая дахь иргэн болсон эсэхийг тухайн хуудсаар нотолно гэсэн үг.

-Төрөх эмнэлгүүд сүүлийн жилүүдэд ачаалал ихтэй ажиллаж байна. Танай эмнэлэгт өнгөрсөн онд нийт хэчнээн эх амаржсан бэ?
 
-Манай эмнэлэгт 16002 эх амаржиж, ихэр хүүхдийнхээ тоотой нийлээд 16107 хүүхдийг өлгийдөж авсан.

Гурван сая дахь иргэнийг гурван өрөө орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний 70 сая хүртэлх төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлэх юм. Үүнд нийт 958 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэх логог бүтээсэн. Одоо зөвхөн гурван сая дахь иргэнийг тодруулах л үлдэж байна. Хэн гэдэг аав, ээжийн азтай хүү эсвэл охин гурван сая дахь иргэн болж олны хүлээлтийг эвдэх бол.

Д.Нэргүй

Эх сурвалж: