sonin.mn

Хуучин тогтолцооны үеэс соёл, урлагийн буюу “Үзэл суртал”-ын гэгдэх албан зүтгэж элдэв дарга даамлын сэтэр зүүж явсан миний мэтийн хүнд оролцож байсан хурал, зөвлөлгөөн, семинар гэж тойм байхгүй. Их бага, бүгд, зохиолчид, яруу найрагч, соёлын ажилтны, үзэл суртлын, улс бүсийн, аймгийн гээд нэр тодотгол нь янз янз, урилга хөтөлбөр нь ижилгүй.

Тэр олон хурал зөвлөгөөний дотроос өнөө хэрнээ мартагддаггүй нэгэн онцгой зөвлөлгөөнд оролцсон минь ихээхэн завшаантай хэрэг болсон юм. Энэ нь одоогоос 25 жилийн өмнөх явдал. Миний бие шүлгийн анхны номоо гаргачихсан байсны дээр Монголын зохиолчдын эвлэлд элсээд удаагүй байсан цаг. Тэр үед би аймгийн Намын хорооны ахлах лектор буюу эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хэмээх албыг хашиж хэрдээ хөөрхөн "улаан коммунист” маягийн юм контор сахивч, угийн заяа мал чанараараа аймгийн утга зохиолын дугуйлангийн гишүүд, идэвхтэн нэртэй хэдэн дүү нараа дагуулан “салхилж” үе үе дэг алдана.

Мөн аймгийн намын хорооны нэрээр урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж “өөрчлөн байгуулалт”-ын салхийг хөгжөөнө. Ийм маягаар ажил, уран бүтээлийн цаг наргүй хөдөлмөрөө үргэлжлүүлж суутал төвөөс бичиг ирж залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн болох тухай зар тарах нь тэр. Аймгийн утга зохиолын дугуйлан, хөгжимчдийн холбоо, дүрслэх урлагийн салбар зэрэг газрууд хурлаа хийж, уул зөвлөлгөөнд оролцох төлөөлөгчдөө сонгож, аймгийн намын хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга И.Равданд ирүүллээ.

Эндээс гарсан эцсийн шийдвэрээр уул зөвлөлгөөнд аймгийн ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн, зураач Р.Баярсайхан бид гурав оролцохоор болов. Ингэж би өнөө хэрнээ мартагддаггүй тэр зөвлөлгөөнд оролцсон хэрэг. Биднийг МХЗЭ-ийн төв хороон дээр бүртгэсэн боловч элдэв гоё урилга хөтөлбөр өгсөнгүй.

Ганцхан мандат гэсэн алган чинээ цаас өгөөд “Залуучууд” зочид буудалд байрлуулав. Маргааш нь зөвлөлгөөн маань Хүүхэд, залуучуудын соёлын төвийн гол танхимд нээгдэж, хурал удирдах хоёр хүнээс өөр тэргүүлэгчгүй, Улс төрийн товчооны гишүүдийг жирийн төлөөлөгчдийн дунд суулгасан, урьд үзээгүй хачин байдлыг үзүүлэв, Хурлын илтгэл гэж сүртэй юм байсангүй.

Зөвлөлгөөнд оролцогчид үзэл бодлоо илэрхийлж, тухайн үеийн урлаг, соёлын хөгжил, цензур, нийгмийн оюун санааны түгжигдмэл байдйл, улс төрийн тогтолцооны царцанги, тогтонги байдал зэргийг шүүмжилж, хуралд эхнээс нь орж ирсэн МАХН-ын УТТ-ний гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны дарга Б.Алтангэрэл тэргүүнтэй коммунист үзэл сурталчдыг улалзуулж гарав.

“Залуучуудын үнэн” сонины сурвалжлагч н.Даваадоржийн санал болгосноор үг хэлэх хүмүүс цаас харалгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дэг тогтоож, өмнө ярьж болдоггүй, хаалттай сэдвүүд яригдаж, нийгмийн оюун санаанд ямар их олон асуудал бугилж, хорсол зэвүүцэл төрүүлж буйг нам төрийн сонорт хүргэж чадав. Ялангуяа соёл урлаг нь коммунист үзэл суртлын хатуу төмөр хашаанд орж, ямарч хөгжил хөдөлгөөнгүй зөвхөн нэг намын гарт ард түмний тархи угаах зэвсэг болж байгааг дэлгэн тавилаа.

Зураач н.Пүрэвсүх агсан дээрх санааг агуулсан шүүмжлэл тавьж, “Яагаад ингэж урлагийн хөгжил хөдөлгөөнийг хашиж бариад байгааг Алтангэрэл даргаас шууд асууж хариулт авмаар байна” гэж тулган шаардаж байсан нь тод санагдана. Алтангэрэл гуай ямар нэг хэмжээгээр тулгамдсан ч зөвлөлгөөний туршид гарсан бүх асуудлыг нэгтгэн дүгнэж хурлын төгсгөлд хариу өгнө гэж хөөрхөн зай авч билээ.

Ийм маягаар хурал үргэлжилсээр байв. Харин засварлага болох тоолонд АА-ийн дэслэгчийн хувцастай жижигхэн залуу индэр дээр үсрэн гарч, “Залуусаа завсарлагааны энэ цагийг ашиглаад бид нэг зүйлийг санал болгох гэсэн юм. Залуучуудын эрх ашгийг хамгаалсан нэгэн чөлөөт байгууллагыг бид байгуулж байна. "Бүгдээрээ нэгдэцгээе" гэсэн санаа бүхий үг хэлж олонлогийг өөрийн зуг татаж байв.

Би урд өмнө үзээгүй, танихгүй тэр залууг хэн болохыг хүнээс асуувал “Улаан од” сонины сурвалжлагч Ц.Элбэгдорж гэгч гэнэ. Ингэж анх ардчилсан хувьсгалын партизануудын нэг өнөөгийн нэрт улс төрч, төрийн зүтгэлтэн, зохиолч Элбэгдоржийг мэдэж авч билээ. Уг нь өмнөхөн нь “Хөдөлмөр” сонинд бидний хэдэн залуу зохиолчдын шүлэг хэвлэгдсэний дотор Ц.Элбэгдоржийн,

Удахгүйгээ мэдэхгүй ирсэн дээ
... Урсан одох өдөр хоногууд минь
Уралдан давхих ороо морьд минь
Амьдралд би нэгийг чинь унаж ирсэн.
Нартын цэцэг олон байлаа ч
Насан хутаг хайрлах нь үгүй юм даа.
Хорвоогийн амьдрал эцэс төгсгөлгүй гэлээ ч
Хором бүхэн нь амь юм даа.
Үхэл ирэхдээ чимээ гаргах биш дээ.
Өөдөөс минь л ойртож явааг би мэднэ.
Хүн бүдрэх нэг л хонхрыг дүүргэж
Хүн шиг л хүнд зам засаж өгнө.
Ус ууж, шагай нясалж
Уйлсан ч инээсэн ч жаргал минь гэж баярлах
Уйтай наргиантай амьдралд
Удахгүйгээ мэдэхгүй ирсэн дээ.

Ц. Элбэгдорж гэсэн мөр бадаг бүхий шүлэг хэвлэгдсэн юм. (хувийн цуглууулгаас авав) Уул шүлгийн агууламж, утга санаа зэргээс ажиглахад эхлэн бичигч минь цаг үеэ арай л өөр өнцгөөс харж, шүлгийн хуучин хэв маягаас зайлсхийж өөрийн өнгө аястай бичиж байсан аж. Энэ зөвлөлгөөний үед биесээ сонины хуудаснаас таньдаг ичнээ танил яруу найрагч, зураачид уулзан учирч хоёр өдрийн турш дуу дуугаа авалцан хөгжиж билээ.

Надтай тэр үед зүс үзээгүй явсан Дорнодын Ж.Нэргүй, Дундговийн А.Лхагва, 1982 онд Баянхонгорт болсон залуу зохиолчдын зөвлөлгөөний үед танилцаж байсан В.Батбаяр нар уулзан танилцаж, шүлэг бүхий дурсамжийн хуудсаа бэлэглэж байсан нь миний цуглуулгад өнөө хэр нь хадгалагдсаар байна. Би Өвөрхангай аймгийн утга зохиолынхоо дугуйлангийн үзэг нэгт нөхдийн богино шүлгүүдээр уул зөвлөлгөөнд зориулж “Сувдан эрхи” хэмээх жижиг ном хэвлүүлж очсоноо танил болон танилцсан нөхөддөө бэлэглэж байсан нь хэн нэгэнд нь хадаглагдаж байж мэднэ.

Тэр цагаас хойш Ардчилсан хувьсгал гарч, нийгмийн амьдрал хувьсан өөрчлөгдөж, Монголын ниигмийн сэтгэлзүйд эргэлт гарч, цоо шинэ ахуй ухамсрын цогц буй боллоо. Монголчууд дэлхий дахины амьдрал тэмцлийг социализм гэгч ганц тийш харсан улаан сэхээвчээр бус хүний эрх, эрх чөлөөний гэрэлт цонхоор бүрэн дүүрэн харж байна. Энэ их үйл явцын эхлэлийг 1989 оны арваннэгдүгээр сарын 27, 28 нд болсон залуу уран бүтээлчдийн нэртэй тэр зөвлөлгөөн тавьсан гэх бүрэн үндэстэй.

Тэр үеийн ЗХУ-д өрнөж байсан “перестройка”-гийн нөлөөгөөр манай оронд үүсэн бүрэлдэж байсан “өөрчлөн байгуулалт”-ын үзэл санааг улам хөгжөөж, улмаар социолизмыг засварлах төдий бус бүтцээр нь өөрчлөх гэсэн тийм нэг алсын санаа тус зөвлөлгөөнд оролцогчдоор дамжин Монгол улсын өнцөг булан бүхэнд хүрсэн юм.
Зөвлөлгөөний үед гараад удаагүй байсан кино найруулагч Жумдааны “Эргүүлэг” киног бараг хаалттай үзүүлсэн нь “бидний амьдарч буй социалист нийгэм чинь ямар муухай ялзралд орж байгаа юм бэ. Цаашид яанаа” гэсэн айдас түгшүүрийг төрүүлж, коммунист үзэл суртлын хуурмаг хөшгийг хуу татах хүсэл зоригийг ямар нэг хэмжээгээр өдөөж билээ.

Хүмүүсийн хэлж ярьсан зүйл, үзүүлсэн киноны өгүүлэмж социализмын хүнд суртал, ялзрал доройтол, царцанги хөшүүн байдал зэргийг цогц далд аясаараа залуу халуун зүрх бүхэнд хүргэж чадсан юм.

Зөвлөлгөөний өдрүүд өнгөрөв үү, үгүй юу Ховд, Улаанбаатар, Дархан, Хөвсгөл, Өвөрхангай гээд олон газруудад ардчиллын уриа лоозон хадаж, жагсаал цуглаан болж, хувьсгалын үйл хэрэг өрнөж билээ. Мөхөс миний бие хүртэл орон нутагтаа очиж нийгэм, улстөрийн амьдралд үүсэн бүрэлдсэн ялзрал доройтол, олон түмний оюун санааны өөрчлөлт зэргийг аймгийн утга зохиолын дугуйлангийн нөхөд болон шинэчлэгч үзэл санаа бүхий хүмүүст ярьж хэлж гарлаа.

Аймгийн “Хөдөлмөрийн төлөө” сонинд ардчилсан үзэл санаа бүхий нийтлэлүүдээ хэвлүүлэв. Улмаар өөрийн ажиллаж байсан аймгийн намын хорооны хүнд суртал, хуучинсаг үзлийг шүүмжилж захидал бичиж, хөөрхөн шуугиан тариад ардчилалыг тууштай дэмжиж, ерөнхийдөө коммунистуудад үзэгдэх болов. Энэ үед аймгийн барилга угсралтын трестийн Адъяа, Батжаргал, Төмөрбаатар, Өлзийсайхан нарын залуучууд эвлэлийн гишүүнээсээ бүрэн татгалзаж, МоАХ-ны салбар байгуулж ардчиллын уриагаар аймгийг доргиож эхлэв.

Улаанбаатар хотоос Амарсанаа, Баасан, Дарь Сүхбаатар нар ирж хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзаж, аймгийн ардчиллын үйл явцыг эрчимжүүллээ. Эдгээр ардчилагч нараар ардчиллыг дэмжигч Долгорын Сүхбаатараас надад нэг захиа ирснийг аймгийн намын комисс мэдэж, тэр өдөрт нь намайг шалгаж намын гишүүнээс хөөхийг сануулж донгодов.

Удалгүй болсон аймгийн намын хорооны бага хурал дээр миний бие намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Ухнаагийн ажлын арга барил, үзэл санааны хоцрогдлыг шүүмжилж, коммунистуудад бүрэн хавчигдах болов. Гэхдээ тэдний дотор намайг дэмжиж байсан хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Ингэснээр би МАХН-ын гишүүнээс бүрэн татагалзаж, мэргэжлийн ажилдаа шилжин өөртөө эрх чөлөө олж авч билээ.

Энэ үед аймгийн ардчилсан холбоо “Хүлэг” хэмээх сонинтой болсон нь мань мэтийн хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байх боломж нээгдэв. Ингэж миний бие тээр жилийн тэр нэг зөвлөлгөөнд оролцсоноор үзэл санаа, үйл хэрэпгээ эргэлт гаргаж, хүний эрх, эрх чөлөөний тухай шинэ ойлгоцтой болж түүндээ үнэнч явсаар 25 жилийг үдлээ.
Цаашид ч энэ л шугамаараа итгэл төгс алхах болно. Харин аймгийн МАХН-ын дарга болон дарганцар явсан коммунистууд надаас илт цэрвэж “урвагч” мэтээр үзэж, хорсолтойгоор хойноос харж, хорон муу үгээр “хов базаж” байдгийг мэддэг ч өөрөөсөө үл урвана. Жингэр, банхарууд хичнээн хуцавч жингийн цуваа хөвөрсөөр байна.

Н.Даваадаш  /МУСГЗ/