sonin.mn

...Хэн нэгний буруу үйлдэл хийгээд буруугаар хэлсэн үгний төлөө хүмүүс зэвүүцдэг. Уг үг, үйлдэл нь өөрийн санаж  бодсоноос зөрүүтэй байснаас илүүтэйгээр өөрт нь хор хохирол учруулах мэт санагдахад тэр хүнийг "үзэн ядаж" эхэлнэ. Сэтгэл доторхи "Яадаг .... вэ?" хэмээх үглэлээс уг хүнийг ямар нэгэн байдлаар "чадаж" хариугаа авах хүртэлх эгдүүцэл нь, үзэн ядахын хязгаар.

 

Үзэн ядалтын улмаас уг хүнээс "өшөө авч", хэн ч биш болгох хариу үйлдэл бүрийн сайн муу үр дагавартаа хүн болгон сэтгэл нь ханаж "таашаал" авч байдаг гэвэл эргэлзээтэй. Харин нэг л зүйлийг, "би өөрөө энд ямар буруутай вэ?" гэдэг асуултыг бид өөртөө тавьдаггүй л юм даа. Чиний дургүйцлийг төрүүлж, чамд муу нөлөө үзүүлээд байгаа буруу үг, үйлдэлд чи өөрөө их бага ямар нэгэн хэмжээгээр буруутай байх нь түгээмэл тохиолдол.


УЛСТӨРЧДИЙГ ҮЗЭН ЯДАХУЙ


Өнөөгийн Монголын улстөрийн буруу тогтолцоо нь, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий улстөрчдийг олон нийтээрээ хараан зүхэх шалтаг болж буй. Хүмүүс гайхдаг юм. "Энэ овоо гайгүй залуу юм шиг санагдаад байсан чинь улстөрд ороод л бусадтайгаа адилхан "новш" болоод хувирчих юм даа?" гэж. Гудамжинд олон нийтийг уриалан "цогт тэмцэгч", "гандан буурашгүй эх оронч" хэмээн үнэлэгдэж байсан цөөн биш залуус улстөрд ороод тэр л эрч нь харьж, хааяа нэг "ёсыг бодож", "нэр хичээж" дуугарахчаа аядаж байгаагаас үүнийг мэдэрч болно.

 

Монголын улстөрд сайн, саар, бүр муу ёс зүй, ухамсартай олон хүмүүс бий. Харин тэд өнөөгийн улстөрийн тогоон дунд орохдоо хүссэн хүсээгүй живж эхэлнэ. Эцэстээ бусадтай л адил сайн улстөрчийн  "дүр бүтээн", алиалж эхэлдэг. Яг л тув тунгалаг усанд эрх чөлөөтэй сэлж явсан загас, урсгалгүй тогтоол усанд ороод бусадтайгаа адил өмхийрч эхэлдэгтэй адил.


Монголын улстөрд СУДАЛГАА ТООЦООЛОЛГҮЙГЭЭР ШИЙДВЭР ГАРГАДАГ, хэлсэн үг болоод хийсэн муу үйлдлийнхээ төлөө ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ, мэдээллийг өрсөж авах, шийдвэрт нөлөөлөх эрх мэдлийнхээ ачаар өөр хоорондоо хуйвалдан ТЕНДЕРҮҮДИЙГ ХЙВАЛДАН АВЧ, ЗАВШИЖ БАЯЖДАГ, шийдвэр гаргах шаталсан эрх мэдлүүд дээр бүлэглэлүүдийн тохиролцоогоор өөрсдийн "утсан хүүхэлдэй" нарыг томилж, тэднээр дамжуулан АВИЛГАЛ АВЧ, УЛС НИЙТИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛАН ЗАВШДАГ, хамтарч хийсэн хулгай луйвраа ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛАН ХАМГААЛДАГ бохир тогтолцоо бий болжээ.

Тэд маш сайхан ярьцгаадаг авч, юу ч хийдэггүй. Тэдний зарим нь шударга байх гэж хичээх авч, мөнгөний шуналд хүлэгдсэн арчаагүй сэтгэлгээнээсээ болоод "сохрын газар сохорч, доголонгийн газарт доголж" явахаас өөр сонголт үгүй. Яг үнэндээ байна шүү дээ, одоо нүүрлээд байгаа "хямрал" гэгч олон нийт биднээс бус, Монголын эдийн засгийг бүлэглэлийн системээр хувьчлан удирдаж байгаа өнөөгийн улстөрчдөөс болсон юм шүү дээ. "Муу нохойн ходоодонд шар тос зохидоггүй" гэдэгчлэн, ахиухан мөнгө олох мөчдөө учиргүй хөөрөн баясаж, хэрэглээгээ хэт өндөрсгөн "баярхаж гайхуулаад" байсанд хамаг шалтгаан байгаа.


Бид үүнд өөрсдөө буруутай юу? гэвэл буруутай. Монгол Улсын "Үндсэн хууль" д зааснаар Монгол Улсын иргэд бид, төрөө удирдах түшээдээ өөрсдийгөө төлөөлүүлэн өөрсдөө сонгодог. Эхэндээ учраа олохгүй мунгинаж байсан бол дунд хэрд нь бэлэн мөнгөний амлалтад хууртагдаж, одоо бол "хэн ч байсан адилдаа адил" гэж бодох авч, "юмыг яаж мэдэх вэ" хэмээн зусардсан сэтгэлгээгээр санал өгцгөөнө.

Нийгмийг хагаралдуулан хуваасан НАМ хэмээх бүлэглэлүүд гишүүнчлэлээрээ дамжуулан олон нийтэд сайн муу бүх л аргаар сонгуульд нөлөөлөхийг хичээдэг. Сонгуульд тэд сайхан амлалтууд олноор өгөх авч, сонгогдсон хойноо түүнийгээ умартаж орхино. Ингэлээ гээд тэдэнд хэн ч хэзээ ч ХАРИУЦЛАГА тооцохгүй. Дээд түвшний луйварчид нь сонгуулиар бус намын жагсаалтаар, олон нийт хүссэн ч эс хүссэн ч сонгогдоод л гараад ирнэ. Үүнийг тэд өөрсдөө хуульчилсан юм.

Тэгэхээр бид 2016 оны улстөрийн бүх шатны сонгуульд , 8 ЖИЛЭЭС ДЭЭШ ХУГАЦААНД шийдвэр гаргах эрх мэдэлд сонгогдон ажилласан нэг ч хүнийг сонгохгүй байх хэрэгтэй байна. Хуулинд тэдэнтэй ХАРИУЦЛАГА ТООЦОХ заалтыг заавал оруулах талаар дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Хариуцлага тооцохгүй л бол тэд хэзээд "дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэсээр" байх болно


МӨНГӨТЭЙ, БАЯН ХҮМҮҮСИЙГ ҮЗЭН ЯДАХУЙ


Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн түүхийг анзаарахад, үндэстний баячууд нь улс орны хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг.

Тэд ихэнхдээ өөрийн бизнесийн эрсдлээ өөрсдөө үүрч, их мөнгө олохын тулд шинэ техник технологийг нэвтрүүлж, олон ажилчдыг цалинжуулж бас нийгмийн асуудлыг нь хамтдаа шийднэ. Тэд нийгэмд бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгон, өрсөлдөөн дунд ялалт байгуулах хэрээрээ улс орны хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулж эхэлдэг. Зарим улс оронд үндэстний хөрөнгөтнүүд нь өөр хоорондоо нэгдэн, дэлхийн бусад орны бизнесүүдтэй өрсөлдөж амжилтад хүрсэн тохиолдлууд цөөн биш.

Засгийн газар нь бизнестэй хутгалдах тусам авилгалын сүлжээ аалзны тор мэт хэрж, "шахааны бизнес"-ийн ачаар хулгайлан баяжигчид олширч, компаны удирдлагууд нь улстөрчдийн "утсан хүүхэлдэй" болон хувирч, эцэстээ ийм бизнес дампууралд хүргэдгийг монголчууд бид "Эрдэнэт", "Таван толгой", "Оюутолгой" төслүүдийн гацаанаас мэдэрч байгаа.


"Бүгдээрээ баяжигтун" гэж уриалсан хөрөнгөтөн Данзанг хувьсгалчид цаазалсан тэр цагаас хойш, монголчууд бид баяжих хүсэл болон сэтгэлгээнээсээ холдсон. Нийгэм зах зээлийн харилцаанд шилжээд ч бид мөнгөтэй баян хүмүүсийг дэмжих биш, үзэн ядах араншиндаа хүлэгдсэн хэвээрээ. Өнөөгийн Монголд шударга хөдөлмөр хийгээд шударга бус үйлдлээр баяжигсадыг бид ав адилхан "нүдээр харж" байгаад хамаг гай байгаа юм.

 

Монголын улстөр бизнестэй нягт сүлэлдэж, хууль бусаар баяжих боломж олгож байгаа нь үүний нэгэн шалтгаан. Шударгаар бизнесээ хөгжүүлэхийг хүсч байгаа хэн боловч заавал хэн нэгэн улстөрчтэй "нөхцөлдөж", дуртай дургүй ч түүнд хувь хүртээх шаардлага нь нөгөө нэгэн шалтгаан. Тийм болоод адгийн тэнэг хүн ч гэлээ "улсаа хөгжүүлэхийн тулд бус, баяжихын тулд улстөрд ордог" гэдгийг ойлгохчоо аядаж, тэдний улыг долоон зусардаж явна.

Зүгээр л эргэн тойрноо ухаалгаар ажаад "зовж олсон мөнгөө аривлахыг хичээж байгаа", "зовохгүй олсон мөнгөө харамсахгүй цацаж, бусдад баярхан гайхуулж байгаа" үйлдлээс л шударгаар хөдөлмөрлөж баяжсан, шударга бус үйлдлээр баяжигсадыг ялган харж болно. Бид үүнд өөрсдөө буруутай юу? гэвэл буруутай. Бид өөрсдөө залхуу арчаагүй мөртлөө өрөөл бусдын уйгагүй хөдөлмөр зүтгэлийг ойлгохыг хүсэхгүй байна. Бас тэднийг дэмжихгүй байна.

Мөнгөтэй баян хүний гоёмсог машиныг хорссон сэтгэлээр хадаасаар зуран хорлох, тэр хүний хичээл зүтгэлээс суралцаж даган дуурайх хоёрын хооронд их зай буй. Нийтээрээ ажил хийхгүй залхуурч тэгсэн хэрнээ баяжиж буй хүмүүсийг нийтээрээ үзэн ядаж хорлохыг уриалагчид мундахгүй олон. Бид өөрсдөө хөдөлмөрлөж, алдаж онон баярлаж цөхөрч, хичээж зүтгэн хэцүү бэрхийг даваад ч болов өөрийн бизнесээ босгохын жаргал зовлонг мэдрэхгүй, мэдрэхийг ч хүсэхгүй байна. Их мөнгө гэдэг чинь бусдад баярлаж гайхуулахын тулд бус, бусдаас хамааралгүйгээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж гэж бид ойлгохгүй байна.

 

Хичнээн залхуу байсан ч гэлээ гадаадад гарч ажиллаж байгаа залуус үүнийг яс махаараа мэдэрч ойлгодог. Бидэнд яг л тийм бизнесийн орчин хэрэгтэй. Үүний төлөө дуу хоолойгоо нэгтгэж, бие биенээ дэмжин хамтдаа зүтгэх хэрэгтэй байна. Орилж хашгирч, бусдыг турхирч байж бус, хүн болгон хичээж хөдөлмөрлөж байж л бид сайхан амьдарна. Бусдын мөнгө бол бусдын л мөнгө. Харин миний мөнгө бол миний эрх чөлөө.


ГАДААД ХҮМҮҮСИЙГ ҮЗЭН ЯДАХУЙ


Дэлхий даяарчлагдаж буй энэ цаг үед бид хүссэн улс орондоо зорин очиж ажиллаж амьдрах боломж бүрджээ. Өдгөө дэлхийн олон улс орнуудад 250 мянга орчим монголчууд ажиллаж амьдарч байгаа гэдэг баримжаа тоо буй. Цагаачид хэдийгээр тухайн улс орны хувьд "шүдний өвчин" мэт шаналгаатай асуудлыг үүсгэдэг хэдий ч, тухайн орны иргэдийн хийж амждаггүй олон салбарт "хүнд хэцүү" ажлуудыг нугалдаг болохоор юу юугүй тэднийг хөөгөөд гаргаж зүрхэлдэггүй. Улс орон янз бүрээр ханддаг гэлээ ч гадаадад цагаачилж ажиллаж буй монголчууд тэр улсын хуулийн шаардлага дор зохицон ажиллаж амьдарч байдаг.

Тэдний хувьд тухайн орны хууль дүрмийг чанд сахин "мөрөөрөө мөөмөө унжуулаад" явж байхад дарам шахалт, доромжлол гадуурхалд тэгтлээ өртдөггүй. Хууль дүрэм журам гэдэг нь тэр улсад ажиллаж амьдрах хэм хэмжээний хязгаар. Тэднийг хууль дүрэм зөрчихөд нь хэн дуртай нь барьж аван балбаж нүдээд байлгүй, дүрэм журмынхаа дагуу асуудлыг шийдээд эх оронд нь буцаана. Олон улсад мөрдөх хэм хэмжээ нь ч энэ.


Монголд ажиллаж, амьдарч байгаа хятадууд, солонгосчууд, вьетнамуудыг дарамталж зодох, тэднийг айлган сүрдүүлэх, тэр ч бүү хэл амь насыг нь хохироох үйлдлүүд нэг бус удаа гарч буй.

Хамгийн харамсалтай нь ийм үйлдлийг олон нийтээрээ хөөргөн дэвэргэж, нийтээрээ үзэн ядах, үүнийг дэмжээгүй хүн болгоныг "урвагч", "эрлийз" гэж цоллон дарамтлах үйлдэл Монголд минь хэрээс хэтэрч байна даа. Ийм үйлдлийг "эх оронч хүмүүс" хэмээн дэвэргэгсэд цөөнгүй. Би заримдаа ийм үйлдлийг анзаарахдаа, монголчууд бид гэхээсээ илүүтэй гадны "гар хөл" бологсод оролцон дэвэргээд байна уу даа хэмээн харддаг юм. Тухайн орны иргэн гэдэг бол тэр улсын баялгийн нэг нь, бид л ингэж боддоггүй болохоос. Хүний амь нас бол ав адилхан.

Зөвхөн монгол хүн л "хүн" , бусад нь бол "мал, амьтан" гэж үзэж байгаа бол хамгийн арчаагүй хийрхэл, шууд хэлбэл солиорол. Өдий хүртэл эв зүй, их ухаанаараа авч үлдсэн Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг турхиралт. Бид нэгэн дэлхий дээр ав адилхан аж төрөх гэж хэсүүчилж буй цагаачид. Хэдийгээр монголчууд бид өөрсдийгөө "тэнгэрийн амьтад" гэж өөр хоорондоо хөөрөн онгироовч, дэлхий нийтээрээ биднийг тэгж үнэлж зөвшөөрдөггүй. Биднээс гадна энэ дэлхий дээр 200 гаруй улс, үндэстэн бий. Бидэнд бусдаас давуу эрх гэж үгүй. Харин бид юугаараа давуу гэдгээ, хичээж хөдөлмөрлөж нотлох учиртай.


Бид үүнд өөрсдөө буруутай юу? гэвэл буруутай. Бид өөрсдөө ажил хийх, өөрийн бизнесээ хөгжүүлэх дургүй байна. Барилга дээр хятадууд ажиллаж, бидний хоолыг хятадууд, солонгосууд хийж, машиныг минь вьетнамууд засварлаж байна. Бид мөнгөгүй мөртлөө ийм ажлуудыг барьж аваад хийхийг тэгтлээ хүсэхгүй байна шүү дээ. Зөндөө мундаг дээд сургуулийг төгссөн мөртлөө бид ажилгүй, ажлыг "хар" ба "цагаан" гэж ангилж голно. Ажил хийгээд жаахан мөнгө олохдоо урамшиж баярлахын оронд архи ууж гуниг хорслоо агсамнан тайлна, маргааш нь ажлаа тасалчихаад гэмших ч үгүй. Бие биендээ дипломоороо гайхуулахаас бус, ур чадвараараа гайхуулж чадахгүй. Өөрөөсөө илүү байгаа нэгнээ муулж гоочилохоос бус, түүнээс суралцан ухаарч хичээх санаа үгүй.

Өөрт таалагдаагүй хэн нэгнийг нударгаараа зодон дарамталж бахаа хангахаас бус, "хэрэв би үүний оронд байсан бол?" гэж нэгэнтээ харьцуулж эргэцүүлэхгүй. Бусдын өмссөн булган дээлэнд атаархахаас бус өөрийн сэтгэл доторхи баялгаа олж мэдрэхгүй. Хэрэв гадны хүмүүсийг үзэн ядаад байгаа бол тэднээс илүү ажиллаж, тэдний орон зайг өөрсдөө эзэгнэе л дээ. Тэд буруу үйлдэл хийж байгаа бол хуулиараа шийтгэхийг шаардья. Өнөөдөр эс гэхэд маргааш бүх зүйл хуулийн дагуу шийдэгддэг болж л таараа.


...Бусдыг үзэн ядахдаа цөөн хүний хүрээнд бус,  ухамсаргүй зарим хүмүүсийн турхиралтаар олон нийтээрээ нэгдэж байгаа бол энэ нь ХИЙРХЭЛ болон хувирдаг. "Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав" гэдэгчлэн зөвхөн бусдын бурууг дурдан хашгираад, өөрсдийнхөө бурууг огт олж харахгүй байгаа бол энэ нь ТЭНЭГЛЭЛ болж хувирдаг. Асуудлыг хөндөн тавихдаа хуулийн хүрээнд шийдэж, хариуцлага тооцохыг шаардалгүйгээр өөрсдөө очоод "алаад, хядаад өгье" гэж уриалж, түүнийгээ бусдаар дэмжүүлж байгаа бол энэ нь ХҮЧИРХИЙЛЭЛ болж хувирдаг.


Бид алив зүйлд ухаантай ухамсартай хандах цаг болжээ. Хүн болгон өөрсдийн өмнө тулгарсан асуудлуудаа өөрсдөө шийдэхийг хичээж, өөрт ноогдсон ажил үүргээ боломж чадлаараа сайн гүйцэтгэж, илүү боломж олдвол бусдад сайхан сэтгэлээр туслан, нийгэм хийгээд бусдын төлөөх сайн үйлс, сайхан санаачлагыг чин сэтгэлээсээ дэмжиж, хичээл зүтгэлээр олдож байгаа боломжиндоо сэтгэл хангалуун амьдарч сурах хэрэгтэй байнаа. Бидний сонгосон улстөрчид хариуцлагагүй байвал дахин сонгохгүй байж, шударга хөдөлмөрөөрөө баяжиж байгаа хүмүүсийг дэмжиж, хууль бус завшил бүрийг илчлэн хариуцлага тооцохыг шаардаж, гадаад дотоод хэн ч бай хууль, дүрэм журмыг зөрчсөн бол хуулийн хүрээнд асуудлыг нь шийдүүлэхийг шаардаж байх хэрэгтэй байна. Мэдээж энэ бүхнийг хэлэхэд амархан ч, хийж хэрэгжүүлэхэд хэцүү л дээ. Гэхдээ л бид өөрсдийн үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хийж эхлэх л хэрэгтэй. Өөр сонголт бидэнд бий гэж үү? "ӨӨД НЬ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ЭРГЭЖ УНАДАГ" гэдэг хэлц үг бий дээ.


 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах