sonin.mn

Засгийн газар өчигдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар Аж үйлдвэрийн бодлоготой холбоотой хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Монгол Улс түүхий эдээ гаргаад, гадаадаас бэлэн бүтээгдэхүүн авдаг улс хэвээр үлдэх үү гэдэгт хариу шийдвэр гаргах цаг нь болсон. Тийм учраас Засгийн газраас бие даасан Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Тус яамнаас  Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эл салбарт төрөөс баримтлах бодлогын талаарх үзэл баримтлалыг танилцуулсан. Ойрын үед Аж үйлдвэрийн талаар төрөөс  баримтлах бодлогын үзэл баримтлалыг гаргана. Өмнө нь УИХ, Засгийн газраас аж үйлдвэрийн бодлоготой холбоотой тогтоол шийдвэр гаргаж байсан боловч хэрэгжилт хангалтгүй, зохион байгуулалт, хэрэгжүүлэх механизм нь тааруу байсан учраас энэ талаарх ажил явцгүй байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Өнөөгийн боловсруулсан Аж үйлдвэрийн талаар төрөөс  баримтлах бодлогын үзэл баримтлалд тус салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилго дэвшүүлж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн зорилт дэвшүүллээ. Тус бодлогын баримт бичиг тав таван жилийн зорилттойгоор 15 жилийн хугацаанд 2015-2030 он хүртэл хэрэгжинэ.

 

Дээрх бодлогын баримт бичигтэй холбоотой Ерөнхийлөгчийн зүгээс Аж үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг зарлигийн төсөлд  дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийг онцолж, ингэхдээ  төсвийн мөнгөөр худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхийг  тусгасан. Түүнчлэн гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ-дыг эдийн засагжуулах талаар уг төсөлд тусгасан юм" хэмээн мэдээллээ.

Б.Туул

Эх сурвалж: