sonin.mn

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей нарын зургаан гишүүн өргөн барьсан. Манай улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт хоцрогдсон. Үүний улмаас иргэдийн монгол хэлний мэдлэгийн түвшин доройтсон, зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар мууджээ. Түүнчлэн гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орж, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ. УИХ-аас 2003 онд баталсан Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан байна хэмээн хууль санаачлагчид хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Иргэний хуулийн 26.7 болон 26.8 дахь хэсэгт заасан Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байдаг. Энэхүү хуулийн төсөлд аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрөл олгоход тавих нөхцөл шаардлагыг тусгаагүй. Тиймээс тус хуулийн 23.2 дахь заалтад хууль зөрчсөн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан нь Иргэний хуулийн дээр дурьдсан заалтуудтай зөрчилдөж байна. Тиймээс 23.2 дахь заалтыг хасаад хууль зөрчсөн тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуультай уялдуулж, хууль зөрчигчид Улсын байцаагчаар торгуулах арга хэмжээ авахаар зааж өгөх нь зөв юм биш үү?

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Иргэний хуультай зөрчилдөж байгаатай холбогдуулан 23.1 гэсэн заалтыг шинээр оруулж өгсөн. Энэ заалтад хуулийн этгээд Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдвол шүүгч, эрх бүхий хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гэж заасан байгаа.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Монгол хэлний тухай хуулийн төсөл Төрийн албан ёсны хэлний тухай хуультай зөрчилдөх юм биш үү?

-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Энэ хуулийг баталснаар Төрийн албан ёсны тухай хуулийг хүчингүй болгоно. Тиймээс хууль давхардах, зөрчилдөх асуудал үүсэхгүй.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хуулийн төслийн 23.2 дахь заалтыг хасах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Ийнхүү байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгууллалтын байнгын хороодод хүргүүлэхээр тогтлоо.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: