sonin.mn

УИХ-ын гишүүдийн дундаас биеэ чөлөөтэй авч яваа байдал, үг, үйлдлээрээ эрс ялгардаг эрхэм бол Сүхбаатарын тодотголтой М.Зоригт гишүүн билээ. УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн зургийг авч, цахим ертөнцөөр чөлөөтэй зугаалж, үзэл бодлоо хааяа нэг этгээд гэмээр хэлбэрээр илэрхийлчихдэг гишүүн аргагүй л нутаг амьтай нэгэн. Байсхийгээд л Сүхбаатарын зүг давхиж сонгогчидтойгоо уулзаад явдаг түүнийг 2016 оныхоо бэлтгэлийг базааж яваа нь тэр гэх хүн ч таарч байдаг. Тийм ч биз, үгүй биз. Харин өчигдөр эрхэм гишүүн “сэтгүүлчдэд нээлттэй” хэмээн жиргэсэн тул өрөөнд нь орвол нутгаас нь ирсэн бололтой хоёр хүнтэй юм ярьж сууснаа уриалгахан гэгч нь “дээшээ суу” гэсэн юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөн яриаг болгооно уу.

-Өглөөний нарны эсрэг буланд болохоор эрхэм гишүүний өрөө жаахан сэрүүхэн байна уу үгүй юу?

-Өө сэрүүхэн, сэрүүхэн. Ямар сайндаа л гадуур хүрэмтэйгээ сууж байх вэ дээ. Магадгүй манай өрөө ийм сэрүүхэн байдгийг мэдэхгүй хүмүүс харчихаад дараа нь “Өнөө Зоригт чинь өрөөндөө хүрэмтэйгээ суудаг юм билээ” гэхийг үгүйсгэхгүй л дээ.

-УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлаад зургаахан хонож байна. Төсвийн тодотголоо баталж чадахгүй цаг алдснаас болж наад зах нь албан газрууд цалингаа хугацаанд нь тавьж чадахгүй, иргэд багагүй бухимдах шиг боллоо. Сунжирч баталсан төсвийн тодотголын талаар хувь гишүүний хувьд ямар бодолтой явна?

-Би сүүлийн 10-аад хоног тойрогтоо ажиллаад ирсэн. Шинэ Засгийн газар гарч ирээд авдар савандаа байгааг тоолж бүртгээд үзтэл Монгол Улсын эдийн засаг, санхүү хямралтай гэхээсээ илүүтэй төвөгтэй болчихсон байж.

Энэ төвөгтэй үед бид хамтраад юу хийж болох вэ гэдгээ удтал ярилцсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд эхчүүд, хүүхдүүд, одонтой ээжүүддээ хайргүйдээ мөнгийг нь хасна гэж хэлээгүй юм. Бодит байдал тийм байсан болохоор үнэхээр аргаа барсан төсвийн тодотгол өргөн барьсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад нааш цааш нь нэлээн сайн хөдөлгөж, олон талаас нь сайтар нухаж байж ийм төвөгтэй үед эр зориг гаргасан төсвийн тодотгол баталсан гэж бодож байна.

-Таны хувьд байс­­­­хийгээд л Сүхбаатар аймаг руу гараад давхчихдаг юм шиг байна лээ. Ер нь тойргоосоо уяатай гишүүдийн тол­­гойд дүүхэл­­зэх байх. Жишээ нь сая 10-аад хоногт ямар ажил амжуулаад ирэв?

-Манай Сүхбаатар аймаг чинь хөдөөгийн 12 сум, Баруун-Урт гээд 13 сум, 66 багтай л даа. Саяын томилолтын хугацаанд нийтдээ 10 гаруй мянган иргэнтэй 60 гаруй удаагийн уулзалт, ярилцлага хийж санаа бодлыг нь сонсоод ирлээ. Энэ удаагийн уулзалт ярилцлагуудаараа Монгол Улсын эдийн засаг, санхүүд үүсээд байгаа төвөгтэй байдлын эх үндэс нь юу байв, бид яавал энэ байдлаас хохирол багатай даван гарч болох вэ гэдэгт л хөдөөгийн иргэдийн анхаарлыг хандуулахыг зорьж ажиллалаа. Ер нь би өвөл, зун гээд жилдээ хоёр удаа тойрогтоо ажилладаг юм. Тойрогтоо очихдоо тухайн хагас жилд хийж амжуулсан ажлаа тайлаг­­насан сонин­гоо аваад очдог гэж байгаа.

Ойролцоогоор 20 мянган хувь сонин хэвлүүлдэг юм. Сүүлийн сонин маань бүр 24 хуудас болсон. Хөдөөгийн 66 баг, бүх сумаар ордог болохоор айл өрх, албан байгууллагуудад сонин тараавал арай илүү олон хүнд хүрч, хийж байгаа болон хийхээр зорьж байгаа ажлын маань талаар ойлголттой болдог юм шиг санагддаг. Тэгээд ч УИХ-аар хэлэл­­цэгдэж байгаа хуулиудад манай Сүхбаатарын сон­­гогчид надаар дам­­жуулан нэлээн хатуу байр сууриа илэр­­хийлдэг юм. Сая жишээ нь нэгдүгээр сарын 6-ны өглөө манай аймгийн ээж нарын төлөөлөл над дээр орж ирсэн. Нэлээн олон ээжийн гарын үсэгтэй, байр сууриа хатуухан илэрхийлсэн захиа даалгавар гардуулсан учир хотод ирээд УИХ-ын гишүүдтэй биечлэн уулзаж, одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг хасуулахгүй байх талаар гарын үсэг цуглуулсан нь тийм учиртай юм. Ээж нарын надад гардуулсан захиа даалгаварт “Одонтой ээжүүд, хүүхдийн мөнгөний асуудлыг ард түмний тусын тулд шийдэхгүй бол Зоригт та дахиж Сүхбаатар нутгийн дээс алхаад хэрэггүй шүү” гэсэн хатуухан шаардлага тавьсан байсан. Тэрний дагуу ч би ажилласан. Эцсийн бүлэгт ганц миний хүчин зүтгэлээр ч биш, УИХ-ын гишүүд бүгдээрээ л эхээс төрсөн болохоор асуудлыг ээж нарын талд шийдсэн л дээ.

-УИХ-ын гишүүдээс цахим ертөнцөд хамгийн олон дагуултай, үзэл бодлоо хамгийн чөлөөтэй илэрхийлдэг нь яах аргагүй та. Нөгөөтэйгүүр өөрийг тань чуулганы танхимд цагаан цамц, зангиатай сууж байхыг хараагүй юм байна шүү?

-Чуулганы танхим бүгчим болохоор би зангиа зүүдэггүй. Хэрвээ чуулганы танхим одоо бидний ярилцаж суугаа миний өрөө шиг сэрүүхэн бол би юу гэж дан цамцтай суух вэ дээ, тийм үү. Миний өдөр тутмын ажлын орчин бол байнгын хороо, чуулганы танхим юм л даа. Тэгэхээр зангиа зүүчихээд хөлсөө гоожуулаад, тархи толгойгоо баглуулаад сууж байсан нь дээр үү аль эсвэл арай биед эвтэйхэн, чөлөөтэй хувцас өмсөөд ярьж хэлэх зүйлээ бэлдээд сууж байсан нь дээр үү гэдэг л сонголт шүү дээ. Өнөөдөр миний биеэ авч яваа байдал нь хэлбэр загвар хөөцөлдөж, хэн нэгний анхааралд өртөх гэсэн зүйл огтхон ч биш. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний өдөр тутмын ажлын чиг үүрэг, хуваарилалт нь төрийн захиргааны ажилтнуудынхаас нэлээн ялгаатай гэдгийг манай зарим сонгогч төдийлөн сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувьд нэлээн чөлөөтэй, уншиж судлах, дүгнэлт хийх тодорхой цаг завтай байх ёстой юм л даа. Ажлын хэсэг, байнгын хороогоор сайтар хэлэлцэгдсэн асуудлын хувьд УИХ-ын чуулганы үеэр дуугарах, дуугарахгүй байна гэдэг нь хоёр талтай. Эхнийх нь тухайн асуудлын талаар мэдлэг муутай байх, нөгөөх нь телевизийн дэлгэцээр ахиухан гарчихъя гэсэн л санаа шүү дээ. Түүнээс биш байнгын хороогоор ярьж, ярьчихсан асуудлыг УИХ-ын чуулганд дахин нуршаад байх шаардлагагүй, зөвхөн кнопоо дарах нь л зохистой юм. Миний хувьд УИХ-ын чуулган дээр улстөржилт хийгээд байхыг хүсдэггүй. Зав чөлөөний хувьд Зоригт гишүүнд сонгогдсон тойрогтоо хийх ажил их байна. Тэгээд ч Сүхбаатар аймаг Монгол Улсад хөдөөгийн хөгжлийн загвар бий болгох гэж, хөдөөгийн хөгжлийн стандарт бий болгох гэж чармайн ажиллаж байгаа болохоор би тойргоосоо уяатай байхаас ч аргагүй юм. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь намайг хэн нэгнээс хараат бишээр үзэл бодлоо чөлөөтэй дэлгэх эрх чөлөөг мэдрүүлдэг болохоор би дуртай байдаг.

-Сүхбаатар аймаг ялан­­гуяа Баруун-Урт хотод Засаг дарга Ж.Батсуурь багагүй бүтээн байгуулалт өрнүүлж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн багас­­сантай хол­­богдон 2015 онд эдгээр ажлууд үргэлжлэх боломж харагдана уу?

-үргэлжлээд явна. 2014 онд улс даяар төсвөө танаж байхад ганцхан манай аймаг төсвөө нэмэгдүүлэн баталсан. Бид их ажил амжуулсан. Аймгийнхаа хүчээр жилийн дөрвөн улиралд ажилладаг ахмадын сувилал ашиглалтад орууллаа. Дөнгөж сая 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад оруулсан. Сүхбаатар аймаг улсын төсвөөс ганц ч төгрөг авалгүй бүх сумандаа хоёр орцтой, дөрвөн давхар, халуун, хүйтэн устай орон сууц барьж ашиглалтад орууллаа. Зарим суманд гурав дахь байшин нь баригдаж байна. Энэ бол зөвхөн иргэдийнхээ идэвх санаачлагыг өрнүүлж чадснаар хийсэн ажил юм. Тэдгээр орон сууцанд малчид амьдарч байна. Сүхбаатар аймгийн хэдэн мянгат малчин мөнгө, өөр бусад хандиваа нийлүүлээд улсын төсвөөс сохор зоос ч авалгүй аймгийн төвүүдээс анх удаа Баруун-Урт хотод 16 давхар оффис болон өөр олон зориулалтын байшин бариад дуусч байна. 2014 онд Монголд анхны олимпийн стандартын, Олон улсын томоохон уралдаан зохион байгуулах боломжтой усан бассейн барьж эхэлсэн.

 

Итали инженерүүд өөрийнхөө технологиор барьж байгаа бассейныг уг нь энэ онд дуусах ёстой байсан ч хөрөнгө оруулалтынх нь тал нь хасагдсан болохоор он дамжихаар болчихлоо. Гэхдээ эдийн засаг, санхүүгийн байдал сэргэвэл зунаас төсвийн тодотгол дахин хийгдэж хөрөнгө санхүүгийнх нь асуудлыг шийдэхийг ч үгүйсгэхгүй. Баруун-Урт хотод анх хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг Э.Бат-үүл дарга гурван удаа газар дээр нь ирж үзэж, судалж байж Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхэлсэн юм шүү дээ.

 

Тийм ч учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах үед би “Барилга хот байгуулалтын яамаа сүхбаатарчуудад өг” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү. Монгол Улсын 360 гаруй сумын төвийг халуун, хүйтэн устай дөрвөөс таван давхар орон сууцтай болгоод өгье гэсэндээ л тэгж хэлсэн. Түүнээс биш Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг сайд болгох гээд, ажилгүй хүнийг ажилтай болгох гэсэндээ тэгсэн юм биш.

-Ингэхэд та ер нь аль хэр популизм хийдэг вэ. Сүүлийн үед УИХ-ын даргын тодорхойлсноор “Нэг өдрийн популизм” хийдэг гишүүн олшроод байгаа бололтой юм л даа?

-УИХ-ын даргыг тэгж хэлэх үед би байгаагүй. Гэхдээ С.Ганбаатар гишүүний популизм арай л хэтрээд байгаа шүү дээ. Улстөрч хүнд нэр хүнд хамгийн чухал ч гэлээ бас юманд хэмжээ хязгаар байх ёстой. УИХ-ын гишүүд ганц үгийг ч бодлогогүй, популизм хийх байдлаар амнаасаа унагаж болохгүй. Би популизм хийдэггүй, угаасаа дургүй. Сая Баяндэлгэрт уулзалт хийхэд нутаг орондоо хүндтэй мянгат малчин “Хаашаа л харна хятадууд болчихлоо, одоо яах юм” гэж байна. Тэгэхээр нь би “Хаана байна тэр олон хятад чинь. Би л лав замдаа ганц ч хятад харсангүй” гэсэн чинь “С.Ганбаатар гишүүн л тэгээд байгаа шүү дээ” гэж байгаа юм. Энэ чинь популизм мөн биз, айн.

-Та өмнөх Ерөнхий сайдын асуудлыг шийдэх үеэр “Дэнзэнгийн хадам ахыг дэмжихгүй” гэсэн бичиг тавьчихаад сууж байсан. Энэ популизм биш үү?

-Би Н.Алтанхуяг сайдыг хүнийх нь хувьд маш их үнэлдэг. Одоо ч тэр бодол минь хэвээрээ. АН-ыг жинхэнэ дарга шиг удирдаж явсан гавьяа түүнтэй л холбоотой. Харин Засгийн газрын тэргүүний хувьд Дэнзэн мэтийн юмнуудыг хажуудаа шавуулж, багагүй алдаа гаргасныг нь л тэгж эсэргүүцсэн юм. Өнөөдрийн энэ төвөгтэй байдал Н.Алтанхуяг, Сү.Батболд, С.Баяр, өнөө муу нэртэй Н.Энхбаяраас болоогүй. Засаглалын буруу тогтолцоо, сонгуулийн буруу тогтолцооноос болж он удаан даамжирсан алдаа завхарлыг эцсийн эцэст барьж авч зогсоож байгаа нь тун олзуурхууштай явдал юм. Бид бодит байдлаа үнэн зөвөөр нь нийгэм, ард түмэндээ зарлаж чаддаг болсон нь хамгийн том дэвшил гэж харж байгаа.


Эх сурвалж: