sonin.mn

 Антарктид тивийн нутаг дэвсгэрийн хэмжээ 15 сая км. кв. Энэ нь эх дэлхийн хуурай газрын аравны нэг, манай улсын нутгаас арав дахин том гэсэн үг. Эрэг хавийн жижиг арлуудыг эс тооцвол гадаргуу нь бараг нилдээ мөсөөр бүрхэгдсэн ба мөсний дундаж зузаан нь 1600м, төв хэсэгтээ 4000 гаруй метрт  хүрдэг.
Мөсөн тивийг хүн төрөлхтөн 16-р зуунаас нээн судалж эхэлсэн ч одоо хүртэл олонхийн хувьд оньсого хэвээрээ байгаа аж. Одоогоос 200 жилийн тэртээ Оросын эрдэмтэд албан ёсоор анх нээсэн энэ тивийг Америкийн  нэгэн далайн дээрэмчин яг энэ үед  хөл тавьсан гэж маргасаар  тивийг  нээсэн хоёр дахь орон АНУ болж, үүнийг ч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэдэг.


Антаркид тивд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хамгийнаараа тасархай олон үзүүлэлт бий. Үүнийг товчхоноор илэрхийлбэл:  хамгийн хүйтэн /2014 онд Японы эрдэмтэд - 91,2℃ хүртэл хүйтэрснийг тогтоосон/, хамгийн хуурай/Агаарын чийгшил 20% /, хамгийн олон хоног цасаар шуурдаг, / Жилийн 340 хоног цасан шуурга болж, салхины хурд 90м/сек хүрдэг/, далайн түвшнээс дээш хамгийн  өргөгдсөн/ 4000м/, дээрээ хамгийн том озоны цоорхойтой, дэлхийн цэнгэг усны 90 хувийг агуулдаг, уугуул оршин суугчгүй /өөрөөр хэлбэл тэнд хүн төрж өсөөгүй гэсэн үг/, ан амьтан, өвс ургамалгүй, өвөл зунгүй амьдардаг 1000 гаруйхан судлаачдыг эс тооцвол  эзэнгүй хоосон нутаг гэсэн үг. Тивийн гүндээ хур тундас бараг ордоггүй дэлхийн хамгийн том цөл. Мөсөн тивийн эрэг хавийн цөөхөн оршин суугч нь оцон шувуу, далайн хав. Харин эрэг хавиар нь зунд очиж, оцон шувуу, далайн хав, халим үзэх жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэсэн.


 Адал явдалд дуртай хүмүүсийг гижигддэг цэгийг Өмнөд туйлын 0 цэг буюу Амундсений цэг гэдэг. 0 цэгт хүрч чадсан анхны хүн бол Норвегийн эрдэмтэн Р.Амундсен. Тэрээр 1911 оны 12 сарын 14-нд 0 цэгт хүрч чаджээ.. Үүнээс сарын дараа Английн судлаач Р.Скотт 0 цэгт хүрсэн боловч буцах замдаа харамсалтайгаар амь үрэгдсэн байдаг. Монголчуудаас анх удаа 0 цэгт хүрч, Монгол улсын далбайг мандуулж, тэндхийн гайхамшигийг  үзэж, судлаад ирсэн хүн бол одоо Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, профессор Дүгэржав бөлгөө. Энэ хүн 2009-2013 онд Антарктид тивд гурван удаа хөл тавьж, өөрийн нэрээр мөсөн оргилыг нэрлүүлж, жижигхэн ч гэсэн Монгол улсын гэх газрыг эзэмшилдээ авч, Монгол гэрийн ханыг анх тэрлүүлсэн гавьяатай хүн.


Антарктид бол дэлхийн ёроол. Тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс бидний хувьд уруугаа хараад зогсож байна гэсэн үг. Тиймээс нар зүүнээс баруун тийш биш эсрэгээрээ буруу эргэнэ.  Өвөл зун, хавар намар гэж байхгүй, нартай, наргүй гэсэн хоёрхон улирал ээлжилдэг. Манай энд өвөл болж байхад тэнд зун болж байна. Манай энд ид зун болж байхад тэндхийн өвөл эхэлж, тас харанхуй цасан шуургатай шөнө эхэлнэ гэсэн үг. “Яг 0 цэг дээрээ хэзээ ч хур тундас ордоггүй учир хязгааргүй мөсөн далай. Дэлхийн цагийн бүх бүс энд ирж огтлолцох учир хэдэн цаг болж байгааг хэлэхэд хэцүү, цаг уурын ажиглалтыг Гринвичийн цагаар хийдэг. Салхи, чийг нэвтэрдэггүй, дулаалгатай тусгай хувцастай ажиллана. Нарны гэрэл маш хурц, онцгой хүйтэн учир хар шил, амьсгалын тусгай баггүй явахыг хатуу хориглодог. Мөн Антарктидын мөс олон сая жилийн настай, гайхалтай цэнгэг, хүчилтөрөгчөөр баялаг учир үүнийг ууж залуужих гэсэн өндөр настан, өвөө эмээ нар сүүлийн үед Японоос олноор ирэх болсон” гэж Дүгэржав доктор ярьж байсан.  


Монголчуудаас анх удаа мөсөн тивд 1972 онд хөл тавьж, Оросын экспедицид  бүтэн жил ажиллаад   ирсэн хүн бол Увс аймгийн харьяат Байгаль орчны гавьяат ажилтан  Ж.Цэрэндэлэг гуай байлаа. Ингэж Монгол улс Антарктид судлалд өөрийн хувь нэмрээ оруулсан 34 дэх орон болсон юм. Удаах судлаач нь доктор Д.Чулуунбат, бөгөөд манай улсын долоо дахь судлаач болох Цаг уур орчны шинжилгээний инженер  Х.Пүрэвдагва  саяхан яваад ирсэн.
  Өмнөд туульд таван төрлийн 6 сая орчим оцон шувуу амьдардагаас хамгийн том нь Хаан оцон шувуу. Нас бие гүйцсэн нь 1м өндөр, 35 кг жинтэй. Харин хамгийн жижиг нь цэнхэр оцон шувуу нь 40 см өндөр, 1 кг жинтэй байдаг аж.  Эцэг оцон шувуу бол энэ дэлхийн хамгийн халамжтай аав бөлгөө. Тэрээр дөнгөж төрсөн өндгөө хэвлийдээ чихэж аваад хүйтэн шуургатай, харанхуй өвөл ямар ч хоол тэжээлгүй хэдэн сарын турш шүд зуун тэсч зогсох нь үнэхээр гайхалтай. Хавар болж ходоод дүүрэн хоолтой ханиа алс холын аялалаас буцаж ирэхэд нь аавынхаа гэдсэн доорхи Австралийн имж аятай уутанцар дотроо хагарч, аль хэдий нь ангаахай болон торнисон үрээ ээжд нь хүлээлгэн өгөхийг харахад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.      


Антарктидын эрэг хавиар амьдардаг бас нэг зүйл нь далайн хав гэж манайхан нэрлэдэг ч ядаж далайн гахай гэж нэрлэмээр аварга том амьтан. Энэ амьтны эр нь эмээсээ биеэрээ бараг хоёр дахин том ба 2 м гаруй урт, 200 кг хүртэл жин татдаг гэнэ.  
 Антарктид бол байгалийн баялагийн асар их нөөцтэй тив. Хоёр жилийн өмнө алмазны агууламж маш өндөртэй чулуу эндээс олджээ. Энэ нь зузаан цас, мөсөөр хучигдсан тус тивээс илэрсэн хамгийн анхны үнэт эрдэс гэж эрдэмтэд мэдээлж байв.


Антарктидийн зузаан мөсөн хучлага дор газрын тос, байгалийн хийн асар их нөөц байгааг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар судалж тогтоосон ч  Антарктидийн тухай хэлэлцээрийн дагуу уг тив дээр газар нутгийн хил тогтоох, ашигт малтмалуудыг боловсруулах эрх  аль ч оронд байдаггүй.
Гэхдээ Үндсэн хуульдаа Антарктидийн зарим хэсгийг өөрийн нутаг дэвсгэртээ оруулдаг хэд хэдэн орон бий. Тухайлбал, Австрали улс энэ тивийн 1/3-ийг эзэмшдэг гэж хуулиндаа тусгасан байдаг. Мөн  Аргентин, Англи,  Чили улс ч  бас Антарктидын арлуудад санаархдаг.  
Шинэ Зеланд, Франц, Норвеги улсууд ч бас Антарктидад газар эзэмших эрхтэй гэж өөрсдийгөө үздэг. Норвеги улс л гэхэд Антарктидийн тэг дунд орших, өөрийн нь газар нутгаас 10 дахин том талбайг эзэмших хүсэлтэй байдаг. Мөн энэ тивд шинжилгээ, судалгааны ажлаа эхлүүлээд, улмаар ганц нэг нээлт хийж тэндээ станцаа ч байгуулаад амжсан хориод орон ч бас газар эзэмших санаагаа илэрхийлээд байна.  Үүнээс үзэхэд аль ч орны Антарктид судлалд оруулсан хөрөнгө нь ирээдүйд зургаа дахь тивд өөрийн гэсэн газартай болох үндэслэл болох вий гэж шинжээчид эмээдэг.  


Байгалийн нөөцийн “хурц дутагдал” бий болбол улс хоорондын харилцаа  ширүүсч эхлэх магадлал бий, гэхдээ эцэстээ Антарктидийг ганц нэг орон биш олон улсын том том консорциумууд эзэмших магадлалтай гэж судлаачид үздэг.   
 Антарктидийн судалгаанд хамгийн эрчимтэй зүтгэж орон бол БНХАУ.  Хятад улс 1984 онд анх Антарктид тивд судалгааны  гурван станцыг үүсгэн байгуулж байсан бол тэр нь одоо 6 болж, жуулчдад зориулсан том бааз байгуулж, дөнгөж саяхан   “Цасан луу” нэртэй мөс хагалагчаар их хэмжээний мөсийг цөмлөх ажлыг амжилттай туршлаа. Ингэснээр Хятадын дөрөв дэхь судалгааны багийн материаллаг бааз хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Нэг бааз байгуулахад тэрбум орчим доллар шаардагддаг гээд бодохоор мөн ч их хөрнгө хаяж байгаа биз?
 “Антарктид бол дэлхийн үүц. Нүүрс, нефть, алт, мөнгө гэх мэт бүх л ашигт малтмал бий. Тэнд газар эзэмшинэ, өмчилнө гэж зөвшөөрөл авах шаардлагагүй. Судалгаа хийж байгаа багийнхан өөрсдөө дуртай газартаа станцаа барьдаг. Ашигт малтмалын гол нөөц нь хаана байгааг хэдийнэ тодорхойлчихсон байгаа. Олон улсын гэрээнд нэгдсэн орнууд нь тухайн баялгийг хувааж эзэмших эрхтэй болох юм. АНУ 1950-иад оноос тус тивд ихээхэн хэмжээний хөрөнгө хаяж байна. Хятад улс гэхэд биднийг өвөлжсөн жил таван зуун хүнтэй тэнд очсон бол одоо зургаан станц байгуулчихаад байна. Япон улс гурван станц барилаа. Тэд мөсийг хэрхэн өрөмдөж, ашигт малтмалыг гарган авах талаар судлаад эхэлсэн. Ирээдүйд Антарктидын баялгийг хамтран ашиглах боломжтой болно” гэж Антарктид судлаач байгаль орны гавьяат ажилтан доктор Чулуунбат ярьсан байдаг .


 Антрактидын о¬лон улсын гэрээ гэж 14 зүйлтэй баримт бичиг бий.  Анх 1959 онд гэрээг байгуулахад 12 орон нэгдэж байв. Энэ нь тус тивийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан  анхны олон улсын эрх зүйн баримт бичиг. Тус гэрээгээр Антарктидийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах бөгөөд цэргийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулах, Мөн Антарктидэд цөмийн аливаа туршилт хийх болон цацраг идэвхт материалын хаягдал хаяхыг хориглосон байдаг. Түүнчлэн шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Антарктидэд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнг солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг уг гэрээгээр зохицуулж өгчээ. Гэрээнд нэгдсэнээр өөрийн орны ажиглагчийг Антарктид руу илгээж, Антарктид судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Одоогоор Антарктид тивд 29 орны 64 бааз байдгаас 16 бааз нь зөвхөн зуны улиралд, 38 бааз нь жилийн турш ажиллаж байгаа гэсэн. Эдгээр баазуудад зуны оргил vед 4000 гаруй, өвлийн улиралд 1000 орчим хvн ажиллаж амьдардаг гэдэг юм билээ.


  Уг гэрээнд нэгдсэн 49 орон байгаа бөгөөд эдгээр улс орон мөсөн тивд төслийн судалгаа хийж хэрэгжүүлэх цаашлаад ирээдүйд энэ тивийг хэрхэн ашиглах тухайд санал санаачилга гаргах бүрэн эрхтэй байгууллага юм. Тиймдээ ч Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд 50 дахь орноор элсэн орохоор сонирхож, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.  
                                                             
                                                      Ш.Пүрэвсүрэн