sonin.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэгийг өнөөдөр 10:00-12:00 цагт Блю скай зочид буудлын Кристал танхимд зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн 21,22-ны өдөр Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан юм.
Тодруулбал, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга хоёр өдөр үргэлжилж санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс 77.85 хувь буюу 12659 иргэн санал өгчээ.

үүнээс 95.76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн бол 4.2 хувь буюу 532 иргэн “үгүй гэсэн санал өгсөн бол 0.1 хувь буюу 32 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцсон гэсэн дүн мэдээг гаргаж албаныханд хүргүүлжээ.

Харин Налайх дүүргийн хувьд 34575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19535 иргэн бичигдсэн байна. үүнээс санал асуулгад 62.3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96.1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ. Харин 3.1 хувь буюу 374 иргэн “үгүй” гэсэн санал өгсөн бол 0.8 хувь буюу 98 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцсон гэх дүн судалгаа гарсан байна.

Тэгвэл энэ ажлын үр дүн болж өдгөө Налайх, Багануур дүүргийн иргэдийн дунд амьдарч байгаа дүүрэгтээ хот байгуулах асуудлаар санал асуулга явуулж ихэнх нь хот болох асуудлыг дэмжсэн юм. Одоо харин санал асуулгын үр дүнд үндэслэн НИТХ-ын тогтоолоор дээрх хоёр дүүргийг Нийслэлийн дагуул хотын статустай болох юм бол тус хотын иргэд өөрсдөө хотын дүрмээ нийт иргэдийн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгээр батлан, улмаар Хотын захирагчаа ч нийт иргэдийн саналаар сонгож, хотынхоо нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж, эрчимтэй хөгжих боломж бүрдэх бололцоотой юм.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Улсад татвар төлөөд л тэрийгээ буцааж гуйж аваад л нэг тийм утгагүй гүйлгээ яваад байна. Харин хотын статустай болсноор татварын мөнгөө өөрийн захиргаан дээрээ төвлөрүүлж хотдоо захиран зарцуулах боломжтой болно. Энэ ажлын хамгийн эхний чухал алхам бол үндсэн дүрэмтэй болох юм. Налайх дүүргийг 1955 оноос хойш дөрвөн удаагийн шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотын хороо, дүүрэг, бие даасан хот болгох зарлиг шийдвэрүүд гарч байсан хэдий ч энэ шийдвэрүүдэд иргэдийн дуу хоолой огтхон ч орж байгаагүй.Тиймээс иргэдийн саналыг тусгахаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.

Налайх дүүргийн тухайд

Улаанбаатар хотоос 36 километр зайтай, 68,7 мянган га нутагтай, 8992 өрхийн 32513 хүн амтай, Засаг захиргааны долоон хороотой. Төрийн төсөвт 28 байгууллагатай, Ерөнхий боловсролын сургуульд 6000 гаруй сурагч, Мэргэжлийн Сургалт үйлдвэрийн Төвд 1200 гаруй хүүхэд, цэцэрлэгт 1126 хүүхэд тус тус суралцаж байна. 120000 , 45000 квт-ийн хос шугамаар Улаанбаатартай холбогдсон, эрчим хүчний хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэх чадалтай өртөөтэй.
Нийслэлийг цэвэр усаар хангаж буй дээд эх үүсвэртэй холбогдсон. Дулааны одоогийн хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай юм байна.

Багануур дүүргийн тухайд

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. БНМАУ-ын АИХТ-ийн 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Улаанбаатар хотын район нэртэйгээр байгуулагдсан байна. 62.2 мянган га нутаг дэвсгэртэй 41.6 мянган га нь ХАА-н, 19.3 мянган га нь хот суурины, 47.1 га нь зам шугам сүлжээний, 14.26 га нь улсын тусгай хэрэгцээний, бусдыг ойн болон усны сан эзэлдэг. Зөөлөвтөр цайвар хөрстэй. Далайн төвшнөөс 1276-1333 метрт өргөгдсөн. Засаг захиргааны таван хороо, 7824 өрхийн 27440 хүн амтай. Хүн амын 36 хувийг 13-36 хүртэлх насны залуучууд эзэлдэг ба эдгээрийн 32 хувь буюу 8801 нь 0-18 насны хүүхдүүд байна. Нийт өрхийн 41,5 хувь буюу 3248 өрх байр орон сууцанд, 25.8 хувь буюу 2021 өрх амины хашаа байшинд, 2545 өрх гэрт амьдарч байна. Гэрт амьдардаг өрхөөс 287 өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Хамгийн том ашиглалтын орд Багануур ХК-1978 онд анх байгуулагдсан. 599 сая тонн буюу 150 жилийн нөөцтэй. Жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур дүүргийг хөгжүүлэх чиглэлээр Их сургуулиудын нэгдсэн хотхоны дэд бүтцийг барьж байгуулан, зарим их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны төвүүдийн тодорхой хэсгийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Багануур” үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. Юутай ч өнөөдөр болох хэлэлцүүлгээр Налайх, Багануур дүүргүүд хот болох хоёр дах даваагаа ийнхүү давах нээ.


Эх сурвалж: