sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Украины зүүн нутагт гал зогсоох хэлэлцээр үнэхээр хэрэгжиж байгаа гэдгийг нотлохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хүсчээ. Порошенко лхагва гарагт Путинд захидал илгээсэн байна. Оросын төрийн өмчийн телевизэд ажиллаж байсан хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хоригдож буй, Украины эмэгтэй цэргийг суллахыг Порошенко мөн шаарджээ.

Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд өнгөрсөн оны есдүгээр сард гал зогсоохоор тохиролцсон юм. Гэхдээ энэ он гарснаас хойш Украины зүүн нутагт байлдааны ажиллагаа дахин эрчимжиж эхэлсэн билээ. Украины хүчний төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт тус улсын зүүн нутагт  засгийн газрын гурван цэрэг амь үрэгджээ.

Гал зогсоох хэлэлцээрийг мөрдүүлэхээр Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдэд шахалт үзүүлэхийн тулд хориг арга хэмжээгээ чангатгахыг олон улсын хамтын нийгэмлэгт Порошенко уриалан, “Хориг арга хэмжээ авах нь үр дүнтэй арга” гэжээ. Мөргөлдөөнийг дэвэргэж байна гэж Украины хоёр тал бие биеэ буруушаасаар байгаа юм. Гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхийг Украинд уриалсан захидлыг Путин мөн илгээж байсан билээ.

Г.Доржханд