sonin.mn

УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Санийг сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг танилцуулав.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөрш орнуудаас зээл авсаар ирсэн. Өнөөгийн байдлаар өрийн удирдлагын тухай хууль эрхзүйн орчин сул байгаа тул энхүү хуулийн төслийг болосвруулсан. Хуулийн төсөл боловсруулснаар гадаад орнуудаас зээл, тусламж авах боломж бүрдэнэ хэмээн Ж.Эрдэнэбат танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Засгийн газар бонд гаргасан тохиолдолд эргэн төлөлтийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

-Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа, Үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн заалт байдаг. Засгийн газрын бондын зах зээлийг хөгжүүлэх нь системийн ач холбогдолтой. Бондын эргэн төлөлт үндсэндээ төсвийн орлогоор төлөгдөнө. Өрийн хязгаарыг  70 хувиар тооцож байгаа. Олон улсын зах зээлд баримталдаг зарчмаар тусгасан. 70 хувь гэдэг нь өрийн нэрлэсэн үнээр тооцдог. Засгийн газрын баталгааны хувьд өрийн 20 хувиар хязгаарлаж өгсөн. Тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын бондын зээлийг уялдуулсан.  Зээллэгийн төлөвлөгөө нь стратегийн баримт бичигт нийцсэн байх ёстой гэж үздэг. Хуулийн төсөлд гурван жил тутам гаргадаг стратеги төлөвлөгөөтэй уялдах ёстой гэж үзсэн. Засгийн газрын бонд нь үнэт цаасны зах зээлээсээ өөрөөр тусгагддаг.

-УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Өрийн удирдлагын хуультай болох нь зөв. Одоог хүртэл Монгол Улсын гаднаас авсан өрийн хэмжээ тодорхойгүй байна. Энэ хуулиар өрийн асуудлыг зохицуулж чадаж байна уу?

--Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа, Дамжуулах зээлийн хувьд зохицуулж байгаа тусгай бүлэг бий. Монгол Улс төсвийн тогтолцоо нь нэгдсэн байдаг. Тийм учраас Засгийн газраас дамжуулан  зээл өгдөг хуультай. Дамжуулан зээл нь орон нутаг болон бизнесийн гэсэн хоёр төрөлтэй. Орон нутгийн хувьд хоёр зохицуулалт хийж  өгсөн. Улаанбаатар хотын хувьд хөрөнгө оруулалтын зориулалтаар бонд гаргаж болдог. Бусад аймгуудын хувьд богино хугацааны зээл өгдөг. Энэ нь төсвийн орлогоор төлөгдөнө. Засгийн газрын бондын хувьд хувийн хэвшлийн зээллэгийн эх үүсвэрийг авдаг. Манай төсвийн өрөн дээр хязгаарлалт хийж өгдөг. Засгийн газрын бондыг  зохистой түвшинд барихыг хуулинд тусгасан. Орон нутаг дангаараа зээл авахгүй, Сангийн яамаар дамжуулж авах ёстой.  Өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжийн хувьд Засгийн газар хариуцна.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Энэ хуулиар улсын өрийн зарим хэсгийг зохицуулахаар оруулж иржээ. Тиймээс энэ хууль Монгол Улсын өрийн хэмжээг бүрэн зохицуулж чадахгүй болов уу?

-Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Өрийн удирдлагын тухай хуулийг өмнөх Засгийн газрын үед барьсан. Өрийн удирдлагын тухай хуулинд буцалтгүй тусламж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн өр хамаарахгүй. Засгийн газраас гаргаж байгаа үнэт цаас, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид гаргасан баталгаа энэ хуульд хамаарна. Орон нутгийн хувьд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлтэйгээр, тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргаж болох юм.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Энэ хуульд Засгийн газрын өрийн баталгаа гэдэг зүйлийг шинээр оруулж ирсэн байна. Хамгийн сүүлд МИАТ шинэ онгоц авахад Засгийн газраас баталгаа гаргасан гэсэн асуудал ярьж байсан. Засгийн газраас баталгаа гаргасан компаниуд өрөө төлж чадахгүй бол төр ачааллыг нь үүрнэ. Энэ хэр зөв гаргалгаа вэ?

-Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газраас баталгаа гаргах тохиолдолд заавал УИХ-аар батлуулах ёстой. Мөн Засгийн газрын баталгааны сан байгуулна. Эдийн засагт үр өгөөжөө өгөх боломжтой төсөл хөтөлбөрт олгоно. Ингэхдээ тухайн төслийн санхүүжилтийн 85 хувьтай тэнцэх баталгаа олгох юм.

Асуулт, хариултын дараа гишүүд санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Энэ хуулийг Засгийн газар дахин хэлэлцээсэй гэж хүсч байна. Хуульд Засгийн газрын өрийн баталгаа, орон нутаг өрийн бичиг гаргана гэсэн шинэ асуудал бий. Өрийн босгыг 58.3 хувиар тогтоосон. Одоо гаднаас Улсад зээл өгөхгүй бол хувийн компаниудаар зээл авахуулж, улсаа дампууруулах юм байна. Улсын үйлдвэрийн газрууд бүгд их хэмжээний өртэй байгаа. Энэ хууль улсаа худалдахаас өөр аргагүй байдалд хүргэх вий. Үүнийг УИХ дэмжих юм уу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу өрийн босгыг шатлан бууруулахаар заасан. Энэ хуулийн дагуу Засгийн газар баталгаа гаргаад өгөхөөр өр буурах бус автоматаар өсөх юм бишүү.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Өнөөдөр валютын ханшны өсөлтөөс болж хямрал үүсч байна. Засгийн газрын баталгаа төсөвт нөлөөлнө. Энэ хуулиар нийт өрийн зарим хэсгийг бус бүхэлд нь зохицуулдаг болох хэрэгтэй. Бид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг шахаж зээл авахуулдаг байсан. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. 1990-ээд оны сүүлээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн данс замбараагүй болж, арилжааны олон банк дампуурсан. Аймгуудын авах зээлийн мэдээллийг Сангийн яам нэгтгэж, УИХ-аар хэлэлцүүлж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зээл авч, аймгууд руугаа тараадаг байдлаар хуульчлах нь зөв.

Ийнхүү Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураахад нийт хуралдаанд оролцсон 61 гишүүний 73.8 хувь буюу 45 нь дэмжиж. Хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээд Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: