sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх дэлхийн хэмжээний эвслийг амжилттай байгуулсныхаа дараа албан тушаалаа өгч буй Батлан хамгаалахын сайд Чак Хейглийн үйл ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сайшаалаа. Хейглийг үдэх ёслол лхагва гарагт Виржиния муж улсын цэргийн баазад болжээ.

“Та бүхэн шинэ эринийг бий болгоно. Хүнд хэцүү цагт аюулгүй байдлыг хангах үүрэг та бүгдэд ногдож байна” гэж Хейгл АНУ-ын армийн албан хаагчдад хандан хэлсэн байна. Харин Обама ”АНУ “Лалын улс”-ыг дарах эвслийг удирдаж байна. Ойрхи Дорнодод түншлэлийг бэхжүүлэхэд Хейгл гол үүрэг гүйцэтгэсэн” гэжээ. АНУ тэргүүтэй уг эвслийн бүрэлдэхүүнд Арабын улсууд байгаа юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон АНУ-ын завсрын сонгуулийн дараа Хейгл огцрохоор шийдсэнээ зарласан билээ. Ингэснээр Хейглийг Батлан хамгаалахын дэд сайд Эштон Картер залгамжлах юм. Ирэх долоо хоногт Сенат хуралдан баталгаажуулсны дараа Эштон Картерыг Батлан хамгаалахын сайдаар албан ёсоор томилно.

Г.Доржханд

Эх сурвалж: