sonin.mn

Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгох асуудал сүүлийн үед яахын аргагүй олны анхаарлыг зүй ёсоор татах сэдвийн нэг болсон. Учир нь дээрх дүүргүүдийг хот боллоо гэхэд хөгжлийнхөө чиг бодлогыг өөрсдөө тодорхойлж, өөрсдийн засаг захиргааны нэгжтэй, эдийн засгийн бүтэц зохион байгуулалт гээд олон талын ашигтай байснаар иргэдийнх нь ахуй амьдрал хүртэл сайжрах юм. Тиймээс л хот байгуулах санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулж 95-97 хувь нь хот болгохыг дэмжин хүлээн зөвшөөрсөн юм. Нийслэлийн удирдлагууд ч дээрх дүүргүүдийг хот болгоход нь дэмжиж буйгаа ч илэрхийлж байсан.

Харин нэг нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дээрх дүүргүүдийг дагуул хот биш биеэ даасан хот байгуулаасай гэж хүсч буй юм. Тодруулбал, тэдний үзэж буйгаар “Улаанбаатар хоттой өрсөлддөг сайхан хот байгаасай. Өөрөөр хэлбэл, тэд нүүрсээ заавал нийслэлд өгөх биш түүнийгээ боловсруулаад иргэд нь ажилтай орлоготой сайхан хот болоосой гэж хүсч буй юм. Хэрвээ тэд бие даасан хот болвол эдийн засаг талаасаа хөгжих бүрэн боломж бий. Харин дагуул хот болно гэхээр харамсалтай л байна” хэмээн хэлж байв.

Уг нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл баталж байх үедээ Налайх, Багануур дүүргүүдийг хот хэмээн үзэж нийслэлээс төсөв гаргаж хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж эхэлсэн байдаг байна. Хэрвээ хөгжлийн чиг хандлагыг нь бүрэн тодорхойлох юм бол хөгжиж дэвших хот болоход ойрхон байгаа аж. Түүнчлэн уг хоёр дүүрэгт иргэдэд газар өмчлөх ажлыг ч хийгээд эхэлсэн байгаа юм. Энэ талаар Хотын дарга Э.Бат-үүл “Хот байгуулах асуудлаар иргэдээс санал авч байсан тохиолдол нэг ч байгаагүй. Энэ анх удаа иргэд хот байх уу дүүрэг байх уу гэдгээ өөрсдөө нийтээрээ санал өгч байгаа чухал үйл явдал болсон. Хуучин хотыг засаг захиргааны аргаар бий болгодог. Дээрээсээ шийдвэр гаргадаг байсан” гэж байсан юм. Ямартай ч тус дүүргүүдийг хот болгох эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тиймээс бид дагуул хот болно гэсэн итгэлтэй байгаа хэмээн ярьж байсан. Хэрвээ хот болгосон тохиолдолд нийслэлийн ачаалал багасах бүрэн боломж боломжтой.

Тухайлбал, Налайх дүүргийг хот болгох эхлэлийг БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 88 дугаар зарлигаар эхэлж байжээ. Ингээд 1992 оноос Монгол Улсын шинэ үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон юм байна. Харин Багануур дүүрэг нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд засаг захиргааны таван хороотой нийслэлийн хамгийн алслагдсан дүүргийн нэг юм. Одоогоор Багануур дүүрэгт 28 мянга 658 хүн, Налайх дүүрэгт 34 мянга 547 иргэн амьдарч байгаа юм байна. Энэхүү асуудлын эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүд хэлэлцэн дэмжиж байж дагуул хот болно.

Харин үүний дараа бие даасан хот болно гэх саналыг оруулж ирвэл нэг их буруудахгүй л юм байна. Юутай ч УИХ-аас эл асуудлыг шийдвэл дээрх хоёр дүүргийн дараа Дархан-Уул аймаг, Замын-Үүд сум гээд хот болох боломжийн газрууд араасаа гарч ирэх нь ойлгомжтой.


Эх сурвалж: