sonin.mn

Ч.Сайханбилэг ард түмнээсээ “асуухаар” шийдэв. Уг нь түүнийг шийд гэж Ерөнхий сайд болгосон билээ. Тэр өөрөө ч гэсэн шийднэ гэж Ерөнхий сайд болсон биз. Тэгсэн чинь маниасаа асуудаг байна ш дээ. Энэ бол ердөө л хариуцлагаас зугтах гэсэн заль мэх юм. Энэ тухай өгүүлсү…


Манай эдийн засаг хямралд орсон нь хэн бүхэнд тодорхой. Одоо үүнээс гарах ёстой. Бэлэн жор байхгүй ч хямралаас гарах жорын үй түмэн хувилбар буй. Харин зорилгын хувьд гэвэл хямралаас гарч, эдийн засгийг тогтворжуулах ёстой. Энэ л цорын ганц зорилго. Манайхан зорилгыг “зам” гэж ярьдгийг дашрамд дурдаж байна. Хэрэв чадахгүй бол “сөнөнө”. Ингээд сэргээн босгох, эсвэл сөнөх гэсэн хоёрхон “зам” буй. Хэрэв монгол ухагдахуунаар ярьж байвал тэр шүү дээ.


Харин эдийн засгийг хямралаас гаргах энэхүү цорын ганц зорилгыг хэрэгжүүлэх асар олон арга хэрэгсэл бий. Үүнийг бүгдийг дурдах нь илүүц. Гэтэл манай Ерөнхий сайд ердөө хоёрхоныг хардаг хүн юмсанж. Чингэхдээ бүр мэдэн будилж арга хэрэгслийг “зам” хэмээн тодорхойлохдоо тулжээ. Ийм тэнэг юм гэж хорвоод үгүй. Бөхийг бөхийн мэхтэй эндүүрч болохгүй, дуу дуулах арга техникийг дуутай эндүүрч болохгүй. Яг үүнтэй адил юм. Ерөнхий сайд маш энгийн юмыг маш том эндүүрч байна. Гэхдээ монголчууд биднийг тэнэг гэж бодоод санаатай эндүүрч байна. Тэрээр арга хэрэгслийг зорилго буюу “зам” болгон хуурамч асуудал болгон хувиргаж, сонголтын хоёрхон хувилбар байгаа мэт хууран мэхэлж байна. Үүнийгээ ч олигтой хийж чадахгүй байна.


Эсвэл гадаадаас зээл авна, эсвэл бүсээ чангална гэдэг бол сонголтын зам биш, зүгээр л арга хэрэгсэл сонгох төдий асуудал юм. Арга хэрэгслийг “зам” гэх утгагүй. Асуудлыг эсвэл, эсвэл гэж тавих угаасаа буруу. Энэ хоёрыг нэгэн зэрэг хэрэгжүүлж ч болно, мөн Засгийн Газрын ойлгож байгаагаас огт өөр агуулгаар хэрэгжүүлж ч болно. Мөн арга хэрэгсэл голдуу хоёроос дээш байдаг. Гэтэл манай Ерөнхий сайд заавал энэ хоёрын нэгийг сонго гэсэн тулгалт хийж байгаа нь эцсийн нэг үр дүнд хүрэх гэсэн тулгалтаас өөр зүйл биш. Түүний хүсч буй “үр дүнг” бид дэндүү сайн мэднэ.

 

Асуудлаа далдуур шийдчихээд хариуцлагыг нь ард түмэнд тохох гэсэн нохой заль гаргаж байгааг бид ч гэсэн сөрж илчлэх хэрэгтэй.


Нөгөө талаас Ерөнхий Сайдыг асуудал шийд гэж томилдог болохоос асуугаад бай гэж томилдоггүй. Бөөн будлианаа ард түмэн рүү шилжүүлэх нь тэднийг санаатай үймүүлж байгаагаас ялгаагүй. Нөгөө талаас Ерөнхий сайдыг тулгамдсан асуудлыг “зарах” гэсэн ганцхан өнцгөөс харж байгаа нь илт байна. Түүнд тулгамдсан асуудлыг шийдэх зангараг даанч алга. Зүгээр л нэг комсомолын ажилтан л харагдаж байна.


Түүнчлэн энэ удаагийн асуулга хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Ард нийтийн санал асуулгын хууль гэж байдаг. Үүнээс өөрөөр бол утгагүй, юу ч биш болно.


Судлаачийн хувьд хэлэхэд Ерөнхий Сайдын санал болгосон аль ч хувилбар “зарах” гэсэн үр дүнд хүргэнэ. Энэ бол баталгаатай…

 

Ахиад хэлье. Ерөнхий сайд асуудлаа далдуур шийдчихээд хариуцлагыг нь ард түмэнд тохох гэсэн нохой заль гаргаж байгааг бид ч гэсэн сөрж илчлэх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ эртхэн хэлэх хэрэгтэй ш дээ…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?