sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Voice of Russia/. Иракийн талаарх АНУ бодлого болон улс орнуудын хэнэггүй хандлагаас болж “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл бий болсон гэж олон улсын хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага мэдэгдлээ.

“Human Rights Watch”-ын жил тутмын тайланд “Лалын улс” бүлэглэл аяндаа гарч ирээгүй гээд “энэ бол АНУ-ын явуулсан Иракт явуулсан дайн, энэ улсыг эзэлсэн цэргийн ажиллагааны үр дагавар” гэжээ. Мөн Сири болон Иракийн “шашны бүлэглэлд харьяалагддаг” засгийн газрын бодлогууд болон энэ хоёр улсын засгийн газар “хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа”-д улс орнууд хэнэггүй хандсан нь тус бүлэглэл үүсэн бий болоход голлон нөлөөлсөн гэдгийг “Human Rights Watch” мэдэгдлээ.

Персийн булангийн улсууд хэт даврагчдын бүлэглэлүүдийг санхүүжүүлж байгаа нь “Лалын улс” үүсэн бий болж, хүрээгээ тэлэхэд мөн нөлөөлжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засаг захиргааны "байж боломгүй харгис үйлдэл”-ийг эсэргүүцэж чадах хамгийн боломжтой хүчин гэж өөрийгөө үнэлсний үндсэн дээр “Лалын улс” гарч ирсэн гэж “Human Rights Watch” мэдэгдсэн юм.

2012 онд Сирийн иргэний дайны үеэр Асадтай дайтахаар лалын суннитын хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл гарч ирсэн түүхтэй. Улмаар тус бүлэглэл хөрш Иракийн өргөн уудам газар нутаг, тухайлбал хоёр дахь том хот Мосулыг эзлэн авчээ. Улмаар тус хоёр улсад хяналтдаа авсан газар нутагтаа лалын халифат улс байгуулснаа зарласан билээ. Тус бүлэглэл нь балмад хэрцгий аргаар хүмүүсийг олноор нь хөнөөдөг, тухайлбал хүмүүсийг олны өмнө цовдолж, барьцааны хүмүүсийг цаазаар авдаг зэргээсээ болж нэр хүндээ алдсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: