sonin.mn
УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтын хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганы хуралдааны өмнө 08.30 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хэлэлцэнэ. Мөн  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
 
Байнгын хороодын хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” болон “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Чуулганы хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо хуралдаж Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай”, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж.
 
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж, “урт нэртэй” хуулийн дагаж мөдөх журамд өөрчлөлт оруулах тухай болон Өрийн удирдлагын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, Байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр 2014-2015 оны намрын ээлжит чуулган өндөрлөх юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: