sonin.mn
ПАРИС. /France-Presse/. Нигери улсад удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд саад болохын тулд бүх хүчээ гаргана гэж хэт давруу үзэлтэй лалын шашинтнуудын “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау мэдэгджээ. “Бид үхсэн ч хамаагүй энэ сонгууль болохгүй. Бид амьд байхгүй байсан ч Аллах та бүхнээр ийм зүйл хийлгүүлэхгүй” гэж Шекау дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ хэлсэн байна. Нигерид мягмар гарагт хоёр халдлага болж наад зах нь 40 хүн амиа алджээ. Тус улсын зүүн хойд нутагт оршдог Потискум хот болон Биу хотын зэргэлдээх хилийн шалган нэвтрүүлэх цэгт амиа золиослогчид халдлага үйлдсэн байна.
 
Хоёрдугаар сарын 14-нд болох ёстой байсан ерөнхийлөгчийн сонгуулийг гуравдугаар сарын 28-нд болгон хойшлуулсныг Нигерийн Сонгуулийн хороо урьд нь мэдэгджээ. Энэ сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан, сөрөг хүчний “Дэвшилтэт хүмүүсийн конгресс” намыг төлөөлөн сонгуульд оролцох цэргийн удирдагч асан Мухаммад Бухари нарын хооронд гол өрсөлдөөн болох төлөвтэй байна.
 
Барууны боловсролын загварыг загварыг үгүйсгэж, шариатын дэглэм тогтоохыг оролдож байгаа “Боко Харам” бүлэглэл бүс нутагт олон тооны халдлага үйлдэж, хэдэн зуун хүнийг хулгайлсан юм. Зөвхөн өнгөрсөн жилийн хугацаанд гэхэд тус бүлэглэлийн босогчдын гарт 10 мянга орчим хүн амиа алджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: