sonin.mn

Манж задарч Монгол тусгаар тогтнолоо зарласны 100 жилийн ой 2011 онд тохиов. Бараг 300 жил Манжийн төр засаглал, ахуй соёл, дуу хуур, зүйр цэцэн үгс Монголоор тархав. Ардчилал гэж ердөө 10-хан жил болоход ямар их баруунжив, солонгосжив гэж харахад ойлгогдоно.

 

Монголчууд хоорондоо тэмцэлдэн туйлдаж Халх Монгол Манжид дагаар орсны дараа байгаль эх дэлхийгээсээ эрчим хүчийг авдаг монголчуудын чадлыг сулруулж удтал хамааралтай байлгахаар Манжийн хааны бодлогоор нэг талаас хамгийн номхон нигүүлсэнгүй бурхны шарын шашныг улам хөхүүлж, нөгөө талаас “Цагаан сар”-ыг билгийн тоололд дүйцүүлэн газар нутаг, хүн, мал хамгийн сул дорой үед тэмдэглэж байхаар болгосон гэдэг. Товч хэлбэл Мөнхтэнгэрийн 13 цааз-ыг зөрчүүлснээр тэнгэрлэг эрч хүчээс салгах зорилгоо гүйцэлдүүлсэн юм.

 

 

 

300 жилийн турш хаана л Монголоо гэсэн ихэс дээдэс байна, тийшээ тэмээн жин, торго даалин, хээль хахуулийн хамт манжийн гүнж, хүүхэн илгээж хатан болгож өврийг дулаацуулж, үрийг заяаж иржээ. Сүүлдээ ч нэрийн дор манж хятад, хятад хүүхнүүд залгасан гэдэг. Өнөөдөр өөрийгөө тайж ноён гаралтай гэж ярьдаг хүмүүсийн хэсэг нь ийм үрсийн удам билээ.

 

Мөнхтэнгэрийн 13 цаазын 10 дугаарт: Гэрийн хэлхээгээ үл эвдэх гэдэг. Үүнийг 3 харийг тэвчих гэнэ. Нэгд: Харь хүнтэй үл гэрлэх. Хоёрт: Харь соёлд үл автах. Гуравт: Харь шашинд үл орох гэж язгуураас уламжилжээ. Үүнийг манжууд мэдэж байсанд үнэнхүү манж арга залиар эвдүүлж, харь эхнэр авахуулж, харь шашинд оруулж чадсан тул Мөнхтэнгэр цаазаа зөрчсөн балчируудаа цээрлүүлсэн болой. Ийнхүү бид ухаант мэргэн баатарлаг өвөг дээдсээ ярихаас өөр бахархалгүй мөнгөний төлөө элийрч, балайрч, мөлхөж яваа нь энэ.

 

Харин эгэл ардууд малаа маллаж, уртын дуугаа дуулж, бөх барилдаж, морио уралдуулсаар Монгол язгуураа өнөөг хүртэл авч ирсэн. Морьтойгоо Саарал ордонлуу ороод ирдэг тэр л иргэд, жинхэнэ Монголыг Монголоор нь авч ирсэн юм. Авч явахын тулд ч амь насаараа өнөөдөр эрсэдсээр байна.

 

Язгуурын монгол хүн бол Мөнхтэнгэрээ шүтдэг байсан ба монголчуудыг үндэстэн биш, язгууртан гэдэг. Язгууртан гэж ихэс дээдэс гэсэн үг биш. Хүмүүн шүтлэгтэй, бүхний үндэс нь хайр хэмээх гүн ухааныг Мөнхтэнгэрээс өвлөн авч хүмүүн төрөлхтөнд түгээх язгуурын эх нь учраас язгууртан гэнэ. Язгуур уламжлалаа залгамжлагч гэсэн үг.  

 

Яагаад “Цагаан сар” гэдэг вэ? Хамгийн цагаан идээ элбэг дэлбэг, сүү сааль ихтэй, айраг таргаар бялхсан, мал сүрэг тарган тавтай, зон олон тайван , эрч хүч дүүрэн, хүн ард хамгийн эрүүл саруул үедээ буюу намрын эхэн сарын өдөр шөнө тэнцсэн тэр өдөр балчир залуучууд ахмад буурлууддаа золгож эрчим хүчээ тохой өргөн өгч, эрдэм мэдлэгийг олдог онцгой өдөр байсан юм. Эрчим хүчийг залуучуудаас, эрдэм мэдлэгийг өвгөдөөс гэж. Улсдаа хэрэгтэй ухаант мэргэн ихэс дээдэсдээ залуу хатан авч өгдөг байсан ч үүнтэй бас холбоотой.

 

Харин одоо хамгийн хуйтэн зэвүүн, ядуу тарчиг, өвчтэй ханиадтай, бие суларсан, цагаан идээ хомс, хар архи элбэг үедээ цагаан сараа тэмдэглэсээр урьдын их эрүүл эрч хүч, эрдэм мэдлэгийн эрчмийн урсгал өөрлөгдсөн байгаа болно. Дэлхийн агуу сэтгэгч, Оросын их зохиолч Л.Н.Толстой “Зөв зам гэж. Эцэг өвгөд чинь юу хийж байсан түүнээс суралц. Тэгээд түүнийг үргэлжлүүл. Тэр бол зөв зам” гэж хэлсэн санагдлаа.

 

Харийн нөлөө Монголын Төрд их байгаа өнөөгийн цагт үүнийг өөрчлөх бэрхшээлтэй. Гэсэн ч сайн цаг айсуй гэдгийг мэдэж байна. Мөнхтэнгэрийн ёс, язгуур уламжлалаа тоогоогүй байхад ямар ч ТТ, ОТ огт нэмэргүй тул эргэн сэргэх болно. Мөхөс би мэдсэнээ мэдтүгэй хэмээн буулгав.

 

Монгол овогт Л. Баярсайхан Эмч.