sonin.mn
КИЕВ. /RIA Novosti/. Өрнөдийн орнуудын төр, засгийн 10 орчим тэргүүн “Нэр хүндийн жагсаал”-д оролцохоор Украинд очно. Уг жагсаал тус улсын нийслэл Киев хотын төв талбайд өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон үйл явдалд зориулан зохион байгуулж буй дурсгалын арга хэмжээний хүрээнд өнөөдөр болно.
"Майдан Незалежности" буюу Тусгаар тогтнолын талбайд хүчнийхэн болон хэт давруу үзэлтнүүдийн хооронд болсон мөргөлдөөний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж Украинд хоёрдугаар сарын 20-22-ны хооронд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн амиа алдсан юм.
 
Тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Валерий Чалыйгийн мэдээлснээр, одоогийн байдлаар Өрнөдийн орнуудаас долоон ерөнхийлөгч болон ерөнхий сайд “Нэр хүндийн жагсаал”-д оролцохоо мэдэгджээ.
 
Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский, Литва улсын төрийн тэргүүн Даля Грибаускайте, Гүржийн төрийн тэргүүн Георгий Маргвелашвили, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук болон Словакийн Ерөнхийлөгч Андрей Киска нар Киевт айлчлахаа нотолсон байна. Мөн Европын зөвлөлийн дарга Дональд Туск хүрэлцэн ирэх төлөвтэй байна.
 
Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, мөн Эстони улсын Ерөнхий сайд Таави Рыйвас Киевт очиж магадгүй байна. Латви улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас улсынх нь Ерөнхий сайд Лаймдота Страуюма Украинд очно гэж мэдээлжээ.
 
“Нэр хүндийн жагсаал” орон нутгийн цагаар 13 цаг 30 минутад эхлэх төлөвтэй байна.
 
2013 оны сүүлээр Николай Азаровын Засгийн газар Украин улсыг Европын Холбоонд /ЕХ/ нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зурах үйл явцыг зогсоосныг мэдэгдсэний дараа еврогийн бүсэд нэгдэхийг дэмжигчид Киев хотын төв талбай болох “Майдан Незалежности” буюу Тусгаар тогтнолын талбайд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм. Хожим нь Майдан нь хүчнийхэн болон жагсагчдын сөргөлдөөний гол талбар болсон. “Евромайдан” гэж нэрлэсэн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Украин даяар болсон билээ. Хэт давруу үзэлтнүүд нэг бус удаа галт зэвсэг хэрэглэж байсан гудамжны мөргөлдөөний үеэр хэдэн арван хүн амиа алджээ. Майданы үйл явдлыг мөрдөн шалгах ажил өнөөг хүртэл дуусаагүй байгаа бөгөөд гэмт хэрэгт өдөөн турхирагчид болон зохион байгуулагчдыг тогтоож чадаагүй байна. Украины Прокурорын ерөнхий газар одоогоор жагсагчдыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа “Беркут” тусгай анги нэгтгэлийн зарим ажилтны хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.
 
Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович, Дотоод хэргийн сайд асан Виталий Захарченко, Аюулгүй албыг удирдаж байсан Александр Якименко нарыг хоёрдугаар сарын үйл явдалд холбоотой гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа юм.
 
Мөрдөн шалгах ажил дуусахгүй байгаагийн шалтгааныг Украины шинэ эрх баригчид өндөр албан тушаалтнууд асан хилийн чанадад нуугдаж байгаатай холбон тайлбарлаж байна. Харин Украины хуучин удирдлагууд Майданд болсон үйл явдалд холбоогүй гэдгээ мэдэгдэж байгаа юм.
 
Виктор Янукович болон сөрөг хүчний удирдагчид ЕХ-ны зуучлалтайгаар мөргөлдөөнийг зохицуулах тухай гэрээнд гарын үсэг зурсны маргааш нь тус улсын Дээд Рад Януковичийг Харьковт айлчилсан хойгуур түүнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, тавдугаар сарын 25-нд хугацаанаас өмнө сонгууль явуулахаар товлосон юм. Харин Виктор Янукович Украинаас зугтан гарсан билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж "Монцамэ" агентлаг