sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах болон Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ойрын өдрүүдэд шийднэ гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ. Түүний хэлснээр, одоогийн байдлаар ОХУ-д ямар шинэ хориг арга хэмжээ авч болох талаар Европын холбоотнуудтайгаа нухацтай хэлэлцэж байна.
 
Ямар шийдвэр гаргах нь Украины зүүн нутагт салан тусгаарлах үзэлтнүүд гал зогсоох дэглэмийг сахиж байгаа эсэхээс шалтгаална гэж Керри цохон тэмдэглэжээ. Герман, Франц улсын оролцоотой байгуулсан түр эвлэрэх гэрээг одоогоор ердөө “хэдхэн газарт” сахин мөрдөж байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн онцлон дурдсан байна.
 
Украины зүүн нутагт салан тусгаарлах үзэлтнүүдэд цэргийн дэмжлэг үзүүлж, Донбасст болж буй зэвсэгт мөргөлдөөнд шууд оролцож байна гэж Украины эрх баригчид болон Өрнөдийн орнууд ОХУ-ыг буруутгаж байгаа юм. Харин Москвагийн эрх баригчид үүнийг няцаасаар байгаа билээ.
 
Д.Жаргал