sonin.mn

УИХ-ын дарга З.Энхболд хоёрдугаар сарын 23-27-ний хооронд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр маргааш Улаанбаатар хотоос мордох гэж байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхах юм.

Онцлоход, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сарын 9-11-ний хооронд Япон улсад ажлын айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм. Үүний дараа буюу хоёрдугаар сарын 17-нд УИХ Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.