sonin.mn
Нэг нь гуйж сурсан, нөгөөх нь өгч сурсан хоёрын үлгэр 
Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн дараалсан айлчлалд арлын Япон улс даруулах шиг л болж байна. 12-хон хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны төрийн айлчлалаа Японоос эхлүүлж Ерөнхий сайд Шинзо Абэ, Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар стратегийн түншлэлийн эхлэлийг тавьчихаад ирлээ гэж хэсэг шуугисан. 
 
Дээрх гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улстай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрэх болно гэдгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ онцлон тэмдэглэж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг “Японтой харилцаагаа цаашид бэхжүүлэхийн төлөө ажиллах болно" гэдгийг ч дурьдаад авна лээ.
 
Уг гэрээ хүчин төгөлдөр болсноор Монгол Улс Японоос импортолж буй автомашинд ногдуулдаг таван хувийн гаалийн татвар хүчингүй болно. Мөн Монгол Улс нүүрс, газрын ховор металл зэрэг ашигт малтмалыг Японд нийлүүлэхээр болж байгаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Улаанбаатараас 38 км зайтай Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын нэмэлт санхүүжилт болох 300 гаруй сая ам. долларын зээлийг Японы талаас авах болсон.
 
Товчхондоо нэг нь гуйж сурсан, нөгөөх нь ч төдий л цааргалаад байлгүй өгч сурсан улс гэж байгаа юм. Өнөөдрөөс УИХ-ын дарга З.Энхболд Японд албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Монгол Улсын төрийн томчуудын айлчлал ийнхүү шил шилээ даран үргэлжилж байгаад Японы жирийн иргэдийн зарим хэсэг нь хөөрхөн гайхаж байж ч болзошгүй. 
 
Учир нь татвар төлөгч иргэдээсээ цуглуулсан мөнгийг 30-40 жил тун шалихгүй хүүтэйгээр хэдэн зуун саяар нь зээлүүлээд байгааг ташаадаггүй хүмүүс байж л байгаа. Нөгөөтэйгүүр үндэснийх нь спорт сүмо бөхөд Монголын залуучууд ноёлж байгаагаар далимдуулан байсхийгээд л нэг дарга нь айлчилж ирээд алгаа тосоод суугаад байх юм гэж тээршаах иргэд нь олширч ч болзошгүй.
 
Өнөөдрөөс эхлэн дөрөв хоногийн нүсэр айлчлалаа эхлүүлж байгаа УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай мөн л уулзаж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхах сурагтай байна лээ. 
 
Хамгийн гол нь энэ удаагийн айлчлалаар Ерөнхий сайдын албан бус саналыг уламжилж магадгүй дуулдсан. Энэ нь дипломат паспорт эзэмшиж байгаа иргэдэд тус улсад визгүй зорчих боломж гаргах, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох хүсэлт гэдэг нь тодорхой. Хэдийгээр жуулчны визтэй оччихоод харлаад үлдчихсэн Монголчуудад Солонгосын хууль хяналтынхан шиг хатуурхаад байдаггүй ч Японы тал Монголчуудыг визгүй зорчуулахыг эрс эсэргүүцэх хүмүүс мундахгүй олон байгаа нь тодорхой. 
 
Өндөр хөгжилтэй, Азийн тэргүүлэх гүрэн Япон руу харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр, цаашлаад визгүй зорчдог болчихвол манай улсын хувьд аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон ач холбогдолтой нь үнэн ч өнөөдөр хүчирхэг бөхчүүдийнхээ сүр хүчээр ард олных нь дунд тун өндөр байгаа Монгол Улсын нэр хүндийг харлуулах хүнд гарууд хэдэн арваараа хойно хойноосоо уралдан цувж эсэн бусын хэрэг тарьж хэлхэн жилийн дотор Монголчууд шиг муу нэртэй, муу данстай хүмүүс байхгүй болчихыг ч үгүйсгэх аргагүй.
 
БНСУ-ын Бусан хотод ажиллаж амьдардаг нэг найз маань “Энэ хотод Монгол хүнд үйлчилдэггүй цэнгээний газар, тэр ч байтугай Монголчуудыг оруулахгүй гэсэн зах хүртэл байдаг” гэж хэлсэн нь огт үнэмшилгүй сонсогдож байсан ч саяхан Сөүлийн төвөөс баригдсан халаасны хулгайчаас болоод Сөүлд ч тийм газар хэдэн арваараа байгаа болов уу гэж эргэлзэхэд хүрсэн юм. Мэдээж эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед манай дарга нар ар араасаа цувралдан арлын Японыг зорьж байгаа нь сайнаар ярьвал зээл тусламж хүсэх, саараар тайлбарлавал “бадар барих”-аар царайчлан очиж байгаа хэрэг юм.
 
Гэхдээ “бадар барьж” олж ирсэн хэдийгээ “Чингис”, “Самурай” бонд шиг тааралдсан болгон руугаа тараан шидэж, эцэст нь эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд сууцгааж байгаа өнөөдрийн хорлонтой байдлыг яагаад ч давтаж болохгүй.
 
Нөгөөтэйгүүр Японоос байнга мөнгө гуйж царайчилж байхаар Хятад, Тайланд зэрэг улсуудад олноор нь байгуулаад байгаа Японы хөрөнгө оруулалттай, Япон технологитой жижиг, дунд үйлдвэрүүдийг олноор нь оруулж ирэх, байгуулах асуудлыг далайцтай судалж, эхлүүлэх цаг болсон санагдах юм.
 
Стратегийн ордуудаа таван жил татвараас чөлөөлж гадны хөрөнгө оруулагч нэртэй улс үндэстэн дамнасан хэдхэн луйварчдад ухуулж, төнхүүлж өөрсдөө сүйдсэн байгальтай үлдэцгээсний оронд Японоос хэдэн арван үйлдвэрийг оруулан ирж ажилгүй залуучуудаа ажлын байраар хангаж, эхний 5-10 жил татварын хөнгөлөлтөөр дэмжин ажиллавал илүү үр дүнтэй, жинхэнэ хөгжил авч ирэх бус уу.
 
Арлын Японыг дайвалзуулах шахан Монголын төрийн томчуудын шил шилээ даран үргэлжлэх айчлалуудыг битүүхэн тандаж суухад ийм л бодол орж ирээд болохгүй юм. Нэг нь гуйж сурсан, нөгөөх нь төдийлөн цааргалаад байхгүй өгч сурсан хоёроо гэж. 
 
Д.Энхтүвшин
Эх сурвалж: