sonin.mn
Өч төчнөөн тэрбумаар нь идэж ууж, дураараа дургисан эрх мэдэлтнүүд ямар ч хэргээс мултарч чаддаг нэгэн сонин тогтолцоо манай улсад аль хэдийнэ бий болжээ. Учир нь хуулийнхан албан тушаалын гэмт хэрэг хэмээн нийгэмд дуулиан шуугиан тарьдаг ч эцэст нь шүүхээс тэдэнд ногдуулсан ялыг хүчингүйд тооцуулах, аль эсвэл цагаатгах тогтоол уншиж тэднийг ялаас мулталдаг гэсэн үг. 
 
Тэгээд ч эрх мэдэлтнүүд ямар нэгэн баяр ёслолын үеийг тааруулж байгаад гэнэтийн шийдвэр гаргадаг нь жирийн үзэгдэл болсон гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй. Хамгийн сүүлд ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарын дөрвөн хүнд холбогдох  хэргийг цагаан сартай давхцуулан сэмхэн шийдчихэв. Тодруулбал, өнгөрсөн 19-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн танхимд доорх нэр бүхий хүмүүст холбогдох шүүх хурал болж, тэдний толгойг сайтар илээд өнгөрчээ.
 
Тодруулбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг, М.Батболд нарт холбогдох Эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч, ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна.
 
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугааршүүхугхэргийг өнгөрсөн оны наймдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус бүр төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 6.6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр болсон. 
 
Мөн С.Батмөнхийн эзэмшлий "Land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Toyota Hilux” машинуудыг хураахаар шийдвэрлэсэн юм. Харин М.Батболдыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн 166-гийн нэгдүгээр зүйлийн 166-гийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Hummer H3’ маркийн автомашиныг хурааж, долоон жил чанга дэглэмтэй хорих ангид хорих-ял оногдуулж байсан. Харин Г.Наранцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж байжээ.
 
Ингээд дээрх шүүх хурлын дараа буюу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд уг хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр дахин хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
 
Харин өнгөрсөн 19-ны өдөр болсон Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн юм. Харин тэдний төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус хэвээр үлдээжээ.
 
 Мөн М.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилж, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. 
 
Ингээд тус шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу М.Батболд, С.Батмөнх, Д.Эрдэнэбат, нарын цагдан хоригдсон хоногийг торгох ялтай дүйцүүлэн тооцож, тэднийг суллахаар шийдвэрлэж тэдний эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг өмнөх шатны шүүх хүчингүй болгосныг сэргээж, хохирлын мөнгө болох нэг тэрбум 62 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн юу юутай ч шүүхийн шийдвэр ийнхүү гарсан нь олон хүнийг гайхшралд оруулаад байна.
 
Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байтал чухам юунь учир Улсын дээд шүүх өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож тэдэнд торгуулийн ял ногдуулах болов гэдэг нь олны анхаарлыг татаж эхлээд байгаа юм.
 
Ер нь цагаан захтнуудын хэрэг анхнаасаа сүр дуулиантай эхэлдэг ч төгсгөл нь иймэрхүү маягаар явж байгаа нь харамсалтай. Ямартай ч өч төчнөөн тэрбумаар нь идэж уусан хэмээн нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан нэр бүхий эрхмүүд нарсанд биш наранд сэлгүүцэх эрхтэй боллоо. Одоо харин тэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохиролыг хэрхэн яаж барагдуулах бол гэдгийг харах л үлдэж байна
 
Р.Саруул
Эх сурвалж: