sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаад үзчихсэн цор ганц улстөрч, МАХН-ын дарга Н.Энхбаяр битүүний барилдааны тавын давааны эхэнд гэнэтхэн Бөхийн өргөөнд морилон ирж, бөхийн хорхойтнуудыг уулга алдуулсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүдийг бүлтэгнүүлж, гайхшийг барчихсан нь энэ өдрүүдийн гол дуулиан болов. 
 
Өнгөрсөн намар бас л гэнэтхэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд хөл тавих үед намынхан нь “Дарга айраг ууж, ааруул идэх гэж ирсэн” гэж тайлбарлаж байсан ч АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, Улаанбаатар хотын захирагчаас эхлээд олон улстөрчийн даралтыг ихэсгэж, бөөн шуугиан тарьчихаад чимээгүйхэн Солонгос руу буцаад нисчихсэн удаатай. 
 
Харин энэ удаа Цагаан сараар хэрэг зориг болгон нисэн ирж Бөхийн өргөөд доргиулчихаад гарав. Өнөөдөр өдийд МАХН-ын цагаан байшинг ганхуулах шахан намынхантайгаа золголт хийж байгаа. Тэрээр ямар ч үед Монголын улстөрийг хөдөлгөөнд оруулж дөнгөөд байдаг, аргагүй л сайн, саараар дуудуулах шидтэй нэгэн. Түүний улстөрийн тоглолт ямар ч үед таамаглах аргагүй, зарим үед арай хэтрүүлчих гээд байдаг нь ч хамтран зүтгэгчдийнх нь төдийгүй харгалдан тэмцэлдэгч бусдын гайхлыг өөрийн эрхгүй төрүүлээд байдаг бас л зангаргатай улстөрч билээ. 
 
Одоохондоо Монголын улстөр ажин, түжин оргиж УИХ ээлжит амралтаа авчихаад байгаа ч тун удахгүй 2015 оны хаврын синдром байгаль дэлхийн хуйсагнуур ааштай зэрэгцэн эхэлж, пижигнэлдэж гарах нь тодорхой. Одоогоор 2016 оны УИХ-ын болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй юм шиг царайлж, улстөрчид өчүүхэн амралт эдэлж байгаа ч Н.Энхбаяр даргын хувьд дараагийнхаа нүүдлийг аль хэзээний бодчихсон, бэлдчихсэн зарим нэгийг нь эхлүүлэхээр зорьж яваа гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй. 
 
Тэрээр энэ удаа зүгээр ч нэг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нарыг дагуулан ирж Бөхийн өргөөг дайвалзуулаагүй нь тодорхой. Монголын улстөр, ард түмэн улстөрийн шинэ хүчирхэг хүчин, тодорхой бие улстөрчийг илтэд хүсэмжлэх болсон энэ цаг үед Н.Энхбаяр дарга томоохон зүйл төлөвлөж, зарим нэг улстөрчтэй нэлээн холын төлөвлөгөөтэй, гэрээ хэлцэл хийхээр ирсэн байхыг ч үгүйсгэж болохгүй. 
 
Мөн зарим нэг нөхөдтэйгөө тооцоо бодох, данс дугуйлахаар шазуур зууж явж ч мэднэ. Ямартай ч өнөөдрийн золголтын дараа зарим нэг ажиллагаа нь мэдрэгдээд эхэлнэ. Тэр битүүний барилдаан дээр ирэхдээ шазууртай инээж харагдсан. Одоо дараагийнхаа ажлыг эхэлчихсэн гэдэгт итгэлтэй байна. Харин тэр нь чухам ямар төлөвлөгөөтэй, ямар ажиллагаа байх бол доо. 
 
Эх сурвалж: