sonin.mn
КИЕВ. /NHK/. Бид галын шугамаас хүнд зэвсгүүдээ татаж эхэлсэн гэж Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид мэдэгдлээ. Хоёрдугаар сарын 15-нд хүчин төгөлдөр болсон гал зогсоох хэлэлцээрийг бид дагаж мөрдөж байгаа гэж салан тусгаарлагчдын төлөөлөгч өнгөрсөн амралтын өдөр Оросын сэтгүүлчдэд хэлсэн байна.
 
Энэ сарын 18-нд Оросын талыг баримтлагчид тээврийн гол зангилаа болох Дебальцево хотыг хяналтдаа авснаас хойш Украины засгийн газрын хүчнийхэн болон салан тусгаарлагчид хооронд байлдааны ажиллагаа мэдэгдэхүйц намжсан юм. Гэхдээ багахан хэмжээний мөргөлдөөн үе үе болсоор байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Донецк болон Луганск мужид нэг цэрэг амь үрэгдэж, гурван цэрэг шархадсан гэж Украины армийн төлөөлөгч Андрей Лысенко өнгөрсөн амралтын өдөр мэдэгдсэн юм.
 
Түүний хэлснээр, салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүсүүдэд Оросоос олон тооны хуягт тээвэрлэгчүүдийг аваачжээ. ОХУ гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна гэж тэрбээр мөн буруушаалаа. Гал зогсоох хэлэлцээрийг даган мөрдөж байгаа эсэхийг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага анхааралтай ажиглаж байна. Хэлэлцээрийг даган мөрдөхийг Украины засгийн газрын хүчнийхэн болон салан тусгаарлагчдын аль алинд нь тус байгууллага уриаллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: