sonin.mn
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” /Д.Нацагдорж/
Архи тамхины хяналтын тухай хууль гарсан, гарах нь гэж сонсоод нэг талаар олзуурхаж, нөгөө талаар ундууцаж байлаа. Яагаад олзуурхсан гэвэл архи, тамхи замбараагүй хэрэглэхийг жаахан ч болов хумьж цэгцлэх нь гэж яагаад ундууцсан гэвэл “хяналт” нэрэнд нь жихүүцээд. Тэгээд би саяхан “Тамхины хяналтын тухай” нэртэй хууль олж харлаа. 
 
Оновчгүй, ойлгомжгүй, олхиогүй тэрслүү нэр томьёо, үг хэллэг, өгүүлбэр, гаж сэтгэлгээ захаас аван тааралдаж байна. Хамгийн гол нь “Тамхины хяналт” нэр энэ хуулийг үнэхээр их гутаажээ. Хууль биш гууль болгоход хүргэжээ. Нэрнээс нь харвал, уг хууль тамхи, тамхины эргэн тойрны асуудлыг цэгцлэн журамлах гэснээсээ эссэн харин бүр эсрэгээр тамхи бүхнийг хянах тухай утга санаа болж хувирсан байна.
 
Монгол хүн модны, ус ундааны, хоол цайны хяналт гэж ам ангайдаггүйтэй адил архи, тамхи, ундааны хяналт гэж сэтгэдэггүй. Хяналт, хэрэглээ гэдэг үг зөвхөн хүнд хамаарахаас архи, тамхинд огт холбогдолгүй ойлголт. Архи, тамхи, ундаа ямар амьд, ухамсар сэтгэхүйтэй биш, байдаг л нэг бараа. Хэнийг ч, юуг ч хянаж чадахгүй.
 
Телевизүүдийн гажиг согогтой эрлийз хэл, чамирхлаар толгойгоо гашилгаагүй хүмүүс бол бичиг үсэг мэддэггүй ч байлаа, унаган төрхөө алдаагүй л бол буруу ярина, сэтгэнэ гэж бараг үгүй дээ. Дотоодын дээд сургуулийг дөнгөн данган, гадаадын дээд сургуулийг хальт мөлт төгссөн, хоёрын хооронд мэдлэг үнэртсэн хүмүүс л холион бантан хутгадгийг амьдралын олон жишээ баримтаас олж харж, ойлгож цэгнэж явна. Архи, тамхи, ундааны хяналт, хэрэглээ гэдэг буруугаар хэвшсэн нэр томьёо, хэллэг бол тэдний зуурсан бантан юм.
 
“Үнээний сүүгээр сүүлэлт” хэмээх хэллэгт төгс утга санаа байна уу, байхгүй биз дээ. Тэгвэл үүнтэй адил өөр нэг жишээ авъя. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын нэг сантай хамтран гаргаж орон даяар тараасан ухуулах хуудасныхаа нэгэнд “Хөхний сүүгээр хооллолт" гарчиг хайрлажээ. Хүнээ, хэлээ, хариуцлага, нэр хүндээ даанч бодсонгүй, умартаж орхижээ. 
 
“Хооллолт”-ын оронд “хооллох” нь гэсэн бол утга төгс санаа болно. Ийм эрэмдэг, зэрэмдэг үг хэллэгтэй албан бичиг, баримт, ном сонин энд тэндгүй олширчээ. Энэ дашрамд нэг зүйлийг нэхэн сануулъя.
 
Өнөөгийн хүмүүс үйл үгийг үйл үг чигээр нь хэрэглэхийн оронд ихэнхийг нь нэр үг болгож /нэршүүлж/ ярьж бичдэг болсноороо өөрсдөдөө яршиг төвөг удаж, эргээд түүндээ ороогддог болжээ. Хянах, хэрэглэх гэсэн үйл үгийг хяналт, хэрэглээ болгосноороо архи, тамхи, ундааг хянах бус эргээд тэдгээртээ хянуулах утга агуулга бий болгож байна. Зарим нь өвдөхийг өвдөлт болгосон шиг дээл өмсөлт, гутал тайлалт, цай уулт гэх дээрээ тулж ирээд байна. Өнөөдрийн албан бичиг, ам ярианаас ийм хэллэг үй тэмээрээ олдоно. 
 
Нэр үг олноор хэрэглэх тусам найруулга зүй дагаад ярвигтай болж байна. Хэлнийхээ найруулга зүй, намба төрх, үг хэллэгийг монгол гэж танигдахын аргагүй болгон өөрчилж, зугаа тоглоом болгож доромжлон даажигнаж байх хэнд ямар хэрэгтэй юм бэ? Хүний эрхийг хамгаалахад бус хөсөрдүүлэхэд, танхайрал, цадиггүй явдал, талцал хуваагдал газар авахад нэмэр нөөлөг болоод байх шиг харагдана. 
 
Өөрөөсөө бусдыг, бүхнийг шинэчлэхийн дон туссан, биеэ “би”, бишдийг “чи” гэж басамжилдаг царцуу толгойтнуудад нэр төр хөөцөлдөх, хоосон цэцэрхэх, сүржигнэхэд хэрэг болдог юун гэхээс хорвоогийн монголчуудад хор болохоос хоол болохгүй. Хэл хүнийг шинэчлэхээс биш, хэлийг хэн нэгэн хүн шинэчлэх гэвэл “Саваагүй нохой саранд хуцна” гээчийн үлгэр болно.
 
Архи/-йг/, тамхи/-ыг/ ундаа/-г/ хянах гэх нь буруугүй ч хуулийн агуулга эдгээрийг хянахдаа гол биш хэрэглэгч тэдний хэрэглээг цэгцлэхэд чиглэх ёстой учраас заавал тэгж нэрлэх албагүй санагдана. Архи хэмээх спирттэй хольсон ус, тамхи хэмээх нунтагласан навчит ургамал лонх, савандаа байхдаа өртөг шингээснээс өөр байгаль, нийгэмд ямар ч хал балгүй бүтээгдэхүүн. 
 
Зөвхөн хагарч асгарах, норж муудах, хулгайд алдагдахаас сэргийлж хамгаалах төдий ажил гарч болно. Харин тэдгээрийг хэрэглэгч, тэдний хэрэглээг хянаж хязгаарлах, бууруулах нь манай мэтийн архичин, тамхичиндаа дарлуулж, доромжлуулдаг болсон оронд бол зайлшгүй чухал том асуудал юм. Хуулийн шүүмжлэл дагуулсан нэрийг юуны өмнө монгол сэтгэлгээнд нийцүүлж, тамхи хэрэглэгч, тэдний хэрэглээг бууруулах, журамлах утга агуулгатай болговол зүйтэй байна. 
 
Архи, тамхины хэрэглээ гэвэл дахиад шүүмжлэлийн бай болно. Тамхины хяналт, архины хэрэглээ бол ерөнхий агуулгаараа яг ижил ойлголт. Бид энэ далимд буруугаар хэвшсэн бусармаг хэллэгээсээ бүрмөсөн салмаар байна. Хэрэглэгчдийн хэрэглээ, хэрэгцээ шаардлага гэх нь жинхэнэ зөв сэтгэлгээ. Тамхи хэрэглэхтэй холбоотой энэ хуулинд эгэл жирийн иргэдэд байтугай хууль сахиулагчдад ойлгоход бэрх үг хэллэг, нэр томьёо нэлээд байна. 
 
Брэнд хэмээх харь үгнээс эхлээд анагаахынхнаас үүдэлтэй, хэлний мэргэжилтнүүдэд адлагдсаар ирсэн, гаж гэхэд дэндүү гаж “Дам тамхидалт’’ гэсэн арчаагүй, зэвүүн муухай этгээд хэллэгийг ямар ч шаардлагагүйгээр хэд хэдэн зүйл заалтад хавчуулж “дархлаажуулсан” ч байх шиг. Тамхины утаа үнэрлэхийг их сүр бадруулан гудамжны гэмээр гутамшигт хэллэгээр томьёолсон байх юм. 
 
Өөрийн хүсэл зоригоос үл хамааран .... тамхины утаагаар амьсгалахыг “Дам тамхидалт” гэсэн атлаа өөрийн хүслээр амьсгалахыг юу гэж нэрлэх тухай юу ч дурдсангүй. Ийм нэг эргэлзээ төрүүлсэн эрэмдэг санаа явна. Хуулиндаа оновчтой нэр оноож, дөнгөөгүй байж ходоод гэдсэнд нь болохоор хог новш цуглуулаад чихчихжээ. Төрөлх хэлээ махалж тамтагласан ийм этгээд муухай хэллэгийг төрийн хуулинд тусгаж “хуульчилсанд” /мөнхөлж мөрдүүлэх болсонд” үнэхээр их харамсч байна. 
 
Хуулийг хүн бүхэн мөрдөх ёстой. Тэгэхээр дээр дооргүй “тамхидалт” гэж ярьдаг болох уу. Нийслэлийнхэн маань нэлдээ гудамжны утаа, хумхийн тоос, хорт угаарын хольцоор өвөлжингөө төдийгүй өдөр тутам утуулсаар олон жилийн нүүр үзлээ. Үүнийг бас “Дам утаадалт” хэмээн нэрлээд, хуульчлах уу. Монгол хэлээ модон мохоо үг хэллэгээр булсаар булсаар булшилчих вий гэж санаа зовж байна. 
 
Бидний харилцааны гол хэрэглүүрийг жинхэнэ монгол өнгө аястай болгож буй өвөрмөц эд эс /үг хэллэг/, бүтэц бүрэлдэхүүн” өгүүлбэр найруулга”-ийг эвдэн бусниулж, хасаж танасаар оронд нь огт тохирохгүй, ижил буруу элдэв бусын бохир өөр эд эс, хэлбэр загварыг гадаад дотоодоос олж суулгаад байвал монгол хэл минь махаа иднэ, яваандаа мөхөж сөнөхөд хүрч юун магад. Адууны элгийг хүнд суулгавал мах бодь нь хүлээж авах уу, авахгүй бол тэр тэгээд талийгаач болно биз дээ.
 
“Төрийн хэл” гэсэн нэг чимээ гарсан. Төрд ажилладаг хэдхэн хүн тусгай хэлээр харилцдаг болоогүй баймаар. Монгол хэлийг төрийн хэл хэмээн нэрлэн томьёолох нь нэн зохимжгүй бөгөөд хэнбугай ч өмчлөх эрхгүй, монгол туургатнуудын хамтран бүтээсэн өмч агаад өв соёл билээ. Улсын болгоныг төрийн гэж нэрлэдгээ бас тунгаан бодож үзмээр байна. Төрийн байгууллага хэлэнд хагалгаа хийдэг газар биш хууль, бодлого боловсруулж үйлдвэрлэдэг, түмний хэлээ төхөөрдөг биш, хамгаалдаг газар гэж сонссон юм байна. 
 
Европын холбооны нэг хурал дээр франц хүн англи хэлээр илтгэл хийсэнд Францын ерөнхийлөгч байсан Шарль Де Голь дургүйцээд хурал хаян гарч одсон гэж бас сонссон юм байна. Төр улс хэлээ ингэж эрхэмлэдэг юм байна. Өөр юу билээ гэж бодтол их Нацагдоржийн маань “Өсөхөөс сурсан үндэсний хэл, Мартаж болшгүй соёл” хэмээх шад ой тойнд минь урсаад, орж ирэв. 
 
Герман хэлэнд гойд тэрээр зохиол бүтээлээ ганц ч гадаад үг оруулалгүйгээр цэвэр монгол хэлээрээ туурвисаар замба тивийн охь манлай яруу найрагчдын нэгээр тодорсон билээ. Дээрх ганц шадаас гэхэд монгол хэлний сод гайхамшиг нэвт гэрэлтэж байна.
 
Элдвийг эргэцүүлэн цэгнэсээр эцсийн эцэст би монгол хэл хэрэглэгчээ голж чамладаг болжээ гэсэн ойлголтод хүрсэн хүн. Зөв сэтгэж, хэрэглэж чадвал монгол хэлний яруу илтгэх увдис янзаараа, хязгааргүй боломж нь хадгалагдсан хэвээр байна. “Танилцсан амраг минь тавхан үгэндээ танигдаад байна аа хө” гээд ардын дуунд гардаг. Тэгвэл өнөөгийн зарим хүн тав биш тал үгнээс тар тамираа таниулдаг болоо шив дээ. 
 
Тамхи гэдэг үгэнд “-далт” залгах мэтээр. Энэ жишээнээс уг хүнийг хэр хариуцлагатай, мэдлэгтэйг ойлгож цөхөх юм алга. Монгол хүн тамхи татах, тамхилах гэхээс “гурилдах, шавардах” гэдэг шиг “-дах” залгаж ярьдаггүй, тэр тусмаа “-далт”-ыг бүр цээрлэнэ. Өнөөдөр мэдлэггүй мэдэмхийрэгчид олширчихоод бантан зуурагчид элбэгшжээ. Мэддэг атлаа чаддаггүй явдал бий. Энэ бол манай сургалтын маш том согог. 
 
Сургалт амьдрал, үйлдвэрлэлээс хол хөндий бол хэчнээн дээд сургууль дүүргээд ч тус нэмэр байхгүй. Мэдсэнээ амьдрал, үйлдвэрлэлд ашиглаж чаддаггүй сэхээтнээс хар ажилчин хамаагүй дээр билээ. Хууль санаачлагч брэндийн нэр, дүрс, брэнд өргөтгөх, хуваалцах гэсэн гадаад нэр томьёо оруулсандаа баярлаж бахархаж байж ч мэднэ. Тэгвэл тэдгээрээс ойлгогдох юм бараг алга. 
 
Шүүгч чухам яаж ойлгож, ямар ял зэм төлөвлөх юм бэ, бүү мэд. Брэнд өргөтгөх, хуваалцах тухай заалт нь монгол хэл сэтгэхүйгээр ягтаа тулсан ядмаг орчуулагчийн гадаад хуулиас махчлан хуулсан холимог хуурга болжээ. Тамхины ноёлох бүтээгдэхүүний нэр хүндийг өргөх, бусдын ноёлох бүтээгдэхүүний нэр хүндээс хуваалцах зорилгоор онцлох тэмдгүүдээ харилцан солилцож ашиглах гэсэн санаа юм уу даа хэмээн таалаа.
 
Зарим хүн зөв, буруу ярьж бичиж байгаагаа мэдрэх сөхөөгүй болсон нь монгол сэтгэлгээгээр дэндүү ядуурч доройтож буйн шинж. Энэ нь бас ахмадаа сонсохоо, тоохоо больж хөндийрсний балаг, гадаад орчны эрхшээл нөлөөнд автан төсөөрсний харгай билээ.
 
Хууль цаг үеийн шаардлагаар амьдралаас урган гардаг баймаар. Тэгвэл энэ хууль амьдрал дундаас бус ширээн дотроос урган гарсан бололтой. Хар тамхи, хамрын тамхины тухайд ганц ч үг ган хийсэнгүй, магадгүй тусгай хууль байж болох юм. Мохоор тамхи зажилж, зуухаа тойруулан нулимсаар сүрьеэ зэрэг өвчин тараадаг явдал байсан, байдаг. Тамхины бохь зажилдаг хүмүүс ч бий. 
 
Тамхины гал, чүдэнз, асаагуур зэргээс гэр орон, машин техник шатах, түймэр гарах, хүний эрүүл мэнд хохирох, хот тосгон, байгаль орчин, улс оронд аюул занал учрахыг алийг тэр гэхэв.
 
Сурагчдын дунд архи, тамхи хэрэглэх явдал хавтгайрч байна. Бусдын нөлөөнд автан тамхинд орох явдал газар авч байна. Хүүхдийн дэргэд тамхи татах бол бараг ердийн үзэгдэл байсан, байсаар ч байна. Сонгууль, цагаан сараар архи, тамхи тараах, бэлэглэх, сургууль төгсөх, аялал зугаалгаар явах үеэр архи, тамхи хэрэглэх явдал бүр ч их гаардаг. Хуульд дээрх зөрчил, сөрөг үр дагаварт чиглэсэн заалт байхгүй байна. Баг, байгууллагаараа тамхичингүй хамт олон болох хөдөлгөөн, санаачлага, тамхинаас
гарагчдыг дэмжих, урамшуулах, сурталчлах, ер нь олон нийтийн нөлөөллийг ашиглах, дэмжих талын заалт тусгагдсангүй.
 
Тамхи үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн, монопольчлол, тамхи импортлогчдын талаар дорвитой тодорхой заалт хуульд үгүйлэгдэж байна. Ерөнхийд нь авч үзвэл хууль шүүрхий, цоорхой юм болжээ. Үүнээс хойш түүнээс цааш төрөлх хэлээ битгий тамлаж тамтаглаарай, түүхий цоорхой бүтээгдэхүүн битгий гаргаарай гэж төрийн түшээдэд
захиж сонордуулъя. Та биднийг төрийн сүлд өршөөх болтугай.
 
Ахмад сэтгүүлч Г. Далантай