sonin.mn
УИХ-ын намрын чуулганаар хэд хэдэн хууль баталж, заримд нь нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин хэлэлцүүлгийн шатанд багагүй шүүмжлэл дагуулсан Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа. 
 
-Соёлын тухай хуулийг шинэчлэн баталснаар телевизүүд ямар үүргийг нэмж хүлээхээр болж байна вэ. Өмнө нь энэ хуулийг хэлэлцэж байхад хэд хэдэн шүүмжлэлтэй асуудал гарч байсан. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгнө үү? 
 
-Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар эцэслэн баталсан. Энэ хуулийн анхны хувилбар нь ерөнхийдөө телевизийн салбарынхны эрх ашигт нэлээд сөргөөр нөлөөлөхүйц заалтуудтай байсан. Гэхдээ ажлын хэсгийнхэн сайн ажилласны үр дүнд амьдралд нийцэхүйц, хэрэгжиж болохоор хэмжээнд өөрчилсөн гэж ойлгож болно. Өмнөх заалтыг та бүхэн мэдэж байгаа. Тодруулбал, телевизүүд нийт гаргаж байгаа киноныхоо 50 хувийг монгол болго гэж заасан байсан. Нэг ёсондоо нэг гадаад кино гаргаж байгаа бол зэрэгцээд нэг монгол кино гаргаж бай гэсэн зохицуулалттай байсан. Үнэндээ манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл бидэнд 200-гаад монгол кино л бий. Тэгэхээр хэрвээ энэ заалт батлагдсан бол энэ олон телевиз нөгөө хэдэн киногоо ганцхан машиндаад л хэдхэн өдрийн дотор гаргаад дуусгачихаар байсан л даа. Хэрвээ энэ чигээрээ батлагдсан бол үзэгчид маань кино үзэх боломж нь хаагдах байлаа. Хоёрдугаарт, телевизүүдийн оршин тогтнох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх заалтууд байсныг засч залруулсан. Хэрвээ яг эхний хувилбараар баталсан бол хатуу заалт цөөнгүй байсан. Тухайлбал, монгол киногоо гаргахгүй бол нэлээд их хэмжээний мөнгөөр торгох цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авна гэсэн заалтууд байв. Гэтэл энэ нь Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай хуультай зөрчилдөж байсан. Ажлын хэсэг дээр Ц.Оюунгэрэл, С.Ганбаатар нартай ярилцаад энэ хуульд тусах байсан “хүчирхийллийн” гэж нэрлэж болохоор заалтуудыг залруулсан. 
 
-Телевизүүдийн хүлээх үүргийн тухайд? 
 
-Одоо телевизүүдээр цацагдах байгаа нийт нийтлэл, нэвтрүүлгийн 50-аас доошгүй хувь нь үндэсний агуулгатай байна гэж заасан байгаа. Өнөөдрийн төвшинд телевизүүд маань 50 бүү хэл, 80-90 рүү хүрчихээд байгаа шүү дээ. Зөвхөн киноноос бусад нь монгол агуулгатай монгол нэвтрүүлэг мэдээлэл явж байгаа гэдгийг манайхан бүгд мэднэ. Тиймээс хуульд орсон өөрчлөлт цаашдаа хэрэгжих бололцоотой гэж үзэж байгаа. Яахав, хууль санаачлагч Ц.Оюунгэрэл гишүүн маань нэмэлт өөрчлөлтөөр бас нэг заалтыг нэмж оруулсан. Энэ нь кино театрууд болон IPTV-үүд видео сангийнхаа 40- өөс доошгүй хувьд үндэсний нэвтрүүлэг оруулах. Харин кино театрууд гаргаж байгаа киноныхоо 40 хувьд монгол кино гарга гэсэн заалт байсан. Гэхдээ хууль санаачлагч Ц.Оюунгэрэл гишүүн кино театрынхантай уулзсан юм билээ. Тэдний зүгээс “Бид 40 хувьд нь монгол киногоо гаргаад байх боломжтой” гэдэг хариуг өгсөн байсан. Нэг ёсондоо тэдний зүгээс хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар ямар нэгэн хэл ам хийхгүй байгаа гэж ойлгож болно. Харин IPTV-ийнхний хувьд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, бидний нэр дээр бичиг хүртэл ирүүлсэн. 
 
-Ямар утгатай бичиг байсан юм бэ?
 
 -Энэ нь “Бид 40 хувьд нь монгол кино гаргах боломжгүй. Яагаад гэвэл бидэнд тэр хэмжээний гаргах кино байхгүй” гэдэг асуудлыг хөндөж тавьсан. Тэгэхээр бид энэ талаар ажлын хэсэг дээр ярилцсан л даа. Энд миний зүгээс ямар санаачилга гаргасан бэ гэвэл өнөөдрийн төвшинд нэгэнтээ байхгүй зүйлийг бусдаас шаардах нь буруу юм. Цаашлаад ер нь бизнесийн үйл ажиллагаанд төр хувь хэмжээ тогтоож оролцох нь өрөөсгөл. Зах зээлийнхээ жамаар явах ёстой. Гэхдээ хууль санаачлагчийн зүгээс гаргаж байгаа нэг зүйл нь ер нь үндэсний кино, нэвтрүүлгүүдийг түлхүү явуулъя гэдэг үндсэн санаатай байгаа. Харин энэ санааг монгол хүн бүр дэмжиж байгаад итгэлтэй байна. 
 
-Тэгэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтөөр телевизүүд нийт нийтлэл, нэвтрүүлгийнхээ 40-өөс доошгүй хувьд монгол агуулгатай контентыг гаргана гэж ойлгож болох уу? 
 
-Киноны маань байгаа хэмжээ 40 хувьдаа хүрэхгүй учраас кино, нэвтрүүлэг нийлээд 40 хувийг видео санд байршуулах өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Ингээд байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр болон УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор энэ санал дэмжигдэж арай амьдралд хэрэгжиж болохуйц заалт энэ хуулийн төсөлд туссаныг хэлье. 
 
-Энэ хуулийг ерөнхийд нь харахаар “Тунхгийн шинжтэй болчихлоо” гэдэг зүйлийг зарим хүн яриад байна. Ямар нэгэн хариуцлагын талаар дурдаагүй болохоор тэр байх л даа? 
 
-Ер нь үндэснийхээ нийтлэл, нэвтрүүлэг, киног дэмжинэ гэдэг хуулийн санкцаар хүчирхийллийн аргаар биш, монгол хүний эх орноо гэсэн тэр агуу сэтгэл дээр үндэслэх ёстой. Тийм учраас ойлголцож, ухамсарлуулах үүднээс ажлыг хийх ёстой болохоос хүчирхийллийн буюу боломжгүй санкцыг оруулж хуулийг хэрэгжүүлэх нь буруу гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн л дээ. Монгол хэлний тухай хуулийн төсөл дээр ч тэр “Хэрвээ та хуучин монгол бичгээр байгууллагынхаа гадна талд хаяг бичээгүй бол танай байгууллагыг торгоно, эсвэл үйл ажиллагааг нь зогсооно” гэдэг заалт оруулсан байсан. Харин энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт манай туршлагатай улстөрчид багтсан учраас эцсийн мөчид энэ заалтыг хассан. 
 
-Монгол хэлний тухай хуулийн өөрчлөлтөд таны санал санаачилга туссан байх нь ээ? 
 
-Олон жил парламентад суусан Р.Гончигдорж гишүүн маань ажлын хэсгийг ахалсан. Миний хувьд хувь гишүүнийхээ байр сууринаас түүнтэй ярилцсан. “Би таныг хүндэлж явдаг. Та энэ хуулийнхаа санкцыг харж байгаа биз дээ. Би УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр тодорч үг хэлмээргүй байна. Гэхдээ та монгол хүний агуу сэтгэл, эх оронч үзлийн үндсэн дээр явах зүйлийг хуулийн хүчирхийллээр буюу хатуу санкц тавьж, хуучин монгол хэлийг хамгаалан дэлгэрүүлнэ гэвэл амьдралд хэрэгжихдээ нэлээд саадтай байх болов уу. Тэгэхээр энэ санкцаа татаж авбал ямар вэ” гэдэг саналыг тавьсан. Ингээд манай Р.Гончигдорж дарга маань Хууль зүйн байнгын хороон дээр тэр заалтыг хасах санал гаргасан. Гишүүдийн гуравны хоёроор энэ санал дэмжлэг авсан учраас хүчирхийллийн гэмээр заалтыг хассан байгаа. Энэ мэтчилэнгээр гишүүд маань ойлголцоод явмаар байгаа юм. Ялангуяа ард түмэнтэйгээ амьд хэлхээ холбоотой байж ойлголцох ёстой болохоос “Чи үүнийг хийхгүй бол би чамайг тэгнэ шүү” гэдэг байдал гаргаж болохгүй. УИХ-д сууж байгаа, хууль батлалцаж байгаа гэдэг давуу байдлаа ашиглаж, монгол хүн монгол хүндээ ингэж хатуу хандаж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Би монгол хүний агуу ухаанд итгэдэг хүний нэг учраас асуудалд хандахдаа дандаа ийм байр суурьтай байдаг. Үүнийг гишүүд маань зөвөөр хүлээж авч байгаад талархалтай байдаг даа. 
 
-Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн реклам сурталчилгааг хаах, нэр дэвшигчдийн сурталчилгаа зөвхөн МҮОНТ-ээр явах талаар яриад байна л даа. Хэрвээ энэ санал биеллээ олбол телевизүүд амьдарч чадахгүй юм биш үү. Үнэндээ телевизүүдийн амин зуулга нь реклам сурталчилгаа гэвэл хилсдэхгүй шүү дээ? 
 
-Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны асуудлаар өмнөхөөсөө уруудсан заалт орох магадлалтай болоод, яригдаж эхлээд байна. Гэхдээ энэ хуулийн төсөл хараахан орж ирээгүй учраас юу юугүй шүүмжлэхийг хүсэхгүй байна. Ер нь бид ниргэсэн хойно нь хашгирах биш өмнө нь ярих ёстой. Сэтгүүлчид маань энэ асуудлыг урьдчилан ярьж байгаа нь зөв. Би хэдийгээр ард түмний төлөөлөл ч гэсэн арга байхгүй дөрөв дэх засаглалын нэг хэсэг. Энэ салбарын тогоонд чанагдсан, сайн мэдэх хүний хувьд ялангуяа хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудалд үнэнхүү анхаарлаа хандуулдаг. Сонгуулийн тухай хууль дээр сонгуулийн үеийн сурталчилгааг зөвхөн МҮОНТ-ээр нэр дэвшигчид нэг удаа таван минутад багтаан гаргах санал явж байгаад би хувьдаа санал нийлэхгүй байгаа. Энэ нь телевизүүдийн оршин тогтнох санхүүжилтийн асуудал гэхээсээ илүү улс төрд мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй, одоо байгаа гишүүдээс илүү тархиа ажиллуулж чадах мэдлэг боловсролтой хүмүүсийг УИХ-д орох замыг хааж байна гэж би хамгийн түрүүнд үзэж байгаа юм. 
 
-Шинээр нэр дэвших хүмүүст боломж олгох хэрэгтэй гэсэн үг үү? 
 
-Учир нь иргэд таньж мэддэг хүнээ илүү сонгодог. Энэ бол батлагдсан практик шүү дээ. Тийм учраас шинээр улс төрд орох гэж байгаа хүмүүст хаалт болох заалт болж байгаа юм. Нөгөө талаас таны хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй ажиллахаас гадна иргэдийн сонголт хийх эрхийг хааж байна гэж харж байгаа. Тухайн үедээ телевизүүд сурталчилгаанаас мөнгө олохоос илүүтэй төрийг түших 76 хүнийг сонгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард түмэн сонгогчдод сонголт хийх боломжийг нь бий болгож өгдөг хамгийн чухал хэрэгсэл юм шүү дээ. Гэтэл энэ замыг нь хаах заалт, санал санаачилга явж байгааг би хувьдаа эсэргүүцнэ. Хэрвээ яг одоо энэ заалт ороод ирвэл миний бие хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ их ач холбогдол өгч анхаараасай гэж бодож байгаа. Яагаад гэвэл төр түшилцэх 76 гишүүн нь хэн байх вэ гэдгийг ард түмэн өөрсдөө сонгох боломжийг хаах саад болох учраас маш их анхаарч, асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: