sonin.mn
МОСКВА. /KAZINFORM/. Дэлхийн зах зээлд нефтийн ханш унаж байгаагийн улмаас ОХУ нэг жилийн дотор 180 тэрбум долларын хохирол амсч  болзошгүй гэж тус улсын Сангийн яамны дээгүүр албан тушаалтан мэдэгдлээ.
 
“Нефтийн ханш торх нь 100 доллароос 50 доллар болж буурлаа. Үүний улмаас Оросын экспортын жилийн орлого 180 тэрбум доллароор хумигдах төлөвтэй байна” гэж тус яамны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Максим Орешкин Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан байна.
 
Түүний энэ тооцоо нь Оросын Төв банкны хийсэн судалгааны үзүүлэлтээс давсан тоо юм. Хэрвээ дэлхийн зах зээлд нефтийн ханш 45 доллар орчимд хэвээр байх аваас Оросын эдийн засагт 160 тэрбум долларын алдагдал учирна гэж тус банк урьд нь таамаглаж байсан билээ.
 
Барууны улсууд хориг арга хэмжээ авах замаар шахалт үзүүлж, дэлхийн зах зээлд нефтийн ханш унаж байгаагийн улмаас Оросын эдийн засаг хүнд байдалд ороод байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг