sonin.mn
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ХVII жарны “Галзууруулагч” модон хонь жилийн битүүний өдрийн 15:50 цагт “Чингис хаан” буудалд хөл тавьсан бол үдэш нь Бөхийн өргөөнд гэнэтхэн морилж, дөрөвдэхийнхээ нүдийг бүлтэгнүүлээд авсан билээ. Тэгвэл Монголын улстөрд гэнэтийн бэлэг барих дуртай МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр намынхаа цагаан байранд журмын нөхөдтэйгөө Цагаан сарын золголт хийж, магнайг нь тэнийлгэж амжив.
 
Тэрээр өнгөрсөн намар ирснээ бодвол царай, зүс нь сайжирсан харагдана. Ингээд түүний журмын нөхөддөө хандан хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. Монгол хүний амны бэлгэ, ашдын дэмбэрэлийг бодож эх орон, ард түмэн та нар руугаа яарсаар ирлээ. Азийн ард түмэн Цагаан сарын бэлгэтэй сайхан баяраар аав, ээж, ах дvv нартайгаа учран золгохоор бүгдээрээ хөдлөдөг юм байна. 
 
Жишээ нь БНСУ-ыг 45-50 сая хүнтэй гэж бодвол 16-18 сая хүн аав, ээж ах дүү, нутаг усаа зорьж хөдөлгөөнд орж байгаа талаар мэдээлж байсан. БНХАУ нэг тэрбум 400 сая хүнтэй гэхээр хэдэн зуун сая хүн хөдөлгөөнд орж байгаа. 
 
Тэгэхээр би Монгол хүн, Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг ийм сайхан уламжлалтай ард түмний хүүхэд болохоор өндөр настай аав, ээжийгээ зорьж заавал золгоно, намынхантайгаа очиж уулзаж золголт хийнэ гэж зүтгэсээр байгаад ирлээ. Ард түмэнтэйгээ бүгдээрэнтэй нь биш гэхэд төлөөлөлтэй нь золгоно гэж зорьж ирсэн юм шүү. Ингээд хүрээд ирэхээр янз янзаар мессеж шидэж л байна лээ. Одоо ингэж ирэх хэрэг байна уу, аюултай бишүү гээд л мессеж шидэж байсан. Гэхдээ аав, ээжтэйгээ золгох эрхгүй, эх орондоо очих эрхгүй, та нартайгаа уулзах эрхгүй байж болохгүй ээ, би Монгол хvн.
 
Өнөөдөр энд өрнөж байгаа бүх сайн сайхан ерөөлийн үг намайг болоод та бүгдийг бүгдээрэнг нь эмчилж байгаа байх. Эрүүл саруул, сайн сайхан үг Монгол хүнийг эмчилдэг. Тэдгээр сайхан үг нь нэг жилээ даадаг гэж хэлж болно. 
 
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, онд мэнд тарган тавтай оров уу зэрэг энэ сайхан ерөөлөө сонсох гэж би ирлээ. Сайхан мэндчилгээ гэдэг өөрөө эм юм. Би Солонгост биеэ эмчлүүлж байгаа ч сэтгэлээ эмчлүүлж чадахгүй байна. Тийм болохоор эх орон, аав, ээж, ард түмэн та нар дээрээ ирж сэтгэлээ эмчилж байгаа юм. Ер нь хүн эрүүл болохын тулд биеэ ч эмчлэх ёстой, сэтгэлээ ч эмчлэх учиртай. 
 
Сэтгэлийг Монгол хэлээр ярьж байж эмчилнэ. Цагаан сараар золгож байж эмчилнэ, өндөр настай аав, ээжтэйгээ золгож, үнсүүлж байж эмчилнэ. Ард түмэнтэйгээ уулзаж, энэ сайхан агаар салхийг нь амталж байж эмчилнэ. Цасанд нь нүдүүлж байж, борооных нь дусалд цохиулж байж эмчилнэ. Айраг цагаагаа ууж байж эмчилнэ. Мах огтолж байж, ууц хөндөж байж эмчилнэ. 
 
Тийм учраас сэтгэлийн маш сайхан эмчилгээ болно гэж бодож байгаа. Та бүхэн маань ч бие биенийхээ сэтгэлийг эмчилж, миний сэтгэлийг эмчилж, нийт монголчууд маань өөрсдийнхөө сэтгэлийг эмчилж энэ Цагаан сараар хэлсэн, ярьсан, ерөөсөн тэр сайхан бүхэндээ хүрч өөдрөг амьдарцгаагаарай гэж хүсэн ерөөж байна.
 
Гарч байгаа модон хонин жилдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөх, хамгийн гол нь ард түмэндээ бүх талаар ээлтэй жил болгохын тулд өнөөгийн засгийн эрхийг голлон барьж буй АН ба МАН, эдгээр улстөрийн намтай засагт хамтран ажиллаж байгаа МАХН-ын аль аль нь тус тусдаа болон хамтдаа их зүйлийг хийж бүтээх ёстой. 
 
Ард түмэн маань ч улс төрийн намуудаас тэгэхийг хүсэн хүлээж, шаардаж байгаа нь зүйн хэрэг мөн. Тухайлбал, олон жил яригдсан боловч одоо хүртэл зөв зүйтэй шийдэгдээгүй гэсэн олны шүүмжлэлд өртсөн хэвээр байгаа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг нийт ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх нь өнөөгийн хамгийн чухал асуудал болоод зогсохгүй шийдвэр гаргах эрх бүхий өндөр албан тушаалтнууд, цаашилбал Засгийн газар, УИХ, улстөрийн намуудын нэг ёсны хэн нь хэн бэ гэдгийг үнэн мөнөөр нь харуулан тогтоох шалгуур болж байгааг хаана хаанаа гүн гүнзгий ухаарч, төр засгаас оновчтой мэргэн шийдвэр гаргах шаардлагатай байгааг онцгойлон тэмдэглэж байна. 
 
Төр засгийн албан тушаалтнууд өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулахдаа “Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хvчтэй” гэсэн зарчмыг ягштал баримтлах, өөрөөр хэлвэл ард түмнийхээ хатуу ч гэсэн үнэн үгийг сонсож, тэдгээр үгнээс айж зугталгүй нэгийг бодож хоёрыг сэтгэж, алдаагаа засаж, амжилтаа ахиулж, чин сэтгэлээсээ зүтгэх нь туйлын чухал гэдгийг туршлагадаа тулгуурлан, зөвхөн сайн сайхныг бодон анхааруулж байна. 
 
“Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг үг чухамхүү Монголын ард түмний тухай хамгийн оновчтой тодорхойлолт мөн гэж хэлвэл буруутахгүй биз ээ. Монгол хүний хатуу үгний цаана ухаарч чадсан нэгнийг нь дэмжихэд бэлэн сэтгэл нь оршиж байдаг нь үнэхээр гайхамшигтай шинж чанар мөн. Ийм шинж чанартай ард түмэн хэзээд бурууг засаж, бас засуулж, зөвийг дэмжиж, бас тэтгэж явсаар хувь заяаныхаа замыг шулуун шударга болгож чадна гэдэгт миний бие огт эргэлздэггүй.
 
Намайг их шүүмжилдэг, байнга элдвээр дайрдаг байсан нэг улстөрч Солонгост эргэж очоод “Би таныг шүүмжилдэг байсандаа хүлцэл өчье. Манай нам МАН хоёр үнэхээр явцгүй байна. Та очиж улстөрд оролцож өнөөдрийн булингарыг цэвэрлэлцээч” гэж хэлж байсан. Үнэхээр энэ хоёр намд ихээхэн алдаа, гажуудал байна. “Шударга байвал эвтэй байна, эвтэй байвал хүчтэй байна” гэдгийг өөртөө болон бусаддаа зориуд сануулж, түмэн олон минь сэтгэлийн амар амгаланг олж цэнгэлийн манлайд хүрэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг нийт Монголчууддаа хандан дахин өргөн дэвшүүлж байна.
 
Оюутолгой, Тавантолгойн орд олон жил яригдаж байгаа асуудал. Одоо хүртэл хүмүүсийн сэтгэл санаанд энэ асуудал байгаад байна гэдэг чинь зөв шийдэл хайж байна гэсэн үг. Зөв шийдэл хайхад надаас санал асуувал би хэлэхэд бэлэн байгаа. Миний бодлоор зөв шийдэл байгаа. Олон улсын практикийг харсан ч зөв шийдэл олж болно, ядарч туйлдаж байгаа ард түмнээ харсан ч зөв шийдэл олж болно. 
 
Аль аль талаас нь харахад зөв шийдэл олж харах бололцоо бий. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг, улстөр, геополитикийн асуудал, ард түмнээ өмч хөрөнгөтэй, орлоготой, ажлын байртай болгох асуудал, Монгол Улсаа хөгжүүлэх асуудал гээд олон зүйл нэгэн цогц болж яригдаж байгаа болохоор нэгийг нь сугалж яриад тэрийгээ холионд нь шийдчихнэ гэхээр хэцүү. 
 
Ер нь амжилттай хөгжиж байгаа Азийн орнуудыг харахад олон хүчин зүйл байдаг юм байна. Түүний дотор монголчууд бидэнд хэрэгтэй нэг сайхан зарчим бол ямар нэгэн том асуудлыг сонирхож байгаа бол субьект болгоны сонирхлыг тооцож, тэрэн дотор ард түмний сонирхлыг хамгийн түрүүнд тооцож ажиллавал амжилттай болдог юм байна. 
 
Сүүлд нь шийдвэр гарсны дараа ч хийх бүрэн бололцоотой байдаг юм байна. Тэгэхгүй бол сонирхож байгаа субьектуудын ганц хоёрынх нь сонирхлыг хангачихаад бусдыг нь хаячихвал, эсвэл ард түмнийхээ саналыг сонссон ч юм шиг сонсоогүй ч юм шиг дутуу үлдээгээд шийдээд явчихаар нөгөө гомдсон, шүүмжилсэн, дургүйцсэн байдлууд эргээд үлдээд байдаг. 
 
Тэр утгаараа Япон, Хятад, Солонгос, Европт асуудлыг удаан шийддэг гэж ярьдаг. Тэд удаан шийдээд байгаа биш тэр сонирхож байгаа субьект болгоны саналыг тусгах гээд байна шvv дээ. Сүүлд нь аль нэг тал болон хэсэг хүн гомдчихсон байх вий, тэр нь эргээд төслөө нураах, зогсоох, хэл амтай байдал бий болгочих гээд байгаа учраас тэрийгээ цааш тогвортой явуулахын төлөө асуудлыг тийм л байдлаар шийдэж сурсан юм байна. Бид ч гэсэн чадахгүй гэх газаргүй. Сурах хэрэгтэй. Чадна гэж бодож байна. 
 
Бид алдсан алдаанаасаа байнга суралцаж “Би” гэж өөрийгөө дөвийлгөдөг, олны оломгүй хүч, оюун бодлыг үнэлдэггvй өнөөдрийн улстөрийн алдаан дээрээ бодитой дүгнэлт хийх цаг болжээ. 
 
Миний бие бурхны шашны ариун судар Доржзовод судрыг орчуулах, ард түмнийхээ хүртээл болгох ажлыг өнгөрсөн хугацаанд хийж ирлээ. Энэ ариун судрын гол үзэл санаа нь “Би” гэж биеэ дөвийлгөхийн оронд “бид, цугаар” гэж ярьж олны оломгүй хүчийг далайцтай ашиглахад сургаалиа чиглүүлдэг юм байна. 
 
Бидний урьд өмнөх алдааг ажиглаж дүгнэлт хийж байхад цугаар олны оломгүй хүчийг үл ойшоох, авч хэрэгсэхгүй зөвхөн хэдэн биеэ тойрсон “би”-гийн өвчинд хэтэрхий нэрвэгдсэн нь ажиглагддаг. Бид юуны өмнө хамтран нягтарч нэгэн их зорилгын төлөө “би” ялан дийлэх хэрэгтэй болоод байна. 
 
Учран золгосон ХVII жарны модон хонь жил сайхан гарлаа. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид ирж буй Хонь жилдээ зорьсон зорилгодоо хүрч эв эеэр бүхнийг шийдэж, сайн сайхан бүхнийг цогцлоохын ерөөлийг дэвшүүлье. 
 
Эх сурвалж: