sonin.mn
Улстөрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэрт өөрийгөө галдан шатаах, хуурай өлсгөлөн зарлах зэрэг хамрагддаг юм билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хүннүгийн үеийн хаад, ноёдын булш, бунханг агуулсан Ноён уулын бүсэд орших Гацууртын алтны ордыг стратегийн ордод яаравчлан хамруулж, Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” компанид эзэмшүүлэхээр болсныг эсэргүүцсэн нутгийн иргэдийн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийн зарласан өлсгөлөн 13 дахь өдрөө үргэлжилж байна. Хамгийн гол нь тэд 12 хоног нойтон өлссөний эцэст өчигдөр оройн 18:00 цагаас хуурай өлсгөлөнд шилжээд байгаа. 
 
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Гацууртын ордыг “Сентерра гоулд” компанид ашиглуулахаар болсон УИХ-ын шийдвэрт хориг тавих, Урт нэртэй хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд мөн хориг тавих гэсэн хоёр үндсэн шаардлага тавьж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоод байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм. 
 
Тэдний тэмцлийг дэмжиж гарын үсэг зураад байгаа иргэдийн тоо 28 мянга даваад байгааг Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэлсэн юм. Түүний хувьд хэдийгээр 60 гарсан настай ч эрх баригчид тэдний шаардлагын хариуг өгөхгүй бол амь насаа золиход ч бэлэн байгаагаа мэдэгдэхдээ нэлээн бухимдалтай байсан. Тэрбээр цааш нь “Би эмнэлэгт хоёр хоночихоод гарсан. Бидний амь нас эрсдвэл эрх баригчдаар төлүүлэх ёстой” хэмээн хоолойгоо хүчлэн хэлсэн юм. 
 
“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг
 
-Та бүхний ард ямар нэгэн улстөрийн хүчин, улстөрчид санхүүжүүлж байгаа гэж үнэн үү?
 
-Эх орныхоо төлөө эрслэн боссон бидэнтэй нэгдэж чадах олигтой улстөрийн хүчин Монголд байдаг юм уу. Тэгээд ч биднийг хэн нэгнээс мөнгө авч байгаа гэж янз бүрээр гүтгэн доромжилсоор байгаа. Тэр зэргийн хорон үгэнд итгэл, зоригоо алдах хүмүүс бишээ бид. Иргэд сар шинийн баяраа хийж байхад бид өлсөөд хэвтэж байлаа. 
 
Ерөнхийлөгч үнэхээр л ард түмнийхээ төлөө ажилладаг юм бол бидэнтэй гарч ирээд уулзчихаж болно. Гэтэл тоосон шинжгүй айл хэсээд баярлаад явж байна. Урд шөнө /уржигдар/ цагдаагийн алба хаагчид ирж тараахыг оролдлоо. Бас бидний ашиглаж байгаа интернэт, твиттерийг хакердаж гацаалаа. Ингэлээ гээд бид бууж өгөхгүй, цаашид тэмцсээр байх болно. 
 
-Та бүхнийг ямар нэг тохиролцоонд хүрсэн гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ? 
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг сар шинээр тохиролцоо хийгээд өлсгөлөнгөө зогсоосон гэж худал мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Бас твиттер, фейсбүүкээр биднийг мөнгөний төлөө ингэж өлсгөлөн зарласан гэж ташаа мэдээлэл тарааж, иргэдэд буруу ойлголт өгч байна. 
 
Бид хэн нэгний захиасаар ингэж яваагүй. Үнэхээр хэн нэгнээс бид мөнгө авч байгаа бол түүнийгээ баримтаар гаргаад ир. Ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо өргөж, өөрсдийн биеэр ингэж тэмцэж байгаа хүмүүсийг дарамтлах хэрэггүй. Бид өнгө, мөнгөөр тохиролцоо хийх гэж ингэж хэвтээгүй. Эх орныхоо газар шороо, уул усны төлөө эрслэн боссон л хүмүүс. 
 
Эх сурвалж: