sonin.mn
Засгийн газрын эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, Эдийн засгийн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар тус байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.
 
-Засгийн газрын эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөөг байнгын хорооны гишүүд хэрхэн хүлээн авч байна вэ?
-УИХ-ын гишүүдээс эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах хэрэгтэй гэсэн саналаа удаа дараа илэрхийлж байсан. Үүний дагуу тогтоолын төслийг Засгийн газар санаачилж, оруулж ирсэн. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг манай байнгын хороо хийж дууслаа. 
 
Намын бүлгийн гишүүдээс өргөн хүрээтэй санал орж ирснийг энд дурдах нь зүйтэй байх. Энэ тогтоолын төсөлд ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, түүний үр дүнг сайжруулах зорилготой. Эдийн засгийн өнөөгийн бэрхшээлийг ямар арга замаар даван туулах вэ, үүнд нөлөөлж байгаа бэрхшээлийг арилгах хүрээнд энэ тогтоолын төслийг боловсруулсан. 
 
Өөрөөр хэлбэл, тогтоолын төслөө гаргаад томоохон хөтөлбөр, бидний хийх ажлын жагсаалтыг батлах учиртай. Энд Засгийн газар болон салбар яамд авч хэрэгжүүлэх олон арга хэмжээ байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, одоогийн байгаа төвшнөөс нэмэгдүүлэх ажил хийх нь хамгийн чухал байна.
 
-Энэ тогтоолын төслийг өмнөх Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100" хөтөлбөрийн үргэлжлэл гэж шүүмжлэх гишүүн ч байна. “ЭЗЭН- 100”хөтөлбөр шиг үр дүнгүй тогтоолын төсөл болчихвий?
-Ерөнхийдөө агуулга, зарчим нь төстэй шүү дээ. Гишүүдийн зүгээс өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрт багтсан арга хэмжээг нэмж оруулах нь оновчтой эсэх талаар санал хэлж байсан. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх гэж байна гээд салбар, салбарын ажлыг булааж хийх нь зохисгүй гэдэг саналыг гишүүд хэлсэн. 
 
Өөрөөр хэлбэл, анхаарлаа олон тийш нь сарниулж байснаас чухал гэсэн хэд хэдэн арга хэмжээнд бүх анхаарлаа төвлөрүүлээд явсан дээр гэсэн үг, УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн эасгийн хүндрэлийг даван туулах томоохон хөтөлбөрийг боловсруулж, танилцуулсан гэдгийг иргэд мэдэж байгаа.
 
Үүнийг Засгийн газар санаа авч, ажлаа зөв чиглүүлж, удирдаж яваасай гэсэн үүднээс гаргасан, Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд МАН- ын боловсруулсан хөтөлбөрөөс нэлээд хэдэн арга хэмжээ багтсан байгаа. Намын бүлгийн гишүүдээс арилжааны банкуудтай хамтарч ажиллах замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж байгааг мэдээлсэн. 
 
Сүүлийн үед Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ихэсч байгаатай холбогдуулан эрчим хүчээр хөнгөх тоймтой ажил хийх, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ээрэг олон арга хэмжээг энд тусгалаа. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр их амжилт олно гэсэн хүлээлттэй байна.
 
-Намрын чуулганы хугацаанд эдийн эасгийн байнгын хороо ямар ажил амжуулсан бэ?
-Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд ямар ажил амжуулав гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр удахгүй дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Манай ажлын албаныхан тайлан бүртгэлээ гаргаж байна. Би хувьдаа намрын чуулганаар өм нөө тавьсан зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн гэж ойлгож байгаа. 
 
Төсвөө хоёр ч удаа оруулж ирж, дараа нь төсөвтөө тодотгол хийж баталлаа. Дээр нь өмнөх Засгийн газар улс төрийн хариуцлага хүлээлгэж огцруулж, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах гэж цаг хугацаа алдсан ч шаардлагатай хуулийн төслөө баталж чадлаа. Цаашид ч бидэнд хийх ажил их байна.
 
-Гацууртыг стратегийн орд болгох шийдвэрийг эсэргүүцэн "Босоо хөх Монгол" хөдөлгөөнийнхөн өлсгөлөн зарласан. Газар шорооныхоо төлөө эсэргүүцлээ илэрхийлж байгаа тэмцэгчдийг энгийн ард иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Улстөрчид та бүхэн тэдэнд анхаарал тавьж байна уу? 
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсч цуглах ардчиллын үндсэн зарчмыг хэрэгжүүлж байна. 1990 оны эхээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, байгалийн баялгаа ашиглаж эхэлсэн. 
 
Тиймээс газрын тос, алт хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалт хийж, иргэдийнхээ цалин тэтгэвэр, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан. Бидэнд орлого олох шаардлага байнга урган гарч байдаг. Монгол Улс юуг ашиглаж орлого олох боломж байна вэ гэдгийг харгалзан үзээд тэр зарчмаараа байгалийн баялгаа ашиглах сонголт гарч ирсэн байх л даа.
 
Засгийн газраас Гацууртыг стратегийн ордод хамруулах журмын дагуу УИХ-д оруулж шийдвэрлүүлсэн. Алтны томоохон нөөцтэй үндсэн орд газар гэдгийг хэлэлцүүлгийн шатанд албаныхан ярьж байсан. Салбар хариуцсан яам, Засгийн газраас оруулж ирсэн Гацууртын ордын талаарх мэдээллийг уншихад хоорондоо зөрчилдсөн зүйлс байсан.
 
Уул уурхайн яамнаас Гацууртын ордыг ашиглахад Ноён уулын ойролцоо байгаа түүхийн дурсгалт олдворуудад сөргөөр нөлөөлөхгүй гэдэг тайлбар өгч байсан. Гацууртын ордын асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр иргэдийн санал шүүмжлэлд өртсөн болохоор Засгийн газар, мэргэжлийн яамнаас нь тусгай мэргэжилтнүүд газар дээр нь очиж, урт хугацааны туршид судалгаа хийсэн юм билээ.
 
УИХ- аас Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бодит байдалтай танилцаад ирсэн шүү дээ. Тиймээс УИХ Гацууртын ордыг стретегийн ордод хамруулж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжээд явсан нь зүйтэй гэсэн бодолтой байна.
 
-Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан санал, санаачилгыг АН бүлэг болоод Ерөнхий сайд хүлээж авахгүй байгаа учраас засгаас гарч магадгүй нь гэсэн яриа гарсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ гэдэг олон намын бүтэц, бүрэлдэхүүнтэй улс төрийн байгууллага, Тиймээс улс төрийн хүрээний иймэрхүү асуудал байнга л байдаг. Энэ бол тийм ч шинэ содон зүйл биш. Гэхдээ ард амьдралыг дээшлүүлэхийн тулд МАН-ынхан засагт хамтарсан. Энэ хүрээндээ эдийн засгийг сайжруулах олон санал гаргаад явж байна.
 
Ер нь засгаас гарах хүртлээ даамжирсан улс төрийн хямрал болоогүй. Нэгэнт Ч.Сайханбилэгийн засагт уригд сан учраас цаашдаа эдийн засгийг сайжруулж, ард түмнийхээ нуруунд үүрсэн ачааг хөнгөлөх олон ажил хийхээр төлөвлөж байгаа.
 
-Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтах болов уу. Яагаад энэ чухал хуулиудаа хэлэлцэхгүй байгаа юм бэ? 
-Дэлхийн улс орнуудын төр барих эрх сонгуулийн хугацаагаар хэмжигддэг. Улс төрийн намуудаас нэр дэвшигчээ тодруулж, сонгуулиар ард түмний олонхийн санал авсан нам нь төрийн эрх барьдаг. Улс төрийн намууд хандивлагчдын тусламжтайгаар санхүүжилтээ бүрдүүлдэг.
 
Энэ байдлыг засахын тулд Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна, Хэрвээ дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт орох юм бол улс төрийн нам хаанаас санхүүждэг вэ гэдэг асуудал тодорхой болно. Улс төрийн намын санхүүжилт ил тод бус байгаа нь иргэдийн дунд эргэлзээ үүсэхэд хүргээд байна. 
 
Нийгэмд аль мөнгөтэй, бэлтэй нь сонгуульд нэр дэвшиж, өрсөлддөг гэсэн ойлголт бий болоод удаж байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, хаанаас, хэн, хэдэн төгрөгийн хандив өргөсөн вэ гэдгийг нээлттэй болгох хэрэгтэй, УИХ-д суудалтай намууд тодорхой хувь хэмжээгээр улсын төсвөөс санхүүжээд явдаг байх зарчмыг цаашдаа ч хадгалсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа, 
 
Уг нь Сонгуулийн хуульд хувь хүн нэг сая, компани, аж ахуйн нэгжүүд таван сая хүртэлх төгрөгийн хандивыг нэр дэвшигчид өгч болно гэж заасан байгаа. Түүнээс гадна гадаадын томоохон компаниас сонгуулийн санхүүжилт авах нь хуулиар хориотой байдаг. Аливаа зүйл хаагдмал байх тусмаа олон нийт эсэргүүцдэг, хардалт дагуулдаг. Тэгэхээр ил тод, нээлттэй байлгах нь иргэдийн хардалтыг багасгах нэг арга зам юм даа.
 
-Ерөнхийлөгчийн санаачилж, батлуулсан Шилэн дансны тухай хуулийн төслөөр улс төрийн намуудын санхүүжилтыг хянаж болох уу?
-Шилэн дансны тухай хуулиар улс төрийн намуудын санхүүжилтийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй болгоход буруудахгүй шүү дээ, Энэ хууль татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж байгаад иргэд өөрсдөө хяналт тавих боломжийг нээж өгснөөрөө онцлогтой. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчдэд хэн гэдэг хүн, ямар компани хэдэн төгрөг өгснийг яагаад ил болгож болохгүй гэж.
 
-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засагч хүний хувьд Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Эдийн засгийн онол талаас нь авч үзэхэд Өрийн удирдлагын хуультай, далд эдийн засаг ихээхэн эрчимжсэн үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг. Ер нь хувийн болон төрийн өмчийн компаниудад Засгийн газраас баталгаа гаргаад явдаг жишиг байдаг. 
 
Манайх ч төрийн өмчит нэр бүхий компаниудад ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгаа гаргасан. Зарим гишүүн Засгийн газрын баталгаа гаргах нь эрсдэл дагуулна гэж болгоомжилж байгаа юм билээ. Тиймээс сайн, муу үр дагаврыг бодолцож үзээд хуулиар тодорхой хэм хэмжээ тогтоож өгөх нь зөв. Өрийн удирдлагын хуультай болох нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хэлмээр байна.
 
-Хаврын чуулганаар таны хувьд хамгийн хүлээлттэй байгаа хуулийн төсөл юу вэ?
-Манай байнгын хороо эдийн засгаа өөд нь татах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ингэж байж манай эдийн засаг хөл дээрээ тогтоно шүү дээ. Ер нь бид нэг хуулийн төсөл ороод ирэхээр сөрөг үр дагаврынх нь талаар маргалдсаар байгаад цаг хугацаа гэдэг хамгийн үнэт зүйлээ үрдэг муу зуршил бий. 
 
Өнгөрсөн хугацаанд нэг нэгнийхээ эсрэг хараад зогсчихсон учраас манай эдийн засаг өнөөдрийн хэмжээнд хүрлээ. Тэгэхээр эдийн засагтай холбоотой асуудалд аль болох бага улстөржөөсэй гэж хүсч байна.
 
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин