sonin.mn
Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор  Жэймс С.Фишкинийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн авч уулзлаа. 
 
Тэрээр хотын даргын урилгаар Улаанбаатар хотноо энэ сарын 27-ныг хүртэл ажиллах юм байна. Хотын дарга хэлэхдээ, “Нийслэлийн шинэчлэлийн баг ажилласнаасаа хойш шийдвэр гаргахдаа иргэдээс асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж байна.
 
Гэвч зарим тохиолдолд иргэдээс авч буй санал  төдийлөн үр дүн өгөхгүй байх жишээтэй. Тухайлбал Улаанбаатар хот анх удаа хогны зориулалтын уут ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглахаас өмнө би өөрийн биеэр явж иргэдэд танилцуулан, санал авсан. Тухайн үед бараг бүх хүн дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.
 
Гэтэл уут тараагаад ашиглаад эхлэхэд эсрэгээрээ болсон. Магадгүй мөнгөн дүн, улс төрийн явуулга нөлөөлсөн байх. Санал  асуулга явуулж байгаа хэлбэр нь оновчтой биш  болж таараад байна. Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг авах биш өөрсдийнхөө саналыг дэмжүүлээд байгаа дүр зураг ажиглагдаад байна.
 
Тиймээс таныг энэ асуудалд бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна ” гэлээ.
 
“Иргэдийнхээ саналыг ажил, шийдвэртээ тусгаж ажиллана гэдэг  том дэвшил. Та бүхнийг үүнд санаа тавин, үр дүнг чухалчилж байгаад таатай байна. Санал асуулгад нийгмийг төлөөлж чадахуйц иргэд оролцох ёстой. Мөн нэг удаа биш эхлээд төсөл, саналаа танилцуулж,  давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг” хэмээн АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин хэллээ.
 
Дашрамд дурдахад Жэймс С.Фишкин нь “Ардчилал болон Нийтийн төлөөлөл”, “Шударга ёсын хэлэлцүүлэг”, “Иргэдийн дуу хоолой” зэрэг ном туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулжээ.
 
АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг оронд нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн аж. Тэрээр Улаанбаатар хотод ажиллах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах юм байна.
 
Мөн  нийслэл, дүүргийн удирдлагууд, Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншиж  санал солилцох гэнэ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг