sonin.mn
“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байжээ.
 
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ,  “Манай компанийн хувьд чухал үйл явдал тохиож байна. Ийм богино хугацаанд нэг сая тонн баяжмал экспортод гаргасан нь “Оюу толгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг их юм.
 
Улиран одож буй жилийнхээ алдаа оноог цэгнэж, айлчлан ирж буй оныхоо чиг мөрийг тодорхойлдог уламжлалтай Цагаан сарын битүүний өдөр энэхүү амжилтад хүрсэнд бид билэгшээж байна. “Оюу толгой”-н болон гэрээт компаниудын нийт ажиллагсдад энэ үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, гүн талархлаа илэрхийлье.
 
Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэн, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх бидний цаашдын ажил үйлс ололт, амжилтаар арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 
 
Өнгөрсөн онд “Оюу толгой” компани 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийсэн хэмээн албаныхан тодотгов.
 
Үүнээс гадна аюулгүй ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, өрсөлдөх чадвараа сайжруулан, хэрэглэгчдийн итгэл хүлээсэн, найдвартай үйлдвэрлэгч болохын төлөө ажиллаж байгаагаа дуулгалаа.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг