sonin.mn
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт өнөөдөр ЭМСЯ-наас хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. 
 
 Нэг сарын өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэр хайрласан билээ. Тэр өдөр төрсөн 180 хүүхэд Монголжин охины чацуутан болсон юм.
 
Монголчууд нярайлсан эхийг тэнхрэх болон шинэ хүнийг хөлсөхөөс сэргийлж хэт эрт эргэхээс болгоомжилдог ёсыг дагаж нэг сарын ойн дээр нь хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм. 
 
Ёслолын ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ЭХЭМҮТ-ийн захирал, нийслэлийн амаржих газрын дарга, 3 сая дахь иргэний ойрын чацуутнуудыг эх барьж авсан хүйн ээж нар, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд, чацуутнуудын эцэг, эх цахимаар холбогдлоо.
 
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба 3 сая дахь иргэний эцэг эхтэй нь цахимаар холбогдож, баяр хүргэн, эрүүл мэнд өсч бойжихын ерөөл дэвшүүлж, “Батламж”, гарын бэлгийг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар уламжлуулан өгсөн юм.
 
Мөн Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Эрүүл мэндийн салбарынхан Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулахад хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласныг цохон тэмдэглээд, “Талархал”-ын батламж гардуулав.
 
Энэ үеэр “Макс Эксим” ХХК-иас 3 сая дахь иргэнд жилийн хэрэгцээний живхийг хүргүүлснээ мэдэгдлээ. “Анунгоо” компани чацуутнуудад гарын бэлэгтэй ирснээ 3 сая дахь иргэний чацуутны эцэг, эхийн төлөөлөлд гардуулав.
 
Бусад чацуутнуудын бэлгийг өрх, сумын эмч нараар дамжуулан хүргэсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд нийслэл болон хөдөө орон нутагт 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг эх барьж авсан эмч, эх баригч нарт баяр хүргэж, Монгол Улсын хүн амыг өсөхөд оруулж буй том хувь нэмрийг үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсээд Монгол Улсын 3 сая дахь болон чацуутныг эх барьж, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулж Батламж гардуулсан юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг