sonin.mn

 

МОСКВА. /РИА Новости/. Их Британи улс Фолклендын арлуудыг «цэрэгжүүлэхийг» оролдож байгаа талаар Аргентин улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд гомдол мэдүүлэхээр төлөвлөж байгаа тухай Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер мэдэгджээ. Фолклендын арлуудын харьяаллын асуудал нь Нэгдсэн Вант Улс, Аргентины хооронд маргаан үүсгээд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Британийн хэвлэлд мэдээлснээр, тус улс Фолклендын арлууд руу атомын шумбагч хөлөг онгоцуудаа илгээхээр болсон билээ. Хөлөг онгоцуудын түрүүч нь ирэх дөрөвдүгээр сард буюу Их Британи, Аргентины хооронд 1982 онд болсон дайны 30 жилийн ой тохиох үеэр тухайн арлуудад хүрэлцэн очих бололтой. Британийн БХЯ-ны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжуудын мэдээлснээр, Өмнөд Америкийн зүүн өмнөд эргийн орчимд эргүүл хийх үеэрээ шумбагч онгоцууд наад зах нь хоёр удаа арлуудын нийслэл Порт-Стэнли хот руу орох ажээ.

Киршнерийн хэлснээр, аргентинчууд арлуудыг зөвхөн дипломат арга замаар хяналтдаа бүрэн авахаар төлөвлөж байна. Тэрбээр Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандаж, байдлыг улам түгшүүртэй болгохоос зайлсхийж, маргааныг эв зүйгээр зохицуулах боломж олгохыг хүсчээ.

Их Британийн БХЯ Өмнөд Америкийн эрэг рүү шумбагч онгоц илгээх тухай мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Британийн хунтайж Уильям хоёрдугаар сарын 2-нд Фолклендын арлуудад очсон бөгөөд тэрбээр зургаан долоо хоног хатан хааны Агаарын цэргийн хүчний аврах нисдэг тэрэгний нисэгчээр алба хаах ажээ.

З.Амгалан