sonin.mn
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс улсын төсөвт  3.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна.
 
Өнгөрсөн сарын эцсийн байдлаар Ашигт малтмалын газар 4.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлснийг Уул уурхайн сайд онцлов. Тодруулбал  улсын төсвийн  хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрөөс  83.1 сая төгрөг, бусад орлого 934 сая төгрөгт хүрчээ.
 
Харин Газрын тосны газраас 14.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Ингэхдээ газрын тосны орлого 14.7 тэрбум төгрөгт хүрч, бусад орлого 60.5 сая төгрөг болжээ.
 
Уул уурхайн салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын олборлолт, экспортыг авч үзвэл энэ оны эхний сард манай улс 1.1 сая тонн нүүрс, 132.9 мянган тонн зэсийн баяжмал, 0.4 мянган тонн молибдений баяжмал, 18.2 мянган тонн жонш, 343.3 мянган тонн төмрийн хүдэр, нэг тонн алт, есөн мянган тонн цайр, 690.7 мянган баррель газрын тос олборлож экспортолжээ. Харин нүүрс, жоншны экспорт төлөвлөгөөндөө хүрээгүй байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг